Төрийн өмчит 25 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталжээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийн бодлого чухал байр суурь эзлэж байна. Төрийн бүтээмжийн бодлогын хүрээнд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, бүтэц орон тоог өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн цомхотгох, чадавхжуулах тухай асуудал чухал байна. Энэ нь Хэмнэлтийн хуулийн агуулгатай нийцэж байгаа. 2022-2023 онд Хөрөнгийн биржээр дамжуулан 25 компанийг олон нийтийн хяналтад оруулахаар УИХ-д Засгийн газар өргөн барьсан. УИХ үндсэн чиглэл баталсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ 25 аж ахуйн нэгжийн жагсаалтыг баталлаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал, Мэдээлэл холбооны сүлжээ компани, Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг 25 компанийн 34 хүртлэх хувийг нээлттэйгээр олон нийтийн хяналттай болгох процессыг эхлүүлж байна. Өнөөдрийн хурлаар дээрх ажлыг ямар үе шатаар, яаж хэрэгжүүлэх вэ гэдийг хэлэлцсэн. Бид 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаагаад тэргүүн ээлжинд Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтэд нээлттэй арилжина. Мөн 2023 оны нэгдүгээр улиралдаа багтаагаад Монголын цахилгаан холбоо компанийн 34 хувийг олон нийтэд нээлттэй болгоно” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)