Наадам арав гаруйхан хоногийн дараа болно. Энэ удаагийн наадам маань наадам шиг болоосой гэж хүсэх юм. Хүсэхийн учир мөнгөтэй хүмүүс гаднаас эрлийз адуу худалдан авч түүнийгээ үндэсний их баяр наадамд уралдуулж түрүү, үзүүр булаалцалдаж байгаатай холбоотой.
Эрт цагаас эдүгээ үе хүртэл монгол морь нь бидний өв соёл, үндэсний түүхийн салшгүй нэгээхэн хэсэг болж ирсэн. Гэтэл жилд ганц болдог үндэсний их баяр наадмаар зөвхөн монгол морио уралдуулж чадахгүй байна. Иймд үндэсний их баяр наадмаар зөвхөн монгол морь уралдуулах боломжтой эсэх мөн УИХ-аар батлах гэж буй Үндэсний их баяр наадмын хуулийн төсөлд эл асуудлыг хэрхэн тусгасан талаар хөндлөө.
Наадмаар зөвхөн монгол адууг уралдуулах боломжтой юу?
Үндэсний их баяр наадмын тухай хуульд эрлийз адуу наадмаар уралдана гэх зүйл, заалт огтоос байхгүй. Гэвч жил бүрийн баяр наадмаар эрлийз адуу уралдан байр, шагнал хүртэж буйг морь судлаач, шинжээчид хэлдэг. Энэ явдал тасрахгүй байгаа нь наадмаар уралдаж буй морьдыг эрлийз, монгол адуу гэж ялгаж чадахгүйд байгаа юм.

Морио ялгаж чадахгүй байгаа нь уяачдын хагаралтай холбоотой

Улс төрч, бизнесменүүдийг уяачдын холбооноос “хол” байлгах зохицуулалт хэрэгтэй байна. Ингэж чадвал тус олон холбоо цөөн болж хэн нэгний эрх ашгийн төлөө бус уяачийнхаа төлөө дуугарах буй.
Монгол морь, эрлийз адууг хамт уралдуулж болохгүй хоёр шалтгаан

Үндэсний их баяр наадмын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн “олз”
Уг хуулийн төсөлд олон асуудлыг журмалсан ч нэгэн чухал заалт байна. Тус заалт амьдрал дээр хэрэгжвэл олон жил маргаан дагуулж буй эрлийз, монгол морины асуудлыг бүрэн шийдэж чадах юм. Тус хуулийн заалтыг энгийнээр тайлбарлавал монгол адууны цусны геномын дарааллыг тогтоосон стандартыг бий болгох аж. Ингэснээр наадмаар уралдах мориноос дээж авч тус стандартад нийцэж буй эсэхийг шинжилж цаашлаад монгол морь мөн эсэхийг тодорхойлж чадах аж. Энэ нь 2025 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд тэр болтол улс орон даяар тархаж буй монгол адуунаас дээж цуглуулж нэгдмэл итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх гэнэ. Гэтэл монгол морины геномын дарааллыг тогтоосон стандарт Монголд байгаа аж. Ингэхдээ хоёр жилийн өмнө хамгийн олон адуутай гэгдэх 10 аймгийн адуунаас генийн шинжилгээ авсан байжээ. Энэ талаар судалгааг нь гардан хийж байсан Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц мэдэгджээ. Тэрээр “Монгол Улсын хамгийн олон адуутай гэгддэг 10 аймгийн, 10 суманд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААИС, Мал эмнэлгийн төв лаборатори, Нийслэлийн мал эмнэлэг зэрэг байгууллагын мэргэжлийнхэн очиж хэмжилт хийсэн. Ингэхдээ сум тус бүрээс 150 адуунд хэмжилт хийж, хуучин Зөвлөлт-Монголын эрдэмтдийн хийсэн судалгаан дээр дүгнэлт гаргаж, таван шатны эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний эцэст, Стандартын хороогоор батлуулсан. Үүн дээр хөрөнгийг нь шийдээд өгчихвөл бэлтгэгдчихсэн мэргэжилтэн, судлаачид байгаа” гэв.