Хүү мэндлэхэд “Эх орноо манах хүүтэй боллоо” гэж баярладаг ард түмэн байлаа, бид. Голомт залгах хүүтэй боллоо гэж биш эх орноо хамгаалах үртэй боллоо гэж түрүүлж жаргадаг байсан юм. Харин одоо бид нийтээрээ “Хүүгээ л цэрэгт битгий явуулаарай” гэх. Эр цэргийн алба хаах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхэм үүрэг ч “Цэрэгт мордуулахгүй” гэх аав, ээжийн сэтгэл бол буруутгахын аргагүй “хууль бус” зөвтгөл. Үнсээд үдсэн халуун зүрхт үр нь хүв хүйтэн цогцос болж, эсвэл эрэмдэг болж, насааараа “дутуу” амьдрах хатуухан тавиланг дагуулан ирж байхад яалаа гэж үрээсээ илүү эх орноо хайрлах билээ. Саяхан Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг танилцууллаа. Тайланд дурдсанаар сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, ес нь дотоодын цэрэгт хамааралтай байна.
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл 526 дахь дугаарт багтсан онцлох сэдвүүдийг танилцуулж байна.