АНУ, Их Британи, Япон, Австрали, Шинэ Зеланд улсууд Номхон далайн бүсэд Partners in the Blue Pacific (PBP) нэртэй эвслийг үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, арлын улс орныг дэмжих зорилготойгоор байгуулсан тухай Цагаан ордон мэдээлэв.
Шинэ холбооны тэргүүн зорилго нь Номхон далайн бүсийн хөгжлийг дэмжихээс гадна дэлхийн бусад орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал болж буй.
Мөн Номхон далайн арлын орнуудын чуулгаас боловсруулж байгаа 2050 хүртэлх улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, экологийн асуудлуудыг тусгасан үзэл баримтлалыг танилцуулах юм. Уг баримт бичгийг шинэ эвслийн удирдагчдын ирэх сард болох дээд хэмжээний уулзалт дээр танилцуулан зарлах ажээ.
Тэгвэл Япон, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос улсууд НАТО-гийн дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн Азид шинэ холбоо байгуулах талаар ярилцаж байгаа гэсэн мэдээ гарчээ.
АНУ, Австрали, Японы батлан хамгаалахын албад цэргийн хээрийн сургуулийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон нь зургаадугаар сарын 11-нд тодорхой болсон юм.