Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 526 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
НЭГ. Аль юм болгонд бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Аль юм болгонд бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ”. Нийтлэлийн “Титэм үг” болсон эшлэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний салбараа гаднаас хараат бус, дотоодоосоо 100 хувь хангадаг болгох” асуудлаар УИХ-ын гишүүдэд хандаж хэлсэн үгнээс авлаа. Үнэхээр хийе, бүтээе, болгоё гэж шулуудсан хүний үг хэмээн ойлгож, нийтлэлийн утга санаатай ч авцалдахыг нь бодож баяртайгаар сонгосон юм. Хоол хүнсний хангамж дэлхий нийтийн өмнө тулгамдсан гол сорилт болж байгаа талаарх нийтлэлүүдийг бид өмнөх дугаарууддаа нийтлэсэн тул энэ удаад тоо баримт дурдаж зовоолгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тустай байж мэдэх санаанууд, иргэдийн идэвх санаачилга чухал гэсэн агуулгыг илэрхийлэхийг зорив.
Х.Батсайханы "Хүнсний үйлдвэрлэл хүрээгээ тэлэх цаг" нийтлэлээс
ХОЁР. Яалаа гэж үрээсээ илүү эх орноо хайрлах билээ
Хүү мэндлэхэд “Эх орноо манах хүүтэй боллоо” гэж баярладаг ард түмэн байлаа, бид. Голомт залгах хүүтэй боллоо гэж биш эх орноо хамгаалах үртэй боллоо гэж түрүүлж жаргадаг байсан юм. Харин одоо бид нийтээрээ “Хүүгээ л цэрэгт битгий явуулаарай” гэх. Эр цэргийн алба хаах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхэм үүрэг ч “Цэрэгт мордуулахгүй” гэх аав, ээжийн сэтгэл бол буруутгахын аргагүй “хууль бус” зөвтгөл. Үнсээд үдсэн халуун зүрхт үр нь хүв хүйтэн цогцос болж, эсвэл эрэмдэг болж, насааараа “дутуу” амьдрах хатуухан тавиланг дагуулан ирж байхад яалаа гэж үрээсээ илүү эх орноо хайрлах билээ.
О.Эрдэнэчимэгийн "Буруутгах аргагүй “хууль бус” зөвтгөл" нийтлэлээс
ГУРАВ. Эдгэрсэн нь өгч сурсан, эмнэсэн нь авч дассан
Эдгэрсэн нь өгч сурсан, эмнэсэн нь авч дассан хандлага эрүүл мэндийн салбарт ховхрох аргагүй “бугласан” нь нууц биш. Өвчнийг нь илаарьшуулж, үхлээс гэтэлгэсэн нэгэнд өөрийн амиар өртэй хэмээн бодож буй түмний сэтгэлийг буруутгах аргагүй. Гэхдээ нэг нь авч, нөгөө нь өгч дадсан эл байдлын балгаар мөнгөгүй хүн эмнүүлэх эрхгүй тогтолцоог бид “бойжуулж” байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар дахь авлигын гинжин хэлхээг улам бэхжүүлж буй юм. Трансперенси Интернейшнл олон улсын байгууллага аль салбарт авлига, хүнд суртал хамгийн элбэг байгааг судалсан байдаг. Тус судалгаанд оролцсон иргэдийн 60 орчим хувь нь эрүүл мэндийн салбарт хээл, хахуулийн асуудал хамгийн түгээмэл байдаг гэж хариулсан байна.
О.Даваасүрэнгийн “Эмнэх” шаардлагатай эрүүл мэндийн салбар нийтлэлээс
ДӨРӨВ. “Миний Монгол” гэх сэтгэлээс илүү “Миний нийслэл”, “Миний хөдөө” гэсэн сэтгэл УИХ-ын гишүүдээс ундарч байна
"Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тэд тангараг өргөж, төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, төрийн далбаандаа мөргөдөг юм. Тухайн УИХ-ын гишүүн хаанаас, аль ч тойргоос сонгогдсон бай ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах ёстой гэсэн үг. Гэтэл УИХ-ын гишүүд нь хот, хөдөөгөөрөө хуваагдаж улсын нэгдсэн бодлого алдагдсаар байна. Товчхондоо “Миний Монгол” гэх сэтгэлээс илүү “Миний нийслэл”, “Миний хөдөө” гэсэн сэтгэл УИХ-ын гишүүдээс ундарч байна. Цаашилбал, “Миний тойрог, надад ирэх санал” л чухал гэсэн явцуу бодолтой байгаа нь нууц биш. Түүнийгээ хот, хөдөөгийн хөгжлөөр халхавчлан нэгдэцгээж байна.
С.Шийлэгтөмөрийн "Хэний ч биш хот, хөдөөгийн Монгол" нийтлэлээс
ТАВ. Хүлээн зөвшөөрөгдөх өрсөлдөөн
Шинэ мянганы спорт гэгдээд буй цахим спорт дэлхийн тоглоомын зах зээлд минут секунд бүрээр хэмжигдэн хөгжиж байна. Уг спорт нь уламжлалт спортоос ялгарах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, цахим спорттоглогчид виртуал орчинд нас, хүйс, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өрсөлдөж болдог давуу талтай. Мөн өндөр, хүчтэй, туранхай, хурдан байхаас үл хамаардаг гэдгээрээ онцлог. Энэ талаараа шатрын спорттой төстэй гэж спорт сонирхогчид үздэг. Учир нь, шатар, цахим спорт хоёр нь бусад уламжлалт спорттой харьцуулахад биеийн хөдөлгөөн бага шаарагддаг спортын төрөл юм. Гэсэн хэдий ч бусад спортын төрлөөс илүү толгой ажиллуулж, сэтгэн бодох чадвар шаарддаг. Гэхдээ цахим спорт нь шатраас хэдэн зуу дахин хурдтай сэтгэхийгшаарддаг.Учир нь, маш олон үйлдлийг зэрэг хийх, дараагийн үйлдлийг тооцоолох, багаараа тактик зохиох зэрэг цөөнгүй ур чадвар хэрэгцээтэй байдаг бөгөөд эдгээр нь тархины хөгжилд эерэг нөлөөүзүүлдэг нь судлагдсан байдаг.
И.Сарангоогийн "Хязгааргүй орон зай буюу цахим спорт" нийтлэлээс
ЗУРГАА. Цоорхой хуулийн дагуу олгогдож буй цол
Өнгөрсөн жилийг хүртэл наадамд зодоглож, найранд дугараа өргөөд л цэрэг, цагдаагийн цол зүүчихдэг байв. Энэ явдал нь мэргэжлийн армийн ноён нуруу болсон офицерын бүрэлдэхүүний алба хаах хүсэл зориг, итгэл үнэмшлийг бууруулж байсан тул Ерөнхийлөгч “номыг нь үзэж ногоотой шөлийг нь уугаагүй” хүнд цэрэг цагдаагийн өндөр албан тушаал олгох үйл явдлыг хориглох тухай зарлиг гаргаж байлаа. Тус зарлиг нь маргаантай байсан хэдэн асуудлуудыг шийдэж өгсөн ч хуулийн цоорхой гаргасан учир одоог хүртэл цолыг тойрсон маргаантай асуудлууд нийгэмд хэвээр буй. Үүнийг дуучин Б.Анхбаярт хугацаанаас нь өмнө хошууч цол олгосон явдлаас харж болно. Дуучинд хошууч цол олгосон явдалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд Б.Анхбаярт хошууч цолыг өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав дараах тайлбар хийсэн юм. Тэрээр “Бид Цэргийн албаны тухай хуулийн дагуу цол олгодог. Шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтэнд амжилтаар нь цэргийн цолыг хугацаанаас нь өмнө өгч болно. Энэ дагуу чуулгын даргаар томилогдсон дуучин Б.Анхбаярт хошууч цол олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга дэд хурандаа хүртэл цол олгох эрхтэй” гэсэн юм.
Ж.Лувсан-Ёнпонгийн "Мөрдэсний үнэ цэнэ" нийтлэлээс
ДОЛОО. Мексик, Бразил, Колумби, Филиппинд хүний эрх хөсөр хаягдав
Хоёрхон сарын хугацаанд 36000 иргэнээ баривчлан шоронд илгээсэн Эль Сальвадорын Засгийн газрыг Эмнести Интернэшнл байгууллага хүний эрхийг уландаа гишгэсэн хэмээн буруутгалаа. Өнгөрсөн гуравдугаар сард хар тамхины бүлэглэл хооронд цус урсгасан тулаан өрнөж нэг өдөр 87 хүн амиа алдсаны дараа Эль Сальвадорт онц байдал тогтоосон юм. Дэлхийд гэмт хэргийн гаралтаар толгой цохьдог Төв Америкийн энэ жижиг улсын хүн амын хоёр хувь нь өдгөө торны цаана сууж буй. Гагц Эль Сальвадор ч бус “Хар тамхины” нэртэй үргүй дайны далбаан дор Мексик, Бразил, Колумби, Филиппинд хүний эрх хөсөр хаягдаж, хууль цаазгүй хомроглон устгал газар авсаар.
С.Лхагвасүрэнгийн "Хар тамхины дайны сүүдэр" нийтлэлээс
НАЙМ. Унтахын өмнө идсэн хоол хор болно
М.Пүрэвжав: -Зөв хооллолт гэдэг нь юуг, хэзээ, хэрхэн боловсруулж идэх тухай ойлголт. Жишээ нь, хичнээн шим тэжээлтэй ч байсан унтахын өмнө идвэл хоол биш хор болно. Сүү цагаан идээ, үр тариа, мах, жимс, ногоо гээд таван бүлэг хүнсийг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэх нь зөв хооллолтын үндсэн ойлголт юм. Учир нь, энэ таван бүлэг хүнсийг идэж байж уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс гээд шим тэжээлийн бодисуудаа бүгдийг нь авч чадна. Аль нэг төрлийг нь огт хэрэглэхгүй байхад тэр бүлэг хүнснээс авах шим тэжээлийн бодис дутна гэсэн үг. Ямар хоол идэж байгаагаас эрүүл мэнд шалтгаална.
Г.Хонгорзулын хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай хийсэн ярилцлагаас
ЕС. Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна
Ө.Уянга: -Н.Норовбанзад гуайн урын санд маш олон бүтээл байдаг ч “Уяхан замба тивийн наран” дуугаараа алдартай. Тиймээс шууд л энэ дууг сонгосон. Миний хувьд ардын дуу болон уртын дуу сонирхож байсан. Зүрх сэтгэлд ер нь их ойр. Уртын дуу сонсдог, ганц нэг дуу дуулж үздэг байсан. Оюутан байхдаа жуулчдад зориулж уртын дуу дуулдаг байлаа. Тийм учраас надад арай ойр байсан. Гэхдээ л номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй гэдэг утгаараа багагүй ажиллагаа орсон.
О.Эрдэнэчимэгийн “Яг түүн шиг 2022” шоуны найм дахь дугаарын ялагч, гавьяат жүжигчин Ө.Уянгатай хийсэн ярилцлагаас