Монгол Улсад дээш харвал агаарын бохирдол доош ширтвэл хөрсний бохирдол нүүрлэснээс үүдэж биднийг өмхий монголчууд гэж дуудах дээрэнгүй хоч гарч байв. Хөрсний бохирдлыг үүсгэгч гол хүчин зүйл нь гэр хорооллын нүхэн жорлон. Саяхан орсон хур бороо нийслэлчүүдийг усанд автуулж, нүхэн жорлонгийн лаг шаврыг тараах үндэс болоод буй. Гэвч бид байгалийн зүй тогтлыг өөрчилж чадахгүйгээс хойш нүхэн жорлонгийн асуудлаа нэн түрүүнд шийдэх хэрэгтэй болоод байна.
Нүхэн жорлонгийн байгаль экологи, хүний биед үзүүлэх хорт чанар нь агаарын бохирдлоос хэд дахин өндөр хор уршигтай. Хамгийн сүүлд буюу 2020 онд хийсэн судалгааны дүнгээр Монгол Улсад шаардлага хангасан 333 мянга 560 ариун цэврийн байгууламж, шаардлага хангаагүй 442 мянга 344 жорлон байна гэсэн тоо гарсан. Энэ дүнгээс харахад манай улсын нийт хүн амын 63 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна гэсэн үг.
Нүхэн жорлон жил ирэх тусам нэмэгдсээр ...
Дулааны улирал эхэлж, хур бороо орохтой зэрэгцээд задгай жорлон, үйлдвэрийн бохир, химийн хорт бодис нэгдэж газарт шингэж хөрсийг бохирдуулсаар байна. Тухайлбал, аммоний, фосфор нь гадаргын болон газрын доорх усыг бохирдуулдаг бол E.Coli, Salmonelle нь гэдэсний халдварт өвчин болох цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал үүсгэдэг аж. Мөн хамгийн чухал нь экологийн асуудал билээ. Бохирдсон хөрс эргэж сэргэхдээ маш их хугацаа зарцуулдаг бөгөөд хөрсний өнгөн хэсэг 0-30 см үүсэж бий болоход дунджаар 1000 жил шаардагддаг байна.
ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог байна.Тус судалгаагаар нийслэлийн 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрчээ. Мөн нүхэн жорлонгийн ойр тойронд 10-12метрийн радиуст энэ бохирдол хамгийн элбэг тархаж, хүний хөл, салхиар зөөвөрлөгдөж тархдаг бөгөөд бохирдол нь хөрсний гүнд 6-10 метр нэвчсэн болохыг нүхэн жорлонгийн орчимд хийсэн өрөмдлөгийн дээжээс илрүүлсэн байна. Түүнчлэн гэр хороолол газрын өндөрлөг хэсэгт байрладгаас шалтгаалан бохирдол үерийн усаар зөөвөрлөгдөж голын сав дагуу гүний усанд нэвчиж ундны усыг бохирдуулах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн нүхэн жорлонг удаан хугацаанд ашиглах нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэйгөөс гадна хүүхдийн эрүүл мэндэд маш их хор уршигтай. Хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчинд 0-4 хүртэлх насны хүүхдүүд өртөх нь их байдаг аж. Хүүхдийн нарийн гэдсэнд байршсан нян гэдэсний ханын дархлааны хариу урвалд нөлөөлөн гэдэсний эмгэг үүсгэдэг ажээ. Улмаар нарийн гэдэсний хатангиршил болж идэж буй хоол унднаасаа ашигтай тэжээлээ шимж авах чадвар нь буурдаг аж. Мөн хар тугалганы бохирдлоос үүдэн мэдрэл, элэг бөөр, зүрх судасны өвчин үүсгэдэг гэдгийг эмч нар хэлж буй. Цаашлаад хөрсний бохирдлоос үүдэн насанд хүрэгчдийн хувьд даралт ихсэх, цус багадалттай болох сөрөг нөлөө зэрэг тоймгүй олон эрүүл мэндийн эрсдэлийг бий болгодог байна.
Нүхэн жорлонгоосоо салах олон шийдэл бий. Гэвч түүнийг шинэчилнэ гэдэг ганц хүн яриад шийдчих зүйл биш, ганц засаг ухасхийгээд хийчих зүйл биш. Маш их цаг хугацаа, хөрөнгө оруулалт, чанартай судалгаа, хамтын хэлэлцүүлэг, шийдэл шаардагдана.
Бидэнд арга зам гарц бий юу?
Манай улс эрс тэс уур амьсгалтай орнуудын нэг бөгөөд халуун, дулаан уур амьсгалтай газар сайн ажилладаг олон ариун цэврийн байгууламжийг хүйтэн бүсэд барих эсвэл ажиллуулахад өртөг их эсвэл нарийн төвөгтэй байдаг учир нийслэл хотын ариун цэврийн байгууламжийг сайжруулахад хөрөнгө мөнгө, технологийн сонголтууд хязгаарлагдмал байна. Гэсэн хэдий ч нэн даруй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, систем бидэнд хэрэгтэй. Энэ талаар Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн ариун цэврийн байгууламжийг сайжруулахад тулгарч буй асуудлууд ба боломжууд судалгаанд дурдсан байна.
Үүнд :
• Үндэсний хэмжээний нэг байгууллагад Монгол Улсын бүх иргэдийн ариун цэврийн байгууламжийг хариуцуулах ба салбарыг дэмжих орчныг бүрдүүлэх, салбарыг зохицуулах болон хянахад шаардлагатай эрх мэдэл, нөөц, хүчин чадлыг олгох. Улмаар тус байгууллага нь бусад оролцогчидтой хамтран ариун цэврийн байгууламжийн институцийн тогтолцоо, санхүүжилтийн бүтэц, зохицуулалтын орчны зохион байгуулалтыг үргэлжлүүлэн шинэчилж хөгжүүлэх хэрэгтэй.
• Бохирын шугамд холбогдсон болон холбогдоогүй ариун цэврийн байгууламжийг оруулан Улаанбаатар хот даяар хотын ариун цэврийн асуудлыг хотын нэг байгууллагад хариуцуулан,хуваарилах эсвэл нэг байгууллагыг бий болгох хэрэгтэй ба уг байгууллагад гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулахад шаардлагатай нөөц, эрх мэдэл олгох.
• Хотын түвшний хариуцсан байгууллага нь ялгадасны лагийн менежментийг хийж, эрэлт одоогийн багтаамжийг давж гарахаас өмнө ялгадасны лагийн менежментийн стратеги ба төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй.
• Салбарын дэмжих орчныг бүрдүүлэхийн хажуугаар Улаанбаатар хот нь дүүрэг, хороодтойгоо хамтран нүхэн жорлонгийн сайжруулалт болон эрүүл ахуйн үр дүнтэй зан үйлийг тодорхойлох, дэмжих хөтөлбөрийг боловсруулж, санхүүжилт хийж, хэрэгжүүлж болно. Үүнд ариун цэврийн байгууламжийн технологийн сонголтууд, тэдгээрийн зардал, засвар үйлчилгээний шаардлага,бусад мэдээллийн талаар хэрэглэгчдэд мэдээлэх орно гэж үзжээ.
Эцэст нь нүхэн жорлонгийн асуудал зөвхөн гэр хорооллын айлуудад бус бид бүгдэд хамаатай асуудал. Зуны улирал эхлэхтэй зэрэгцээд стандартын бус нүхэн жорлонтой өрх бүрийн ялгадас үерийн усаар дамжин тархаж хөрс, усыг нянгаараа бохирдуулсаар.
Иймд энэ асуудлыг бүх талд цогцоор нь системтэй шийдэх арга замыг гаргах нь нийслэлчүүд бидэнд маш чухал байна. Мөн цаашид гэр хорооллыг бүхэлд нь орон сууцаар хангах урт хугацааны ажлыг эрчимтэй өрнүүлж, харьцангуй хямд төсөв зардалтай, сайжруулсан жорлон барьж ашиглах нь нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд асар том хөрөнгө оруулалт болох юм.