ЭРХ ЧӨЛӨӨ БА АЙДАС: Америкийн галт зэвсгийн соёл

Майкл Мурын 2002 онд бүтээсэн “Колумбины боулинг” нэртэй баримтат кино Оскарын шагнал хүртэсний зэрэгцээ Америкийн нийгэм дэх хүчирхийллийн мөн чанарыг зад илчилж дуулиан тарьж байв.

1999 онд Колумбины ахлах сургуулийн хоёр сурагч буугаар зэвсэглэн 14 хүнийг ямар ч шалтгаангүйгээр хөнөөсөн хэргийн мөрөөр сурвалжлахдаа Майкл Мур хүн бүр галт зэвсэг эзэмших онцгой эрх үхлийн тахал болтлоо ужгирч улдсаныг шүүмжилсэн юм. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн гоц бүтээлд тооцогддог дээрх баримтат кино Америкийн нийгэмд цочрол өгсөнөөс хойш 20 жил өнгөрөхөд юу ч 2022 оны тавдугаар сарын 15-нд НьюЙорк мужийн Баффало хотын супермаркетад зэвсэглэсэн этгээд 10-аад хүний аминд хүрсэнээс ердөө аравхан хоногийн дараа Техас мужийн Увалде хотын Робб бага сургуульд буутай этгээд халдаж хоёр том хүн, 19 балчир сурагч амиа алдлаа. Олон хүний амийг нэг дор хөнөөсөн хэрэг явдлаас хойш ердөө дөрөв хоногийн дотор АНУ даяар 300 гаруй их бага хэмжээний буудалцаан болж, 124 хүн амиа алдаж, 325 хүн шархадсан болохыг GunViolenceArchive.org-ийн тоо баримт харуулна. Удирдагчид нь дэлхийн “цагдаа” болохоор улайрч тусгаар улсуудын нутаг дэвсгэрт дайны гал өрдөж явах зуур эрх чөлөөний өлгий нутаг ийнхүү дотоодын терроризмдээ улам гүн шигдсээр.

Үндсэн хуулиар олгогдсон эрх

“Иргэн хүн холбооны улсын нутаг дэвсгэр дээр өөрийн амь нас, өмч хөрөнгийг зэвсэг эзэмшиж хамгаалах эрхтэй”

АНУ-ын Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт

1791 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсноор АНУ-ын иргэд галт зэвсэг эзэмших эрх нээгдсэн. Гэхдээ холбооны улсын муж тус бүр өөрийн дүрэм, журмыг дагаж мөрдөнө. Америкийн 51 мужаас 30 мужид нь иргэн бусдаас далдалсан байдлаар биедээ галт зэвсэг авч явах, гэртээ хадгалахыг зөвшөөрдөг бол Жоржиа мужийн оршин суугч бүр гэртээ заавал гар буутай байхыг хуулиар шаарддаг. Харин Аляска, Вермонт зэрэг мужид галт зэвсэг худалдан авах, биедээ авч явахад ямар ч тусгай зөвшөөрөл , хязгаарлалт үгүй. Ерөнхийдөө сэтгэцийн хувьд эрүүл, эрх зүйн чадамжтай, насанд хүрсэн америк хүн бүр зэвсэг эзэмших эрхтэй. Европчууд шинэ тивд суурьшин хоол хүнсээ олох, амь насаа хамгаалахаар буу ашиглаж эхэлсэнээр Америкт бууны соёл дэлгэрсэн гэж үздэг. Уугуул индиан иргэдийн довтолгооноос хамгаалахын зэрэгцээ тариалан аж ахуйдаа халдах зэрлэг ан амьтдын эсрэг буу ашиглах нь цагаан арьстнуудын анхдагч хэрэгцээ байв. Өнөөдөр АНУ-д галт зэвсэг худалдаалах зөвшөөрөлтэй 130 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эндээс зэвсэг худалдан авахын тулд иргэний үнэмлэх, зэвсэг худалдан авч болно гэсэн шүүхийн батламж байхад л хангалттай. Орчин цагт олон нийтийн газар, сургуулиудад халдлага гарах бүрд галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах, хяналтыг сайжруулах асуудал сөхөгддөг ч тэгсгээд л замхарна. Галт зэвсэг чөлөөтэй эзэмших асуудал дээр америкчуудын санаа бодол хоёр хуваагдан талцдаг. Нэг тал нь буу зэвсэг чөлөөтэй ашигласнаар гэмт хэрэг, хүчирхийлэл гаарч байгаа гэж шүүмжилдэг бол нөгөө хэсэг нь галт зэвсэггүй бол иргэд биеэ хамгаалах чадваргүй болж, гэмт хэргийн улмаас амь хохирогчдын тоо улам өснө гэж үздэг. Тэдний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу галт зэвсэг эзэмших нь хувь хүний эрхийн найдвартай хамгаалалт, ардчиллын баталгаа ажээ.

Буун дуу-Нүцгэн тоо

Швейцарьт төвтэй Зэвсэг судалгааны хүрээлэн (SAS)-ийн тооцоогоор 100 америк хүн тутамд 120 буу ногдож байна. Иргэдийнх нь гар дээр байгаа галт зэвсгийн тоогоор Америктай эн зэрэгцэх улс одоогоор алга. 1982 онд Их Британи, Аргентины хооронд дайн өрнөсөн Фолкландын арлуудад 100 хүнд 62 буу ногддогоор нэгдсэн улсын дараа бичигдэнэ. Долоон жилийн турш иргэний дайнд нэрвүүлж буй Йемен улс гэхэд л 100 хүн тутамд 53 буу бүртгэгдсэн нь Америкийн хаана ч хүрэхгүй. Бүртгэлгүй зэвсэг, хууль бус худалдаа, дайн мөргөлдөөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан иргэний эзэмшлийн галт зэвсгийг тооцоолоход хэцүү ч дэлхийн даяар хүмүүсийн гар дээр бэлэн байгаа 857 сая бууны 393 саяыг нь АНУ-ын иргэд эзэмшиж буй. Энэ нь дэлхийн иргэний зэвсгийн нөөцийн 46 орчим хувь гэсэн үг. Америкчуудын 48 хувь нь гэртээ буу хадгалдаг бол галт зэвсэг эзэмшдэг иргэдийн 66 хувь нь нэгээс олон буутай. Тэд буугүй байхыг төсөөлөхөд ч бэрх хэмээн хариулдаг. АНУ-ын Архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын товчооны (ATF) мэдээлснээр 2018 онд 9 сая галт зэвсэг үйлдвэрлэсэн нь 2008 оноос даруй хоёр дахин нэмэгдсэн тоо. 2020- 2021 онд галт зэвсэг үйлдвэрлэгчид иргэний зах зээлд 139 сая буу нийлүүлжээ.

Жилд 100 000 хүн тутмын дөрөв нь зэвсэгт халдлагын улмаас амиа алддаг нь өндөр хөгжилтэй орнуудын дунджаас 18 дахин давсан үзүүлэлт юм.

АНУ-аас жил бүр 200 000 орчим галт зэвсэг Мексикийн хилээр гадагшилдаг. Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад гэмт хэрэг, хүчирхийллийг таслан зогсоох үед хураагдсан буу зэвсгийн 68 хувь нь Америкаас улбаатай. Хэдийгээр америкчууд аюулгүй байдлаа хамгаалах зорилготой хэмээн галт зэвсэг эзэмших эрхээ тунхагладаг ч буутай холбоотой нас баралтын 63 хувь нь амиа егүүтгэсэн тохиолдол байдаг гэсэн судалгаа бий. 2019 онд тус улсад 23 000 гаруй хүн өөрийгөө буудаж хөнөөсөн нь дэлхийн хэмжээнд буугаар амиа хорлосон хүмүүсийн 44 хувь ажээ.

Конгрессын босго давдаггүй хууль

Олон хүний амь хороосон халдлага гарсны дараа галт зэвсгийн хэрэглээг хатуу хязгаарлах, хянах тухай сөхөгдөж эхэлдэг жишгээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Конгресст хандан зэвсгийн хяналтын тухай хуулийг нэн даруй батлахыг уриаллаа. 200 гаруй жилийн өмнөх нэмэлт өөрчлөлтийг цуцлах санаа үе үе цухалдаг ч Үндсэн хууль дахь зэвсэг эзэмших эрхийг хязгаарлах нь хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэж ардчилагчид болгоомжилно.

Харин бүгд найрамдахчууд зэвсэг худалдаалах хяналтаа сайжруулж, иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, сургууль олон нийтийн газрын хамгаалалтыг нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг ч хуулийн төсөл орж ирэх бүрдээ Капитолын ордны босго давж чадалгүй гацдаг. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа тухайн үедээ галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар хэд хэдэн арга хэмжээ авсан ч Конгрессоос дэмжлэг авч чадаагүй. Харин Дональд Трамп эрх барьж байх үедээ сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст буу эзэмшүүлэхийг хориглох хуулийн төслийг л баталж чадсан билээ. Энэ удаад зөвхөн 21 нас хүрсэн иргэнд буу худалдах, зэвсэг худалдан авагчийн сэтгэлзүйн байдал, амьдралын нөхцөл байдлыг сайтар судлах, байлдааны зориулалттай эсвэл хагас автомат бууны худалдааг хязгаарлах, сургууль олон нийтийн газарт хамгаалалтаа нэмэгдүүлэх санал гарч буй. 2021 оны гуравдугаар сард Төлөөлөгчдийн танхим зөвшөөрөлгүй болон хувиар зэвсэг худалдаалагчдыг нягтлах, түүнчлэн бүх лицензтэй борлуулагчдад холбооны засгийн газраас суурь шалгалт оруулах хууль баталсан ч Сенатад очоод дарагдсан. Одоо Жо Байдены санал болгож буй галт зэвсгийн хууль ардчилагчид зонхилдог Төлөөлөгчдийн танхимаас дэмжлэг авч болох ч Сенатын танхимд хүчний харьцаа тэнцүү. Уламжлалаа баримтлагчдаас нэмж 10 хүний санал авч байж хууль баталгаажих тул Конгрессын босго давж чадахгүй нь нэгэнт тодорхой. 1977 оны завсрын сонгуулиас хойш Америкийн голлох хоёр нам аль нь ч олонх болж Сенатад зонхилж чадаагүй нь Галт зэвсгийн хууль урагш ахидаггүйн нэг шалтгаан.

Удаад нь АНУ-ын Үндэсний бууны холбоогоор дамжуулан зэвсэг үйлдвэрлэгчдийн хийдэг лобби хууль тогтоох түвшинд хүчтэй явагддаг нь нөлөөлдөг аж. Таван сая гишүүнтэй уг холбоог ердийн нэг төрийн бус байгууллага бус улсын бодлого, нийгмийн амьдралд хүчтэй нөлөөлөх цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой зүйрлэдэг. Галт зэвсгийн хяналтыг сайжруулах, Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлтийг өөрчлөх санаачилга гарах бүрийд Америк даяар зэвсгийн эрэлт илт нэмэгддэг нь тэдний нөлөө хэр ихийг харуулна. Ерөнхийлөгч Барак Обама зэвсгийн худалдааг хориглох санаачилга гаргаад 36 цагийн дотор худалдан авалтыг нь дээд түвшинд хүргэн бууны наймаачдаас “Хамгийн сайн борлуулалтын менежер” хоч авч байсан гэхээр америкчууд шүүгээн дэх буунаасаа тийм ч амархан татгалзах бодолгүй нь харагдана. АНУ-д гүрний зовлон бий. Гүрэн улсын нэгдмэл байдлыг хангах нь БНУ-ын нэгдмэл байдлыг хангахаас хавьгүй түвэгтэй нь ойлгомжтой. Эзэнт гүрний нэгдмэл байдлыг хангахын тулд хамгийн их ашигладаг арга бол “Бид нэгдэхгүй л бол гадаад дайсандаа залгиулна” гэсэн айдсыг нийгэмдээ бий болгох явдал байдаг. Тийм ч учраас АНУ-д ЗХУ-ын, БНХАУ-ын гэх мэт “аюул”-ыг бодож олон, хэт сүржинээр мэдээлдэг бөгөөд кино, мэдээлэлдээ аюулын талаар хэт их оруулдаг нь иргэдийн сэтгэлзүйд нөлөөлдөг байх талтай. Ингээд харахаар Америкийн галт зэвсгийн соёл гэдэг нь эрх чөлөөний дүртэй ч нийгмийн санаа бодлыг айдсаар хүлж тогтоох аргаас үүдсэн гажуудал гэлтэй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. АНУ гэж Ардчиллаар халхавч хийсэн ЖИНХЭНЭ ДАРАНГУЙЛАГЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХАРГИС УЛС.БҮХНИЙГ ЭЗЭГНЭХИЙГ ХЭНЭЭРХЭГЧ улс.Тиймээс ч энэ бодлоо гүйцэлдүүлэхийн тулд тайван цагийн 21 ЗУУНЫ ДАЙНЫГ ӨДӨӨГЧ,ӨӨГШҮҮЛЭН ДЭМЖИГЧ.МӨНХИЙН БУСДЫН ГАЗАР НУТАГТ САНААШИРЧ улс гүрнүүдийн дотоод үймээн самууныг дэгдээж ӨӨРӨӨ АШИГ ГОРИЛОГЧ ДЭЛХИЙН ХАМГИЙН "ХОГИЙН САВ"СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮЙТЭН ЦУСТ УЛС

    2 0 Хариу бичих