Хуванцрыг халах шийдэл

“Шарсан төмсөө идэж дуусаад кетчупны уутыг ч амтлаад үзээрэй…Буцалж буй усанд гоймонгоо ууттай нь хамт хийгээрэй”.

Эдгээр зааварчилгаа танд ойлгомжгүй санагдаж магадгүй. Тэгвэл Лондонд төвтэй “Notpla” стартап компани далайн замагт суурилсан хуванцар сав баглаа боодлыг дэлхий нийтэд танилцууллаа. 2014 онд үүсгэн байгуулагдсан тус компани энэ оны эхээр 135 сая ам.долларын санхүүжилт босгож чадсан нь үйлдвэрлэгчид хуванцар хог хаягдлын асуудлаа шийдэхэд нэг алхам ойртсон хэрэг болсон юм.

Замган уут

“Notpla” компанийн хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа усанд уусгаж, бордоо болгон заримыг нь шууд идэж ч болно. Одоогоор хоол амтлагч, цэвэр ус, кофе, дарсны уут зэрэг хүнсний зориулалтаас гадна ариун цэврийн цаас, угаалгын өрөөний уут сав санал болгож буй. Далайн замгаас гаргаж авсан хуванцраар хийсэн эдгээр бүтээгдэхүүнүүд богино хугацаанд байгальд бүрэн задарна. Нөгөөтэйгүүр замаг нь элбэг дэлбэг, хурдан ургадаг, газар тариалантай өрсөлдөх боломжгүй, агаараас нүүрстөрөгчийг шингээдэг тул дэлхийн хуванцар асуудлыг шийдвэрлэх арга зам байж болох талтай. Далай тэнгисээс олон төрлийн замгийг хурааж авах эсвэл тусгайлан тариалах боломжтой.

“Notpla”-ийн дизайны захирал Карлейн Сиббел

Далайн ургамалд тариалангийн талбай хэрэггүй, пестицид ашигладаггүй. Байгалийн жамаар усанд ургаж, төлждөг тул бусад организмд цэцэглэн хөгжих шинэ экосистемийг бий болгож чадна.

Компани үүсэн байгуулагдсан цагаасаа “Ellen MacArthur”-ийн сантай хамтран нэг порц шингэн агуулсан “Ooho” уутны төслийг хөгжүүлж буй. Шингэн хүнс агуулах хальсан уут “Ooho” одоо баруун Европт нэлээд алдартай болсон. 2019 оны Лондонгийн марафон гүйлтийн үеэр тамирчид ууттай нь залгиж болох устай анх танилцсан. Үүний дараа Европын хөгжмийн наадмын зочид эрч хүчний ундаа, жимсний коктейль агуулсан хальсан уутыг дуртайяа амталж байлаа. Санхүүжилтийн шинэ үе шат эхэлснээр “Ooho”-гийн үйлдвэрлэлийг үлэмж өргөтгөж далайн байцаанаас цаас, олон зориулалтай хальсан бүрхүүл гаргаж авахаар зорьж буй. Ийм цаасыг бэлэг, тавилгын боодол, хувцасны шошго, ариун цэврийн зориулалтаар ашиглаж болно. Харин хүнс агуулах хальсан бүрхүүлийг хоолны амталгаанд нэмэрлэхдээ эргэлзэх хэрэггүй. “Гоймонгоо ууттай нь хайруулын тавганд хийгээд үзээрэй. Бид савлагаандаа шинэ амт нэмж туршсан тул уут хайлж уусахдаа хоолонд амт нэмэхээс бус хор хүргэхгүй” гэж Карлейн Сиббел амлаж байна.

Өнгөрсөн жил тус компани замгаар хийсэн нэг удаагийн саваа “Just Eat” хоол захиалгын үйлчилгээгээр дамжуулан Их Британи даяарх зоогийн газруудад туршиж үзжээ. Нийтдээ 30 000 сав хэрэглэгчдэд хүрэхэд ямар нэгэн гомдол санал гарсангүй, мөн түргэн задарч, хэрэглэхэд хялбар байсан тул 2022 онд Европ даяар уг бүтээгдэхүүнийг санал болгохоор төлөвлөж байна.

Ганц “Notpla” бус хуванцартай хийж буй дэлхий нийтийн тэмцэл инженер, дизайнеруудыг хүнсний бүтээгдэхүүн савлахад ашиглаж болох өөр материал хайхад хүргэсэн. Өдгөө ургамлын гаралтай өөх тос, цардуул, модны үртэс, хүнсний хаягдлаас биопласт гаргаж авах туршилт эрчимтэй өрнөж буй. Харин Индонезийн “Evoware” нэртэй стартап компани нутгийн тариаланчидтай хамтран далайн байцаагаар хийсэн сав боодол, амтлагч, кофены уут, савангийн хайрцгийг хэдийнэ хэрэглээнд нэвтрүүлжээ. “Notpla”-тай адил технологиор бүтээдэг эдгээр бүтээгдэхүүнийг мөн л халуун усанд уусгаж, хүсвэл идэж ч болно.

Хуванцраас ангижрах өөр гарц

НҮБ-ын тооцооллоор дэлхий даяар жил бүр 331 сая тонн хуванцар хаягддаг. 1950-иад оны эхээр пластик үйлдвэрлэж эхэлснээр 9.1 тэрбум тонн хуванцар хог үүссэн ч тэдгээрийн 60 орчим хувь нь дахин боловсруулалтад орж амжилгүй хөрс, усанд нэвчин буй.

Дэлхийн экосистемд ноцтой хохирол учруулж буй хуванцар хог хаядлыг бууруулах чиглэлээр улс орнууд олон ажил өрнүүлж буйн нэг нь нийлэг уутны хэрэглээг бууруулах алхам. Улс орнууд ч эхнээсээ гялгар уут, хуванцар соруулаас татгалзаж байгаа нь сайн хэрэг. Хэрэглээг бууруулахын зэрэгцээ байгалийн өөрийнх нь өвөрмөц шинж чанарыг ашиглаж хуванцрыг халах шийдэл олсны нэг нь мөөгний тариалан ажээ. Aspergillus tubingensis нь дулаан орчинд үрждэг өндөр пигменттэй мөөг. Эхэндээ мөөг гэхээр анхаарал татахуйц зүйл биш мэт санагдаж болох ч эрдэмтэд онцгой нэг шинж чанарыг нь олж илрүүлсэн юм. Хуванцартай холбоотой хамгийн том асуудал бол полимеруудыг бүрэн задалж хөнөөлгүй болгох бараг л боломжгүй. Тэгвэл Пакистаны Куэйд-и-Азам их сургуулийн микробиологичдын баг Aspergil-lus tubingensis мөөг полиуретаныг (PU) задалдаг болохыг олж нээсэн билээ. Тэгэхээр хогийн цэгт хуванцар задлах мөөгний тариалан байгуулж болох нь.

Нидерландаас гарсан өөр нэг санаа бол PlasticRoad нэртэй төсөл юм. Тус улсын Зволле хотынхон хуванцар аяга сав, баглаа боодлыг шатааж, хогийн цэгт хаяхын оронд дахин боловсруулж дугуйн зам барьж байна. Эхний ээлжид дугуйн замын 70 хувьд дахин боловсруулсан хуванцар ашигласан бол дараагийн хувилбаруудад 100 хувь хуванцар ашиглахаар төлөвлөж буй. Ийм зам асфальтаас ч илүү бат бөх, суурилуулахад хугацаа бага, хүнд даацын тоног төхөөрөмж шаарддаггүй нь нүүрстөрөгч ялгаруулахгүй сайн талтай. Зволле дахь дугуйн анхны зам нь 30 метр урт бөгөөд 218,000 хуванцар аягыг дахин боловсруулж ашиглажээ.

Харин Америкийн экологичид далай тэнгисийн цэвэрлэгээг эрчимтэй хийснээр байгаль экологийн тэнцвэрийг хадгалж чадна гэж үздэг. Калифорнийн эргээс Хавайн арал хүртэл үргэлжилдэг Номхон далайн “Их хогийн нөхөөс” хэмээх талбай нь далай тэнгисийн усан дахь хамгийн том хуванцрын хуримтлал юм. 2018 онд энд хуримтлагдсан хаягдлын хэмжээ 80 000 тоннд хүрч байв. 24 настай зохион бүтээгч Боян Слатаар ахлуулсан инженерүүд энд “System 001” нэртэй далай цэвэрлэх системийг эхлүүлжээ. 600 метр урттай хөвөгчөөр далайн мандлаас 3 метрийн гүнд хуванцар цуглуулна. Компьютерийн тусламжтайгаар цэвэрлэх талбайн хэмжээ, зураглалыг гаргаж сар тутам хөвөгчөөр хог хамах туршилт ид явагдаж байна.

Хуванцар хог хаягдлын далай тэнгисийн амьдралд үзүүлэх хор нөлөө асар их. Зарим тооцоогоор 2050 он гэхэд далайн усанд загаснаас ч илүү хуванцар хөвөх магадлалтай. Хэрэглээг багасгах өөр нэг санаа нь арай илүү хийсвэр. Гэхдээ хуванцар хог хаягдлыг өндөр үнээр худалдаж авдаг “Пластик банк” байгуулах санаачилга зарим бүс нутагт бодит биеллээ олжээ. Хүмүүсийн цуглуулж тушаадаг хуванцрыг зах зээлийн үнээс өндрөөр үнэлж мөнгөнөөс гадна ахуйн хэрэглээний эд зүйл эсвэл сургуулийн төлбөр зэрэг үйлчилгээгээр сольж болно. Энэхүү төсөл нь ядууралтай тэмцэхийн зэрэгцээ хот суурингийн хог хаягдлын асуудлыг шийдэх давуу талтай. Цуглуулсан хуванцраа нийгмийн хариуцлагын хүрээнд ердийн зардлаас гурав дахин их мөнгө төлж, дахин боловсруулах чадамжтай корпорациудад борлуулна. Өөрөөр хэлбэл, хуванцрыг хаяхад хэтэрхий үнэтэй валют болгох нь банкны гол зорилго юм. Хаити, Бразил, Филиппин улсуудад Пластик банкны анхны салбарууд нээгдсэнээс хойш 50 сая кг хуванцрыг далайн усанд орохоос өмнө амжиж хөрөнгө болгож чаджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. GET RICH WITH BLANK ATM CARD ... Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich.(DWCHZONE@GMAIL.COM) I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 250,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer Email: dwchzone@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 WEBSITE: https://darkwebcycberhackers.com

    0 0 Хариу бичих