Ойн сангийн нэг хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллажээ.

Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3.691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газрыг байгуулсан юм. “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газар нь Монгол Улсад анх удаа тарьц үржүүлгийн хагас автомат буюу бортоготой тарьц бойжуулах “Патрик” системийг нэвтрүүлж, жилд нэг сая тарьц ургуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тарьц, суулгацын 100000-500000 ширхэг нөөцтэй.

Тус мод үржүүлгийн газарт Монголын Улаан номд орсон, ойн сангийн нэг хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлэх туршилт, судалгааг анх удаа амжилттай хийж, одоогоор 10 мянган тарьцын нөөц бүрдүүлсэн байна. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газартай хамтран жодоо модыг Сэлэнгэ аймгийн Хонин нугад тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)