Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 525 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох сэдвүүдээс танилцуулъя.

НЭГ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих өнцгүүд, бас эсэргүүцэх шалтгаан

Эрх мэдлийн төлөөх улс төрийг зогсоохгүйгээр ирээдүйн хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй. Тиймээс тогтолцооны хувьд нэг талдаа гарч авах нь Монгол Улсын ирэх 30 жилийн өнгийг тодорхойлох болчихоод байгаа юм. Шулуухандаа, Монгол Улс ямар засаглалтай цааш явахаа яв цав тодорхой болгох нь одоо чухал. 1992 оны Үндсэн хуулиар бид “эрэмдэг” парламентын засаглалыг л сонгож авсан. Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай яваад ямар ч үр дүн гарахгүй байгааг хангалттай ойлгох хэмжээний цаг хугацаа өнгөрсөн байна. Өдгөөг хүртэл үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрх мэдлээ булаацалдаж, улс төр, эдийн засагтаа тээг болж ирлээ. Энд хувь хүний гэхээс тогтолцооны л асуудал байна. Нэг нь ялсан намын дарга, нөгөө нь бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Аль аль нь өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй, ард түмэнд өгсөн амлалттай. Энэ нь л зөрчилдөөн үүсэх үндсэн нөхцөл болсоор ирсэн. Тиймээс энэ удаад улс төрийн бүхий л нам зөвшилцөлд хүрч, Үндсэн хуулийг өөрчилсөн тохиолдолд засаглалын хэлбэрээ сонгодог парламент руу оруулах зайлшгүй шаардлага байна.

Ч.Гангэрэлийн "Мексик болох уу, Канад болох уу?" нийтлэлээс

ХОЁР.  Ядууст ээлтэй нийгэм

Монгол Улс 2025 онд хүн амынхаа 80, 2030 онд 85 хувийг дундаж давхаргад хүргэх зорилтыг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа дэвшүүлсэн. Энэ нь дундаж давхаргаа дэмждэг, дундаж давхаргад ээлтэй нийгмийг цогцлооно гэсэн санаа. Гэтэл яг үнэндээ ядууст ээлтэй тогтолцоог хөгжүүлсэн. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үг бий. Төр засгаас хэрэгжүүлсэн халамжийн бодлого энэ үгийг “Хүүхэд гаргавал ам тосдоно”, “Хүнтэй суувал ам тосдоно” болгож өөрчлөх шахсан байна. Удахгүй “Баян хүнтэй явалдаж, яаж ийж байгаад хүүхдийг нь гаргавал ам тосдоно” ч болгож өөрчлөх сурагтай. Боловсролын салбарын цалинг сая шинэчлэхдээ удаан жилийн нэмэгдлийг байхгүй болгосон нь ч угтаа тууштай ажиллаж, хөдөлмөрлөх сэтгэл рүү ус цацаж байгаа нэг хэлбэр юм. Энэ жишээнээс харахад л 20, 30 жил шигдчихсэн халамжийн “намаг”-аас иргэдээ татаж гаргана, дундаж давхаргад шилжүүлнэ гэдэг сайнаар бодоод биеллээ гэхэд зурсан төлөвлөгөө, товлосон хугацаандаа яавч амжихааргүй нь харагдаад байх юм. Засгийн газраас халамж хүртдэг иргэдийн тоог багасгахын тулд тодорхой ажил хийж байна аа. Давхардсан халамжийг цэгцэлж, халамж авах шаардлагагүй буюу хууль бусаар халамжид хамрагддаг байсан этгээдүүдийг илрүүлэх ажлыг эхлүүлсэн. Чамгүй амжилттай яваад олны ам сайн байгаа. Гэвч олон жил аваад дасчихсан халамжаасаа салсан хүмүүсийг ажил хөдөлмөр хийх боломж бололцоогоор хангах, сэтгэлзүйг нь өргөх тал дээр давхар анхаарах учиртай.

Х.Батсайханы" Хүүхдийн зулай шиг эмзэг дундаж давхаргынхны сэтгэл зүй" нийтлэлээс

ГУРАВ. Худлыг түгээх улстөрч

Нийгмийн сүлжээнд хуурамч мэдээлэл түгээж буй хүмүүсийг ажил мэргэжлээр нь ангилж харвал улс төрийн алба хаагчид жин дарна. Хийнэ гэж ам гарсан ч шийдвэр нь хэрэгжээгүй болон олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдээлэл нь биеллээ олоогүй тохиолдолд тухайн алба хаагчийг түмнийг төөрөгдүүлж, худал мэдээлэл цацсанд тооцох нь ч зүй. Гэвч санаатай болон санамсаргүй байдлаар худал мэдээлэл түгээсэн болон төрийн ажлыг албажаагүй байхад ташаа мэдээлсэн алба хаагчид хариуцлага тооцох механизм манай улсад байдаггүй. Бүр ямар алба хаагч, юун тухай мэдээллийг урьтаж түгээж, худал мэдээллэл гэдгийг тооцож, тогтоох боломж ч хязгаарлагдмал байгаа юм.

О.Даваасүрэнгийн "Төрийн шийдвэрийг түрүүлж мэдээлэх дон" нийтлэлээс

ДӨРӨВ. “Esan” хиймэл оюун ухаанд суурилан бичвэрийг аудиод, уйгаржингаас кирилл рүү хөрвүүлэх систем дээр ажиллаж байна

“Esan” төслийг оюуны үйлдвэрлэлийн газар хэмээн нэрлэж болно. Учир нь боловсролын байгууллага, их, дээд сургуулиуд, номын сангуудын хувьд нэн чухал ач холбогдолтой бөгөөд энэ үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ном, сурах бичиг, гарын авлага, сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл, архивын болоод статистикийн лавлах материал, төр засгийн эрхзүйн баримт бичиг гээд маш өргөн хүрээний материаллаг баазын төвлөрсөн санг бий болгосноороо онцлог юм. Одоогоор “Esan-Үндэсний цахим сан”, их, дээд сургуулиудад зориулсан хуулбар шалгуурын систем бүхий “ESAN EDU-Боловсролын платформ”, “Docvert” байгууллагуудад зориулсан архивын платформ, жилд 130 сая хуудас материал цахимжуулах хүчин чадалтай “Content center” цахимжуулах үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байгаа юм. Энэ талаар “Степпелинк холдинг” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Одонтуяатай ярилцлаа.

ТАВ. Амьдрах бус “аргацаах”

Ийнхүү Монгол Улсын иргэд орлогынхоо 52 хувийг зөвхөн идэж уух хэрэгцээ буюу хоол хүнсэндээ зарцуулж байна. Харин үлдсэн хувийг нь байр, машины лизингдээ төлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл бид зөвхөн идэх гэдэг анхны хэрэгцээгээ хангаж амь зогоож байна. Харин бусад улс оронд наад захын хэрэгцээгээ 30-40 хувьд нь л төлж үлдсэн мөнгөөрөө хэрэгтэй, дуртай зүйлсээ хийхэд зарцуулах боломж гарч буй. Нийтлэлийн дээр дурдсанаар сонирхол, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд бидэнд хэр их хэмжээний хөрөнгө мөнгө үлдэж байгаа вэ гэх асуултдаа одоо хариулъя. Бидэнд хов хоосон түрийвч л үлдлээ. Анхдагч хэрэгцээгээ хангаад цаана нь сурч боловсрох, чөлөөт цаг хоббиндоо зарцуулах мөнгө их байх тусмаа хүний хөгжил нь илүү байж улс орныхоо өрсөлдөх чадварыг сайжруулж байдаг зүй тогтолтой. Гэтэл хэтэвч хоосон бид яах вэ. Мөрөөдөөд л сууж байх уу.

И.Сарангоогийн "Хэтэвч хоосон ч мөрөөдөлтэй монголчууд" нийтлэлээс

ЗУРГАА. Ниргэсэн хойно нь

Одоо манайд батлагдаж байгаа хуулиудад хэрэгжүүлэх механизм нь хангалттай сууж өгөөгүй. Тийм учраас дутуугаа нөхөхийн тулд сайд дарга нар журам баталж, хуульд нарийвчлан тусгаагүй зүйлсийг илүү тодорхой болгох үүрэг хүлээж буй. Ингээд журам яаж гарахаас тухайн хуулийн өнгө тодорхойлогдох бөгөөд хэрэгжих эсэх нь ч шалтгаалж байгаа олон жишээг дээр дурдлаа. Дагалдах журмууд батлагдахгүй хугацаа алдаж, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхгүй байна гээд энэ шатыг алгасаж, бүгдийг нь хуульдаа багтаан тусгаад нэр мөр батална гэвэл бас өрөөсгөл. Хүний амьдрал баян учраас ядаж үг, үсэг, өгүүлбэрийг өөрчлөх, засах, хасах, нэмэх шаардлага тулгарлаа гэхэд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас журамд засвар хийсэн арай хялбар. Тэглээ гээд энэ янзаараа журмаа хүлээгээд, хэрэгжилтээ удаашруулаад байж боломгүй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэн байж, олон шат дамжлагаар дамжин батлагдсан хууль ингээд үнэгүйдчихээд байвал хайран. Хууль нь батлагдаад хоёр жил болсны дараа дагалдах журам нь батлагдах тохиолдол байгаа нь зүйд нийцэх үү, бодох л асуудал.

Г.Хонгорзулын "Журмыг журамлах шаардлага" нийтлэлээс

ДОЛОО. Давхар нүүдэл

Ши Жиньпиний баталсан журмыг зөвхөн Тайваньд зориулсан гэж хэлж бас болохгүй. БНХАУ бол том гүрэн. Хуурай газраар 14 улстай хиллэдэг боловч түүнээс ч илүү олон улстай газар нутгийн маргаантай байдаг. Хуурай газраар хиллэдэг улсуудаас бараг Монгол, ОХУ, Хойд Солонгос, Лаос, Афганистанаас бусадтай нь асуудалтай.

ОХУ Украинд яалт ч үгүй л дайн хийж байгаа ч цэргийн ажиллагаа гэж нэрлэж байгааг бүгд харж байна. Тэгвэл БНХАУ ч энэ жишгээр явахыг үгүйсгэх газаргүй. Бээжингийн баримталж байгаа “0 ковид” бодлого, хилийн хяналт хөрш орнуудаа эдийн засгийн хувьд туйлдуулж байгаа талаар бид өмнө нь бичиж байсан. Энэ нь Тайванийг авах үед “бөөрнөөсөө” хүчтэй цохиулахгүйн тулд авч байгаа арга ч байж мэднэ. Эс бөгөөс хөрш буюу бүс нутгийн орнуудаа бүр сульдааж байгаад “Ажиллагаа” хийх алс хэтийн зорилгын эхлэл ч байж мэднэ шүү дээ. Дэлхий дээр одоо оршин байгаа хүчтэй хоёр туйл хоорондоо нүүр тулан мөргөлдвөл ийм үйл явц өрнөх боломжтой. Энэ өнцөөс харвал Ши Жиньпиний журам Бээжинг шатрын морь шиг хоёр биш, бүр илүү ч олон буудалтай болгосон ч байж мэднэ.

Х.Батсайханы" Ши Жиньпиний “Энхийн цагт армийг ашиглах” зөвшөөрөл ба БНХАУ-ын хоёрдмол дүр төрх" нийтлэлээс

НАЙМ. Кофены зах зээл ба соёл

Манай улсад кофегоор үйлчилж байгаа 500 орчим цэг байна гэдэг баримжаа тооноос өөр зүйлгүй байна. Тэгвэл дэлхийн зарим оронд энэ зах зээлийг судалж нарийн тоо баримтуудыг цаг алдалгүй гаргаж байгаа нь бизнес эрхлэгчдэдээ ч, хэрэглэгчдэдээ ч өгөөжөө өгч буй. Тухайлбал, хэдхэн сарын өмнө америкчууд өдөрт 517 сая аяга кофе ууж байгаа дүн гарсан байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 66 хувь нь сүүлийн нэг өдрийн дотор кофе уусан гэж хариулжээ. Мөн кофены нөлөө зэргийг тогтоохын тулд долоон жил, цаашлаад хориод жил тэвчээртэй судалсан тайлантай ч таарлаа. Хэрвээ дотоодод энэ мэт судалгаа хийгдээд бодит зах зээл, сонирхол, сонголт хаашаа байгааг баримжаалчихвал энэ соёлын хөгжилд ч нэмэртэйгээс гадна хэрэглэгчдийн эрүүл мэндэд ч тустай юм.

Г.Хонгорзулын "Шинэ ундаа" нийтлэлээс

ЕС. Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

Ням гараг бүр үзэгчдийг жинхэнэ утгаар нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй энэхүү шоуны долоо дахь дугаарын ялагчаар гавьяат жүжигчин С.Наран хатагтай болон Чойжоо нар шалгарлаа. Тэдний хувьд энэ дугаарт Камила Фабелло, Шон Мендес нарын хамтран дуулсан “Senorita” дууг тайзнаа амилуулсан билээ.

Б.Чойжилсүрэн: Шоунаас үүдэлтэй ямар нэгэн шинэчлэлт хийгдэхгүй. Шоу бол шоу. Миний уран бүтээл бол уран бүтээл. Тусдаа зүйл шүү дээ. Гэхдээ шинэчлэл гэхээсээ илүү шоунаас сурч мэдсэн зүйл маань уран бүтээлд шингэх нь тодорхой. Түүнээс биш огцом стиль, жанр, дуулалтаа өөрчлөөд, гэнэт өөр хүн шиг болохгүй. Чойжоо бол Чойжоогоороо байгаа. Чойжоогоороо л байх болно.

О.Эрдэнэчимэгийн "Яг түүн шиг" шоуны оролцогчидтой хийсэн цуврал ярилцлагаас