Уураа удирдъя

Хүний амьдрал алга урвуулахын хооронд өөрчлөгддөг. Өнөөдөр мандаж явсан нэгэн маргааш ядарч, өчигдөрхөн инээж байсан хүн өнөөдөр эзгүйрч нүд ирмэх зуурт л юмс өөр болдог. Тэр тусмаа түргэн уур, түрэмгий харилцаа, догшин авир бүхнийг орвонгоор нь эргүүлэх чадалтай. Үүнээс болж хэдэн хүн гартаа гав зүүж, хэчнээн хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсныг тоолвол дуусахгүй. Сүүлийн жилүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсөж байна. 2019 онд цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар нийт гэмт хэргийн 25-30 хувийг зодолдож, танхайрах хэрэг эзэлж байгаа бөгөөд үүний 88 хувь нь уураа тэвчээгүйгээс болсон гэдэг дүн гарсан юм. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийг 20-40 насны залуус үйлддэг тооцоотой. Судалгаа хийгдсэн 2019 онд “Нэг хором” аяныг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулснаар дээрх гэмт хэргийн үзүүлэлт тодорхой хувиар буурсан. Харин үүний дараа онуудаас эргээд өсөж, 2020 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7405, 2021 онд 7637 бүртгэгджээ.

Уур шийдэл биш

Ердөө хэдхэн сарын өмнө Баянзүрх дүүрэгт 57 болон 38 настай иргэд автомашины зогсоол булаацалдаж маргалдсаны улмаас 57 настай иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэрвээ тэд уурандаа захирагдаагүй бол өнөөдөр хоёр гэр бүл аавтайгаа бүтэн бүлээн үлдэх байлаа. Харамсалтай нь өнгөрснийг буцааж болох биш, өдгөө тэр хоёр аавын нэг нь шороонд, нөгөөх нь шоронд оржээ. Яг үүн шиг уурын мунхагаас болж засашгүй алдаа гаргасан өөр нэг тохиолдлыг дурдъя. Барилга дээр ажилладаг нэгэн залуу ажлаа тарж гэртээ ирээд хооллох гэтэл хоолны давс нь багадсан байсан учраас тэр агшинд уур нь хүрч эхнэр рүүгээ утсаа шиджээ. Утас эхнэрийнх нь нүдийг онож, улмаар сохорсон. Ингээд эхнэр нь насан туршдаа харааны бэрхшээлтэй болж, нөхөр нь найман жилийн ял сонссон аж. Тэр гэр бүл ийнхүү сүйрч, үр хүүхдүүд нь сэтгэлдээ үүрдийн хар толботой хоцорчээ. Мэдээж тэр залуу эхнэрийнхээ нүдийг оноод сохолчих нь чинээ санаагүй, ялтан болчих юм ч гэж төсөөлөөгүй л байх. Хэрвээ тэр уураа хянаж чадсан бол, хэрвээ утас шидээгүй бол, хэрвээ эхнэрийнхээ нүдийг оноогүй бол, хэрвээ хэрвээ... Ийм бодолд хэчнээн ээрэгдэвч бидний хэнд нь ч өнгөрснийг буцаах, үйлдсэнийг эргүүлэх хүч байхгүй билээ.

Өмгөөлөгч Т.Хонгор

Монголчууд маш түрэмгий, огцом зантай. Үүнээсээ болж асуудалд их ордог. Эхнэр хүүхдээ зодно, найз нөхөдтэйгөө муудна. Гарч байгаа гэмт хэргийн дийлэнх нь уур бухимдалтай байх үед үйлдэгдэж байна. Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хүмүүс туслалцаа авахаар надад ханддаг. Тэд ихэнхдээ “би үнэхээр тухайн үед уураа барьж чадсангүй, надад тэгж хэлсэн би тэссэнгүй” гэж ярьдаг. Эр, эм, хөгшин залуу гэлтгүй хүмүүс зан харилцааны хувьд маш их доголдолтой байна. Аав, ээжүүд хүүхдүүддээ буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Хүүхдүүд ангийнхаа хүүхэдтэй маш жижигхэн зүйлээс болж муудалцаж, хэрэгт орооцолдож байна. Үүн дээр олон кейс дурдаж болно. Хүн амины хэргээр ялын дээд хэмжээ сонссон хүмүүс дандаа огцом уурласнаасаа болоод хүний аминд хүрчихсэн байдаг. Хүн харахад энэ хүний хаанаас нь хүн алах хүч гарав гэмээр хүмүүс. Гэвч тэд ихэвчлэн түрхэн зуурын огцом уураа барьж чадаагүй гэж хэлдэг.

Аргаа олъё

Хүн бүрд уур бий. Бидний биед байгаа төрөл бүрийн хэрэгцээг хангахын тулд асар олон төрлийн сэтгэл хөдөл гардгийн нэг нь уур юм. Ууртай байна гэдэг нь тухайн хүнд хангагдаагүй хэрэгцээ байна гэсэн үг аж. Хүн тайван байгаа үедээ нэг удаадаа өөрт таагүй санагдсан зүйлийг тэвчээд өнгөрч болох ч маш олон зүйлд ууралчихсан, өөрөө ч мэдэлгүй дотроо бухимдал, гомдол тээсэн байх үедээ ахиад өөр зүйл бухимдуулах мөчид тэсэлгүй тэсэрдэг гэнэ. Тэгэхээр товчхондоо тэгж тэсрэхээсээ урьтаад уур бухимдлаа тухай бүрд нь бага багаар илэрхийлж, гаргаж байх хэрэгтэй гэж сэтгэл зүйчид зөвлөж байна. Учир нь хүний сэтгэл хөдлөл бол физиологийн хэрэгцээ. Физиологийн хэрэгцээ бүрэн ханан ханатлаа гадагшилдаг. Тэгэхдээ уураа гадагшлуулж байгаа нь энэ дургүй хүргэснийг шанаадаад, орилж цамнаж хэрэлдээд нийгмийн хэм хэмжээнээс гажсан зүйл хийгээд байж болохгүй. Тиймээс стресс тайлах арга, уур гадагшлуулах менежментэд суралцах шаардлагатай болж байна.

СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч эмч Л.Жавхлан

Уурыг зохицуулах, багасгах, арилгах хэд хэдэн нийтлэг арга бий. Гэхдээ хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, харилцан адилгүй учраас зарим хүнд тохирч байгаа арга өөр нэгэнд таарахгүй. Тэгэхээр боломжит хувилбаруудаас өөрт тохирсныгоо сонгоод уурын менежмент хийх нь чухал. Уур булчингийн хүч болон дуу хоолойгоор гадагшилна. Тэгэхээр тайвшрахын тулд дасгал хөдөлгөөн, бясалгал хийж болно. Эсвэл найз нөхөдтэйгөө ярилцаж болно. Уйлж болно, үгүй бол уулын орой дээр гараад орилж ч болно.  Хамгийн гол нь олон аргаас өөрт хамгийн тохирсныг олж сонгох нь чухал. Би хүмүүст уураа барихын тулд гурван секундын аргыг хэрэглээрэй гэж зөвлөдөг. Энэ бол үйлдэл хийхээсээ өмнө гуравхан секунд бодох арга. Гарах гэж байгаа уурыг тэр чигт нь хорино гэдэг ер нь боломжгүй зүйл. Харин ийм үедээ гурван секунд тэвчсэнээр дадал суудаг. Ингэж дадал суух тусмаа ер нь уурлах нь дэмий юм байна, ерөөсөө уурлах хэрэггүй зүйл байж, тайвширъя гэж гурван секундын хугацаанд бодож амждаг болдог. 10 секунд, зургаан секундын арга ч гэж бий. Гэхдээ энэ нь зарим талаараа бухимдлыг улам дэвэргэх гээд байдаг талтай.

Товчхондоо ууранд удирдуулахаасаа өмнө түүнийг амжиж удирдах ёстой байх нь. Заримдаа уур хилэн өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл, зөв зүйлийн төлөө зогсох “бамбай” болж өгөх үе ч бий. Харин энэ нь эсрэгээрээ эрүүл бус үйлдэл хийхэд хүргээд байвал үүнийг засахын тулд мэргэжлийн хүний тусламж, оношилгоо, зөвлөгөө хэрэгтэй. Ийм ч учраас дэлхийн олон оронд “Anger management”-ийн сургалтын төвүүд хичээллэж, сургуулиуд сургалтын хөтөлбөртөө тусгаж анхаарлаа хандуулдаг байна. Хэдийгээр манай улсад энэ чиглэлийн боловсрол олгох, тусламж үзүүлэх дагнасан байгууллага одоогоор байхгүй ч сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломж хэн бүхэнд нээлттэй. Тэвнийн чинээ асуудлыг тэнгэрийн чинээ болгож өөртөө ч өрөөлд ч гай тарихгүйн тулд, хоромхон зуурын сэтгэл хөдлөлөө захирч сурах нь бидний үүрэг болжээ.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. хонгор хүү: - ахаа намайг бодоорой. цахиур төмөрт л найдахаасдаа одоо. ккк

    0 0 Хариу бичих
    • эр, эм, хөгшин залуу гэлтгүй хүмүүс зан харилцааны хувьд маш их доголдолтой байна.

      1 0
  2. гурван секундын арга чух шиг. энэ одоо яажаан?

    0 0 Хариу бичих
    • бэлдэж ирж байгаад наа 3 секундэд чинь газрыг хэд ороолгож ташуурдчихсан бархираад сууж байдаг билээ?

      0 0