Шинэ үеийн “Аман шогч”

Бусдад хөгжилтэй түүхээ ярих нь шинэ үеийн урлаг болтлоо хөгжжээ. Ганцаараа тайзан дээр зогсоод дэвтэр дээр бичсэн олон хөгжилтэй санаагаа бусдад хуваалцах нь стендап комеди гэх шинэ үеийн хошин шогийн нэгэн төрөл юм.

Стендап комеди гэж юу вэ

Өөрийн зохиосон монологийг тайзан дээрээс үзэгчдийн өмнө ярьдаг хошин урлагийн төрөл бөгөөд энэ нь богино хошигнол, өөрт тохиолдсон хөгтэй явдал, эсвэл ажиглалтаас сэдэвлэгдсэн санаагаа бусдад хуваалцдаг нь стэндап комедигийн нэгэн төрөл юм. Стэндап комедигоор нийгмийн чухал асуудлуудыг хөндөж, улстөрчдийг элэглэж, шүүмжлэх нь тэдний сэдэв тоглолт болж болдог.

Стендап комеди нь элэглэгч ганцаараа үзүүлбэрээ үзүүлж, үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэдэг гэдгээрээ хошин шогийн бусад төрлөөс онцлогтой. Тус төрөл анх XVIII-XIX зууны үед Англид үүсэж байсан бөгөөд 1980-1990-ээд оны үеэс АНУ-д жинхэнэ утгаараа хөгжжээ. Нэг хүн ямар нэгэн дэглэлт, жүжиглэлтгүй бусдыг инээлгэнэ гэдэг амаргүй. Тэд зөвхөн хошигнол бус биеийн хэлэмж, нүүрний хувирал, ярианы өнгөө ашиглаж бусдад санаагаа хүргэдэг.

Шинэ санаа, шинэ “урсгал”

Стендап комедигийн загалмайлсан эцэг гэгддэг дөрвөн эрхэм байдаг. Тэднийг Чарльз Ф.Браун, Самуэл Клеменс, Бэрт Вилламс, Вилл Рожерс хэмээдэг. Эдгээр эрхмүүдийн нэг болох Вилл Рожерс нь улс төрийн асуудлуудыг хөндсөн хошигнол хийдэг байснаараа алдар нэрд хүрч, ард түмний талархлыг хүртэж байсан түүхтэй. Ийнхүү загалмайлсан эцэг гэх хүмүүсээс үлгэрлэж стендап комеди хатуу ч гэсэн үнэн дүр төрхтэй болж улс төр, засаглал, нийгмийн хар бараан зүйлсийг элэглэж шүүмжлэхэд нээлттэй болсон байдаг. Дэвтэр дүүрэн хошигнолоос алийг нь ямар үед хэлэх вэ гэдгээ шийдэхийн тулд комедиан нь үзэгчдийн хариу үйлдэл, уур амьсгалыг цаг алдалгүй мэдэрч, тэр бүрт нь тохирсон шог хийх нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай байдаг.

Жижиг тайзнаас дэлхийд танигдах нь

Ямар ч урлаг өөрсдийн гэсэн хэв маяг, донжтой байдаг шиг стендап комеди ч мөн адил өөрсдийн гэсэн дүрэм, хэв маягтай болж салбарласан байдаг. Тухайлбал,

Ажиглалт: Өдөр тутмын амьдралд тохиолддог, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, үйлдлүүдийн талаар хошигнох

Дүрд тулгуурласан: Комедиан өөрийн гэсэн дүр төрх, зан чанар бүхий дүр бүтээж, тухайн дүрээрээ комеди хийх

Хөгжимд тулгуурласан: Дуу хөгжмийн үг, ая ашиглах

Сюрреал: Байж боломгүй, этгээд хачин, жигтэй нөхцөл байдал, логикгүй түүхүүд ярих

Элэглэл: Улс төрийн эрхмүүд, олны танил хүмүүсийг дуурайн шоглох

Альтернатив: Өргөн тархсан комеди хэв маягийг эвдсэн комеди гэх мэт олон салбар дүрээр үзэгчдэд хүрдэг.

Комеди урлагт жижиг хэмжээний тайз, үзэгчид байхад л энэ салбар үзэгчдээ уйдаахгүй үйл ажиллагаагаа тогтмол явуулах боломжтой гэдгээрээ бусад салбараас онцгой. Комеди клубууд цар тахлын нөхцөл байдалд ч шинэ шийдэл, арга замыг олж стрийминг үйлчилгээгээр үзэгчдэдээ тасралтгүй тоглолтоо дамжуулж, улам олон хүнд танигдах болсон юм. Олон улсад комедиануудын “Netflix special” тоглолт гэхэд л дунджаар 500 мянган ам.долларын ашиг олсон байдаг. Комеди урлагт хөл тавьсан хэн бүхэнд дэлхийн хэмжээний од болох зам нээлттэй хэвээр буй.

Давхраас төрсөн одод

Монгол Улсад анх Б.Батбилэг 2014 онд “Open mic” буюу нээлттэй микрофон төрлөөр үзүүлбэр үзүүлж байсан нь стендап эхлэх суурь болж байжээ. Дөчин мянгатын байрны "The Basement" клубээс үүсэлтэй стендап комеди клуб өдгөө "UB Comedy" нэрээр аль хэдийнэ бидний үзэх дуртай урлагийн бие даасан салбар болжээ. Монгол комеди залуус нийгэмд эерэг хандлага, инээд хөөр бэлэглэхээс гадна улс төр, нийгмийн хэв маягийг шоглож дуу хоолойгоо хүргэдгээрээ дэлхийн улсуудтай эн тэнцүү энэ төрлийн урлагийг эх орондоо нутагшуулж буй.

“UB комеди” клубийн үүсгэн байгуулагч комедиан Б.Батбилэг

Үзэгчдийг хацрын булчин нь чилж, гэдэс нь базалж, нулимс нь гартал инээлгэхийг хүсдэг. Улаанбаатар хотын түгжрэл, утаа зэрэг нь иргэдийг нэлээд стрессдүүлдэг. Тиймээс залуусыг тэр бүх таагүй зүйлсийг хоёр цаг ч болтугай мартаасай гэж хүсдэг. Хүнийг инээлгэх болгонд үгээр илэрхийлж боломгүй гоё мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжээ тоглолт бүр дээр ахин авахыг хүсдэг. Тийм үед тайзан дээр онгод орно гэдэг шиг бэлдээгүй хошигнол цаанаасаа тархинд ундраад байдаг.

“Инээхийн” ач тус

Стэндап комеди урлагийн гол зорилго бол үзэгчдийг инээлгэх. Комеди хийж байгаа хүн үзэгчдийн инээд аз жаргалтай нүүрний хувирлаас урам зориг авдаг. Харин үзэгчид хөгжилтэй түүх, элэглэлийг сонсоод чин сэтгэлээсээ инээх нь энэ салбарын гол зүрхэн хэсэг нь юм.

Инээх нь биднийг тайвшруулдаг. Чин сэтгэлээсээ инээх нь аз жаргалын даавар болох эндофриныг ялгаруулж уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг аж. Мөн инээд нь аэробикийн дасгалын нэг төрөл бөгөөд инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулах гол хүчин зүйл болдог. Хэрвээ та нэг цагийн турш чин сэтгэлээсээ инээвэл 500 ккал илчлэг шатаах боломжтой.

Цаг үе хувьсан өөрчлөгдөж бид тогтсон хэв загвараасаа бага багаар салж шинэ төрлийн урлаг соёлтой танилцаж байна. Монголчууд нэг үеэ бодвол дэлхийн хэмжээнд ярьж сэтгэж бүр тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж буй. Үүнийг шинэ төрлийн хошин шогийн өвөрмөц төрөл болох стендап комеди харуулж байна.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих