Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Гэвч тэр эрүүл аюулгүй орчин нь зөвхөн хөдөө хээр, талд л бий. Товчхондоо хүн амын талаас илүү хувь нь аж төрж, амьжиргаагаа залгуулж буй нийслэл хотод аюулгүй амьдрах боломж хамгийн хомс. Энд орчны бохирдол, түгжрэл, бухимдлын талаар дурдах нь илүүц. Мөн хүүхдэд ээлгүй орчин, түүнээс болж гарсан хэргүүд, бяцхан хохирогчдыг тоочоод дуусахгүй. Харин нийслэлчүүд тэнгэр ширтэж, дээшээ харж явахгүй л бол хаанаас ч, юу ч унаад ирж мэдэх аюул дунд аж төрж байгаа талаар хөндье.

Сар гаруйн өмнө орон сууцны барилгын тагтны хаалт нурж, автомашинууд дээр унасан хэрэг гарлаа. Энэ осолд азаар хүн өртөөгүй ч олон хүний хөрөнгө сүйдсэн юм. Харин гуравдугаар сард Баянгол дүүрэг дэх барилга дээр угсарч байсан кран доош унаж зам, байгууламж эвдсэн. Уг осол аз болж хөдөлгөөн сийрэг шөнийн цагаар гарч хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулаагүй. Ингээд цааш дурдвал 2019 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн I хороонд буюу хотын төвд, өдрийн цагаар хөдөлгөөнд оролцож явсан машины дээрээс барилгын бетонон хийц унаж гурван зорчигч бэртсэн хэрэг гарч байлаа. Мөн өнгөрөгч оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн IV хороонд барилгаас төмөр унаж 45 настай иргэнийг онож, амь насыг нь хохироосон байдаг. Энэ мэт харамсалтай хэргүүд олон гарсан. Өнөөдөр нийслэлд хэдэн зуун барилга энд тэндгүй сүндэрлэж байна. Газар гэсэж, цаг уяраад барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд шуургатай, хуйсгануур үе таардаг. Яг энэ л үед дээрх эрсдэл улам нэмэгддэг. Тэглээ гээд хаврын шуурганд бурууг тохчихож боломгүй. Харин салхины ая даахгүй цонх, тагттай орон сууц, хамгаалах тор, хашаагүй барилга, байгууламж барьж буй аж ахуйн нэгжүүд үүнд буруутай.

Хэнэггүйн гай

Үнэндээ ажил ид өрнөж байгаа ихэнх барилгад аюулгүй байдлын наад захын стандарт мөрдөгддөггүй. Угаасаа монголчууд архины стандартаа л хамгийн сайн хөгжүүлсэн улс хойно.  Тиймдээ ч ISO тодотголтой олон улсын чанарын шагналуудыг түүсэн шилтэй цэнхэрүүд ярайдаг шүү дээ. Харин барилгын салбарын стандарт гэж байнга ярьдаг ч түр шатны стандарт нь ч төлөвшиж тогтоогүй байна. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээлэлд барилгын компаниудад илэрдэг нийтлэг зөрчил нь хаалт, хамгаалалтгүйгээс барилга дээрээс төмөр унах, барилгын гадна талд аюулгүй ажиллагааны самбар байрлуулаагүй байх зэрэг байдаг гэлээ. Уг нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11-т “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэж заасан байдаг. Гэвч монголчуудын хэнэггүй зан, дүрэм, журам, стандартад  хайхрамжгүй, сэтгэлгүй ханддагийн балгаар олон осол гарсаар иржээ. Тиймээс компаниуд дүрэм журмаа ягштал мөрдөх хэрэгтэй байна.

Иргэдийн хяналт дутагдаж байна

Урин дулааны улирал ирж түгжрэлд стрессдэхээ түр хойшлуулаад агаарт тайван алхахыг хүн бүр хүсэж буй. Алхалт нь суугаа ажил эрхэлдэг, суурьшмал завгүй хотын иргэдийн бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Түгжрэлд ямар ч үр ашиггүй урсаж өнгөрдөг цаг ч багасна. Харин дээрх айдас бодитоор оршсоор байвал “сахил хүртсэн биш шал дордов” гээч болно. Хэрэв хамгаалалтын тор, хашаа хороогоо олигтойхон базаагаагүй барилгын доогуур өдөр бүр гарах шаардлага гардаг бол тэнд ямар амар тайван байдал байх билээ. Тиймээс амьдрах, алхах таатай орчноо бий болгохын тулд иргэд өөрсдөө идэвхтэй байж шаардлага тавьдаг байх хэрэгтэй байна. Хүмүүс гэрийнхээ ойролцоох барилга, байнга зорчдог зам, хүүхдийн талбай гээд орчин тойрондоо буй аюултай зүйлсийг тэвчээд өнгөрөх биш тэмцэж, илчлээд сайжруулдаг байх ёстой юм.

Газраар тайван алхдаг болчихоод тэнгэрийн унаа ярья

Нийслэлд хөгжил хэрэгтэй. Бүтээн байгуулалтууд, барилга байшин сүндэрлэх ёстой. Гэхдээ энэ бүхэн нарийн төлөвлөгөөний дагуу эмх цэгцтэй хийгдэх учиртай. Гэвч газраа хэт замбараагүй олгосон хотод төлөвлөөд байх ч газар үлдээгүй. Төлөвлөдөг юмаа гэхэд зам баригдсаны дараа ус зайлуулах шугамаа барьдаг хотод барилгын ажил эхэлсний дараа төлөвлөлтөө хийдэг байж магадгүй. Иймээс цаашид одоо байгаагаасаа дордуулчихгүй л байх хэрэгтэй. Олон жилийн туршид нийслэлчүүдийн толгойны өвчин байсаар ирсэн түгжрэлийг бууруулахын тулд олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн, бас төсөвлөсөн. Мөн метро, дүүжин тээвэр, LRT-ийн алийг нь байгуулах вэ гэж маргаж суугаа. Гэхдээ юун түрүүнд Улаанбаатар хотын иргэд аюулгүй орчинд алхах боломжоор хангагдах хэрэгтэй байна. Иргэд дугуй жийж, явган алхахдаа ойролцоох барилга, байгууламжаас мод, төмөр унаж намайг онох вий гэх айдасгүйгээр санаа амар зорчих учиртай. Тэгэж байж түгжрэл, цаашлаад уур бухимдал, өвчлөл буурна. Учир нь явган алхалт гэдэг бүх зүйлийн эм гэлцдэг. Гэвч хэдийг хүртэл манайд алхах орчин муутай хэвээр байх юм бэ. Уг нь нийслэлд явган хүний замаар зорчдоггүй хүн нэг ч байхгүй. Гэрээс гарч, машинаас буугаад л явган хүний замаар зорчиж, зорьсон газартаа хүрдэг. Тиймээс явган хүний зам хамгийн тухтай бас аюулгүй байх ёстой.