Капитал банкны төв байрыг буцаан авахаар шалгуулж байна

“Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн Ажлын албаны захирал Д.Дуламсүрэнтэй банкны үл хөдлөх хөрөнгийн талаар ярилцлаа.

Капитал банкинд одоогоор хичнээн ширхэг үл хөдлөх хөрөнгө хэдэн төгрөгөөр бүртгэлтэй байгаа вэ? Тэдгээр хөрөнгийн талаар мэдээлэл өгнө үү.

Өнөөдрийн байдлаар “Капитал банк” ХХК болон түүний 100 хувь эзэмшлийн охин компаниудын нэр дээр нийт 133 ширхэг үл хөдлөх хөрөнгө 100.5 тэрбум төгрөгийн бүртгэлийн дүнтэй байна. Түүнээс 46 ширхэг 80.4 тэрбум төгрөгийн бүртгэлийн дүнтэй хөрөнгө зөрчилтэй байна.

Зөрчилтэй хөрөнгийн дүн нилээн өндөр байна. Зөрчилтэй хөрөнгө гэдэгт ямар хөрөнгүүд хамаарч байна вэ?

Банкны эрх хүлээн авагч томилогдож, банкыг албадан татан буулгах ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгөд хамаарах дараах зөрчил илэрсэн. Үүнд: Хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, өмчлөл, эзэмшлийн маргаантай, хуурамч гэрчилгээтэй, банкнаас хамааралгүйгээр бусдад худалдсан, барьцаалсан, зээлдэгчийн нэр дээрээс шилжүүлж аваагүй удсан ба тухайн зээлдэгч нас барсан, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг тусад нь салган өөр өөр хүний нэр дээр зээл олгосон, банкинд шилжүүлэхээс өмнө эзэмших,  ашиглах эрхийн хугацаа нь дууссан, банкинд ажиллаж байсан нас барсан иргэний нэр дээр бүртгэлтэй, өмнөх удирдлагуудын нэр дээр бүртгэлтэй хэдий ч банкинд шилжүүлээгүй хөрөнгүүд болон банкны хөрөнгийг итгэмжлэлийн дагуу бусдад худалдсан боловч төлбөрийг банкинд бүрэн төлөөгүй зэрэг олон төрлийн зөрчил илэрсэн. Жишээлбэл өндөр дүнтэй, зөрчилтэй хөрөнгө дотор Капитал банкны төв байр, Авлигатай тэмцэх газрын урд байрлах барилга, Нарны зам дагуух 10 давхар карказ, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалтын Хүрэлт тогоотод байрлах 15 га мөн Арцатын аманд байрлах 1 га газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд хамаарч байна. Эдгээр хөрөнгүүд ойролцоогоор 58.8 тэрбум төгрөгийн бүртгэлтэй байна. Тухайлбал банкны балансад бүртгэлтэй Капитал банкны төв байрыг Олон улсын хөрөнгө оруулалтын банкны барьцаанд тавьж, өмчлөлийг шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл бусдын өмчлөлд шилжсэн уг хөрөнгийг банкны балансаас хасалгүй санхүүгийн тайланд бүртгэлтэй хэвээр үлдээсэн асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, өмчлөх эрхийг буцаан авахаар ажиллаж байна.

Зээлийн болон хөрөнгийн хувийн хэргийн бүрдэл дутуу, эх хувь гэрчилгээ байхгүй, газрын төлбөр болон холбогдох татвар хураамжийг төлөөгүйгээс үүдэн алданги тооцогдож төлбөр нэмэгдсэн, эзэмших эрхийн хугацаа сунгалт хийгдээгүй, банкны гүйлгээтэй холбоотой санхүүгийн баримт дутуу гэх мэт зөрчлийг үүнд оруулаагүй.

Хөрөнгийн зөрчлөөс гадна Капитал банкны хамаарал бүхий “Бишрэлт пропертиз” ХХК нь банкны өр төлбөрт орж ирсэн хөрөнгийг өөрсдийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, Банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Мөн зээлдэгч зээлийн өр төлбөрт тооцон банкинд шилжүүлсэн хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр “Бишрэлт пропертиз” ХХК нэр дээрээ шилжүүлэн авч, банкинд шилжүүлэлгүй өнөөдрийг хүртэл ашигласаар байна. Харин “Монгол эм импекс концерн” ХХК нь банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийн газрыг шилжүүлэлгүй тухайн хөрөнгийн бичиг баримтын зөрчлийг арилгах ажиллагааг удаашруулах, түүнчлэн банктай хамаарал бүхий компаниуд, өмнөх удирдлагууд банкны оролцоотой барьсан үл хөдлөх эд хөрөнгийг нуун дарагдуулж, бусдын нэр дээр шилжүүлэх, худалдах зэргээр татан буулгах ажиллагаанд хүндрэл учруулж байна.

Зөрчилтэй хөрөнгийн зөрчлийг арилгах талаар ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа вэ?

Хөрөнгийн зөрчлийг арилгах талаар холбогдох хууль, хяналтын байгууллагад шаардлагатай нотлох баримтыг тухай бүр хүргүүлэн ажиллаж байна. Хууль, хяналтын байгууллагын шийдвэрээр, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хөрөнгийн зөрчил арилгах ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

Зөрчилтэйгөөс гадна үлдсэн хөрөнгөд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Тэдгээр хөрөнгийн үнийг хэрхэн тогтоосон бэ?

Үлдсэн буюу зөрчилгүй хөрөнгийн хувьд төлбөр авагчдад санал болгох, олон нийтэд нээлттэй дуудлага худалдааг зарлан, түүгээр худалдан борлуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Хөрөнгийн үнийн хувьд 2019 оны 6 дугаар сард хөндлөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд дунд нээлттэй тендер зарлаж, материал ирүүлсэн 10 гаруй компани дотроос “Лэндс” ХХК, “Итгэлт бээс” ХХК, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийг сонгон шалгаруулж, тухайн компаниудаар Капитал банкны болон түүний 100 хувь эзэмшлийн охин компаний нэр дээр бүртгэлтэй бүх хөрөнгөд үнэлгээ хийлгэж, үнэ цэнийг тогтоосон. Үүний дараа 2020 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгээс хөндлөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-г сонгон, хөрөнгийн үнэлгээг хийлгэж, үнэ цэнийг тогтоосон. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс хуулийн байгууллагуудын сонгосон “Дамно” ХХК-ийн тогтоосон үнийн дүнг дуудлага худалдааны анхны үнэ болон төлбөр авагчид санал болгох хөрөнгийн үнийн дүнгээр ашиглаж байна.

Капитал банкыг албадан татан буулгах ажиллагаа эхэлсэн даруйд 2019 оны 5 дугаар сард Нийслэлийн прокурорын газраас бүх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тогтоол гарч, нийт 150 хөрөнгийг битүүмжилсэн байдаг. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоол гарсны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Монголбанк, Сангийн яам, Банкны эрх хүлээн авагчийн оролцоотой удаа дараагийн уулзалт, хүсэлтийн үр дүнд Банкны эрх хүлээн авагч томилогдоод 2 жил гаран болсны эцэст 2021 оны 4 дүгээр сараас эхлэн Төрийн хохирол барагдуулах ажиллагааны хүрээнд хөрөнгийн битүүмжийг цуцлах, бусдад шилжүүлэх боломжтой болсон. Үүнээс хойш 1 жилийн хугацаанд нийт 6 удаа олон нийтэд нээлттэй дуудлага худалдааг зарлан, зохион байгуулж, прокурорын битүүмжтэй 72 ширхэг хөрөнгийг 15 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан. Дуудлага худалдаанаас олсон орлогоор Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дараалал нь болсон төлбөр авагч этгээдийн хохирлыг барагдуулсан.

Олон нийтийн дунд чанар муу хөрөнгийг өндөр үнээр худалдаж байна гэсэн хардлага төрж байгаа. Энэ талаар та тайлбар өгнө үү?

Чанар байдлын хувьд ихэнх нь хуучин барилга, хувийн сууц, дутуу баригдсан барилга, алслагдсан байрлалд байрлах эзэмших эрхтэй газар байгаа. Банкинд бүртгэлтэй хөрөнгийн бүртгэлийн дүн хэт өндөр, чанар байдал муу байгаа нь худалдан борлуулах ажлыг удаашруулж, хөрөнгийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, ашиглалтын зардал өндөр гарахад нөлөөлдөг. Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойшхи хугацаанд тус зардалд нийт 1.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Өмнө дурдсанчлан бүх хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий компаниуд үнэлгээ хийж, үнэ цэнийг тогтоосон. Хөрөнгийн үнэ цэнийг тогтоолгоход захиалагч тал санал хэлэх, үнэлгээчинд ямар нэг байдлаар нөлөөлөх эрхгүй бөгөөд үнэлгээчин тухайн хөрөнгийн үнэ цэнийг хараат бусаар тогтоохоор хуульчлагдсан байдаг.

Банкны эрх хүлээн авагчийн зүгээс нээлттэй дуудлага худалдааг улиралд 1-2 удаа зохион байгуулж, зарыг өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ, зарын сайт, бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд бичгэн болон зурган хэлбэрээр  түгээж байна. Нээлттэй дуудлага худалдаанд төлбөр авагч этгээд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл комиссын гишүүнээр, бусад төлбөр авагч этгээд ажиглагчаар оролцдог. Тэгэхээр дуудлага худалдаа зохион байгуулах, хөрөнгийг худалдах үйл явцад хуулийн байгууллагууд болон төлбөр авагч этгээдүүд оролцож хяналт тавьдаг гэсэн үг.

Иргэд Капитал банкны хөрөнгийг худалдан борлуулж буй дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадан дуудлага худалдаатай ижил ойлгож, эхний дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй хөрөнгийн үнэ дараагийн дуудлага худалдаагаар буурна гэсэн хүлээлттэй байдаг. Энэ бол буруу ойлголт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дуудлага худалдаа бол албадан дуудлага худалдаа бөгөөд, тусдаа хууль, журмаар зохицуулагддаг. Банкыг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журамд хөрөнгийн үнийг дур мэдэн буулгах, өсгөх зохицуулалт одоогоор байхгүй.

Хөрөнгийн бүртгэлийн дүн бол тухайн банкны балансыг харуулдаг. Капитал банкны хувьд балансаа өндөр харагдуулахын тулд зарим чанар байдал муу хөрөнгүүдийг хэт өндөр үнээр үндсэн хөрөнгө болон өмчлөх бусад хөрөнгөд бүртгэсэн нь эргээд татан буулгах ажиллагааны явцад тухайн хөрөнгийг худалдан борлуулахад хөрөнгийн гарз буюу банкны алдагдал болж байна.

Одоо болох гэж буй дуудлага худалдаанд хичнээн хөрөнгө хэдэн төгрөгөөр орж байгаа вэ? Дуудлага худалдааны талаар мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

Банкинд бүртгэлтэй, зөрчилгүй, худалдан борлуулах боломжтой 79 ширхэг 17.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, 1 ширхэг 164.5 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагаас нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, худалдан борлуулахаар зарыг “Өглөөний сонин”-ы №099 /3654/ дугаарт, “Өнөөдөр” сонины №104, 105 /7406, 7407/ дугаарт тус тус хэвлэн нийтлүүлсэн. Мөн хөрөнгө тус бүр дээр худалдах зарыг байрлуулсан, unegui.mn зарын сайт, “Капитал банкны хөрөнгийн худалдаа” фэйсбүүк хуудсанд хөрөнгийн зураг, тайлбар, үнийн мэдээллийг дэлгэрэнгүйгээр оруулж, орон нутгийн фэйсбүүк группүүдэд зарыг түгээж байна.

Нээлттэй дуудлага худалдааны зарыг хэвлэмэл байдлаар, оролцогчийн маягтын хамт хуучнаар Капитал банкны төв байрны 1 давхраас ирж авах боломжтой. Аль болох олон хүнд хүртээмжтэй байдлаар зарыг түгээж ажиллаж байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих