УИХ-ын хаврын чуулган удахгүй өндөрлөнө. Гэвч ээлжит чуулганы хугацааг олигтой юу ч хийсэнгүй барлаа гэж шулуухан дүгнэж болохоор байна. Тэд хаврын чилийсэн урт өдрүүдэд хүнд хэрэгтэй нэг ч хууль баталсангүй. Баталсан хуулиуд, зүйл заалтад оруулсан өөрчлөлтүүдийг нь хэрэггүй гэж хэлэх аргагүй ч тэдгээрээс хавь илүү чухаг, тулгамдсан, хэрэгцээ шаардлагатай хуулиуд огт хэлэлцэгдэхгүй орхигдсоныг тооцвол УИХ-ын гишүүдийн ажил үүргээ гүйцэтгэсэн байдал үнэндээ нойл байлаа.
УИХ-аас баталж буй хуулиуд нийгэмд ашиг тусаа шууд өгч байх учиртай. Хэрэв УИХ нийгэмд шууд ашиг тусаа өгөх, хэрэгтэй хэрэгцээтэй хууль батлаагүй л бол ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Иргэд, сонгогчдынхоо өмнө хүлээсэн цор ганц үүрэг уг нь энэ юм. Гэтэл энэ хаврын чуулганы хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл, Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл гэх толгой эргүүлэхээс өөр ашиг тусгүй баахан хууль хэлэлцэж суух жишээтэй. Уншигч эрхмүүд минь, та бүхэн санаанд буйгаа ухаж төнхөөд түмэнд тустай ийм нэг хуулийг энэ хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан гээд гаргаад ир дээ! Ганц хууль байтугай, ганц чухаг зүйл заалт ч гарч ирэхгүй. Ийм л нэг хэрэгцээгүй 76 хүн тэнд улс гэрийг тэргүүлэгчид болон сууж, онцын чухал биш зүйлүүдийг онцгой их эрх дарх, элдэв ямба дор ярилцан хууль баталж, бодлого тодорхойлсон нэр зүүж амуй.
Баталж буй хуулийн чанар агуулга, хэрэгцээ шаардлага, зөв буруу, зөрүү гажуу бүхэнд дүн тавихгүй явж ирсний хар гайгаар УИХ-аас хууль нэртэй баахан “гууль” гарах үзэгдэл хэрээс хэтэрлээ. Манай улсад одоогоор нийгмийн харилцааг зохицуулсан 1500 хууль болон эрх зүйн акт бий гэж үздэг. Тэгвэл жил бүр дунджаар 50 гаруй хууль шинээр батлагддаг аж.
Гэтэл нийгмийн харилцааг зохицуулах ганц арга нь хууль биш. Заавал хуулиар зохицуулах шаардлагагүй асуудал нийгэмд олон байдаг. Асуудал бүрийг хуулиар зохицуулах гэж оролдох нь эсрэгээрээ шаардлагагүй яршиг төвгийг бий болгож, асуудлыг шийдэх биш улам адармаалах ч тал ажиглагддаг билээ.
Уг нь бүхнийг нэг бүрчлэн хуульчлан тогтоосон байх нь буруу биш боловч тэдгээр хууль цөм зөв, эс бөгөөс сайн байх боломжгүйд л бэрхшээл оршино. Тэр тусмаа Монголын нөхцөлд хууль тогтоогч УИХ-ын гишүүд нь ямар ч ёс суртахуунгүй, боловсрол мэдлэг чамлалттай, үүрэг хариуцлага гэх юмгүй тул буруу, эс бөгөөс муу хуулиуд төрөн гарсаар байгаа нь эцэстээ эмгэнэлд хүргэж мэдэх нь.
УИХ-ын гишүүд зөвхөн хууль санаачилж батлуулсан гэх нэр хүнд олохын тулд хэрэгцээ шаардлагагүй, зарим тохиолдолд тэнэг мангар ч гэж хэлж болохуйц санаа сэдлээ хууль болгохоор зүтгүүлэх нь энгийн үзэгдэл болов. Бидний жишиж харьцуулах дуртай гадаадад бол хууль боловсруулах, батлах нь тийм ч санаан зоргоор хийчихдэг ажил биш байдаг. АНУ-д л гэхэд нэг хуулийг хэлэлцэхэд дор хаяж 263 өдөр зарцуулдаг гэнэ. Ингэхдээ бусад хуультайгаа харшлахгүй, иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай байх зэрэг шалгуурыг тавьдаг. Хэрэв тухайн хууль дутуу гэж үзвэл 712 хоногийн хугацаанд дахин сайжруулах ёстой болдог ажээ. Харин Монголд бол заримдаа бүр баталсан хуулиа хэрэгжиж эхлээ ч үгүй байхад нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдол олон гарч байлаа. Үүний үр дүнд төлөвлөгөө судалгаагүй, яарч сандран баталсан хуулиуд төрөн гардаг. Тийм ч учраас ихэнх хууль цаасан дээрээ үлдэж, хууль гууль боллоо гэх шүүмжлэлийн бай болдог.
Энэ бүхний хамгийн гол шалтгаан нь хууль санаачлах, боловсруулах, батлах үүрэг бүхий УИХ ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн 78 субьект л хууль санаачлах эрхтэй. Гэтэл сүүлийн үед ямар хууль санаачлахаа ч мэдэхгүй алмай байдалтай 76 хүнийг л бид УИХ-аас харах болов. Тэгээд хэлэлцэх болон батлах хууль олдохгүйн эрхэнд юухан хээхнийг ч шүүрч аваад хуулийн төсөл болгох гэж хөгөө чирч, улмаар бүр чадахгүйн эрхэнд Засгийн газраа “Хуулийн төсөл оруулж ир” гэж шахаж шаардаж суугаа нь бодит үнэн. Ийм ажилгүй УИХ-аар бид хууль батлуулахын тулд жил бүр улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөг төлдөг гэж бодоход бүр ч эмгэнэлтэй. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг чанаржуулах зорилгын үүднээс хууль болон бусад шийдвэрийн төсөл боловсруулахад зориулж гишүүдэд ийм хэмжээний мөнгийг урамшуулал болгон олгодог. Үүн дээр 76 гишүүний цалин, эдэлдэг эрх ямба, тусгай хангамж зэргийг тооцож үзвэл Монголын ард түмэн өөрсдөдөө хэрэггүй, нэмэр тусгүй хууль батлуулахын тулд чамгүй өндөр өртөг төлдөг гэж ойлгож болно.
Дээрх 2.8 тэрбум төгрөгийн төсөв гэгчээс нэг гишүүнд 20 сая төгрөг ногдох бөгөөд хууль санаачилдаггүй залхуу, хойрго гишүүдээр хууль санаачлах үндсэн ажлыг нь хийлгэхийн тулд урамшуулдаг мөнгө юм. Эсрэгээрээ нэг ч хууль санаачлаагүй гишүүнд ямар ч арга хэмжээ авдаггүй, хариуцлага тооцдоггүй. Өнгөрсөн парламентад С.Жавхлан, Б.Наранхүү гэх хоёр гишүүн нэг ч хууль санаачлаагүй гэдгийг бид мэднэ. Гэтэл тэдний үндсэн ажил нь хууль санаачлах, бас батлах л байсан шүү дээ.
Эцэстээ бүр УИХ-ын гишүүдээс юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг мэдмэгцээ парламентаас баталж буй хуулийн чанарыг дээшлүүлэхээр УИХ-ын Тамгын газар дэргэдээ судалгаа, шинжилгээний томоохон албатай болсон. Хэрвээ тэр алба гишүүдийн хийх ажлыг өмнөөс нь хийдэг юм бол УИХ гэж байхын утга ер нь байна уу! Тэгэхдээ энэ нь ажлаа хийж чадахгүй байгаа гишүүдийн тухай л яриа болохоос бус, парламентын засаглалаа өөрчилж солих тухай огт яриагүй билээ.
Зүй нь хуулийг боловсруулах шатанд дарга нарын хэрэг огтоос байхгүй юм. Тэд байвал гай л болохоос гавьяа авчрахгүй. Товчхондоо хуулийг дарга нар боловсруулж болохгүй. Тухайн хуулийг хамаарч буй салбарын судлаач, мэргэжилтнүүд л боловсруулбал сая чанарт нийцнэ. Манайд болохоор УИХ-ын гишүүд нь бүхнийг мэдэгч болж хувираад, зөвхөн өөрийн зөв гэсэн итгэл үнэмшлээр хууль батлах гэж зүтгэдэг. Иргэдийг оролцуулж, санаа оноог нь заавал тусгах ёстой шүү дээ?” гэхээр өмнөөс “Иргэд өөрсдөө тоохгүй байна” гэх бэлэн хариултыг өгөх нь бий. Логикоор хөөн бодвол тус хуулийн төсөлд хүмүүс тоож оролцохгүй байна гэдэг нь тэр хуулийн хэрэгцээ шаардлага хэрэггүй л гэсэн утга.
Перу улсын эдийн засагч Эрнандо Де Сото Монголд ирээд байхад нь нэгэн сэтгүүлч “Манай оронд батлагдсан хуулиуд огт хэрэгждэггүй нь юуных вэ?” гэж асуухад “Тэгэлгүй яахав. Тэр хуулиуд чинь бүгд дарга нарын гаргасан хуулиуд” гэж хариулсан гэдэг. Эндээс дүгнэхэд, дарга нар амьдралаас хол, хэрэгцээ шаардлага бага, эсвэл зөвхөн өөрсдөдөө ашигтай хуулиудыг л батлах магадлал их.
Өнөөдөр ямар нэгэн хууль баталсныхаа төлөө хариуцлага хүлээдэг тогтолцоо Монголд байхгүй. Тийм ч учраас хууль батлах үйл явцад төдийлөн ач холбогдол өгдөггүй УИХ-ын гишүүд олон болжээ. Санал өгөн баталж буй хуулиа байтугай санаачлан оруулж ирсэн хуулийн төслөө ч уншдаггүй гэдгийг нь бид олон жишээн дээрээс харсан.
УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилтал хоёр нь хуулийн зүйл заалтаа огт уншаагүй нь илэрсэн саяхны жишээ бий. Тус хуулийн төсөлд гарын үсэг зурсан Д.Өнөрболор, П.Анужин нар ямар хуулийн төсөлд гарын үсгээ зурж байгаагаа ч мэдээгүй байсан нь илэрч булайгаа чирсэн билээ. Ер нь УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхээ энэ мэтээр үл хүндэтгэж, үл тоож, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй юм бол УИХ хэдэн ч гишүүнтэй байсан үүргээ гүйцэтгэж чадахгүй гэсэн үг.
Баталж буй хуулийн төслөө шагайж ч харах завгүй байгаа гишүүдээс маш чамбай боловсруулсан хууль хүлээх нь ёстой л илжигнээс ухаан хүсэхийн үлгэр болж хувираад байна. Манай аль ч хууль Германы аль нэг хуулиас гурав дахин нимгэн байдаг гэнэ лээ. Аргагүй юм даа. Ядаж л манайд батлагдаж буй хуулиуд дотор өөрт нь хэрэгжүүлэх механизмыг ч хангалттай суулгаж өгч чаддаггүй. Амьдрал дээр хэрэгждэггүй нэг шалтгаан нь ч бас энэ. Тиймээс хууль баталсны дараа тэр дутуу процессуудыг нөхөх гээд сайд, дарга нар “Журам” гэх юм гаргахад хүрдэг. Тэр журам хэрхэн гарснаас хамаарч тухайн хуулийн сайн муу шалтгаалахаас гадна хэрэгжих, эс хэрэгжих нь ч сая тодордог жамтай. Ийм байж болох уу. Хэрэв ийм байж болно гэж тооцвол УИХ-ын гишүүдийн хэрэг байна уу. Тэр журам гаргаж буй сайд, дарга нар нь л хуулиа батлаад явчихад болох биш үү.
Хууль санаачлагчид маань “Энэ бол тунхагийн шинжтэй хууль” гэх тайлбарыг хэлж байхыг олонтаа сонслоо. Тэгвэл тунхаг маягтай хууль батлуулахын тулд толгой дээрээ бид 76 тэнэгийг залсан бус уу. Хуулийг хэрэглэх гэж баталдаг болсон үед улс орон цааш хөгжинө. Хуулийн систем бол аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнууд болон аж үйлдвэржиж чадаагүй орнуудын гол ялгаа болдог. Үр ашигтай, бүх хүнд хүрдэг хуулийн тогтолцоо бий болсны дараа л хөгжил ирдэг гэдгийг онолчид баталдаг билээ. Тиймд хуулийг боловсруулахаас эхлээд батлах, хэрэгжүүлэх, сайжруулах үйл явцын үе шат болгоныг өөрчлөх, дэвшилтэт арга барилуудыг нэвтрүүлэхгүйгээр цаашид бид энэ маягаараа явбал аль нэг цэгт очоод хад мөргөх нь лавтай болов.
Парламент үр дүнгүй хуралдсаар хугацаагаа дуусгадаг байдалд бид дүгнэлт хийх ёстой. Тэднээс зөвхөн сайн чанартай хууль шаардахаас гадна ард олонд хамгийн их хэрэгцээтэй байгаа тэр л хуулийг бид нэхэх учиртай. УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд юун түрүүнд хэр зэрэг тулгамдсан бэ, хэрэгцээ шаардлагын хувьд үнэхээр чухал уу гэх асуулт тавих хэрэгтэй юм. Хууль санаачлагчид болоод хэлэлцэж буй этгээдүүд маань “Бүгд л чухал, хэрэгцээтэй” гэж зүтгэх байх л даа. Гэтэл өнөөдөр Монголд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлахаас илүү тулгамдсан асуудал байхгүй юм гэж үү.
Хэдэн жил дамнан яригдаж буй гэр бүлийн тухай хуулийн өөрчлөлтийг олон нийт хараа тавин хүлээж байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэхээс УИХ үргэлж хойш сууж байна. Энэ мэт иргэдийн чухал гэж үзсэн хууль намар, хаврын чуулган дамнан хойшлогдож, харин төдийлөн ач холбогдолгүй хуулиуд дарааллын эхэнд бичигдэж байгаа нь мөн л өөрчлөх ёстой үзэгдэл.
Эцэст нь хэлэхэд, хууль санаачлах эрх бүхий субьектын хувьд УИХ-ын гишүүдийнхээ л “савны хэмжээгээр сааль авах” сонголттой бид нүүр тулж байна. Гэтэл өнөөдүүл нь үхэр мэт удаан, хойрго, дээр нь үл анзаарахгүй байхын аргагүй мулгуу. УИХ-ын гишүүдийн санаачилж буй хуулийн төслүүдийн сэдэв үнэхээр ядуу, бас явцуу. Тиймдээ ч хэн нэгнийх нь өргөн барьсан хуулийн төсөл нөгөөгийнхтэй давхцах нь нэг биш удаа. Явж явж эдгээр нь мөнөөх гишүүдийн мэдлэг боловсрол, сэтгэлгээний бяр, сэтгэлийн орцтой л холбоотой л доо. Бүхэл бүтэн 76 хүн арзайлдах атлаа олигтойхон шүүрээд авчих дөмөгхөн нэг хуулийн төсөл санаачлах амьтан нэгээхэн ч алга. Хууль санаачлах л ёстой гэдэг ганц сохор бодолтой учраас болсон болоогүй, хэрэгжих хэрэгжихгүй хууль сэдэж, төр болоод түмэнд тээр дараа болж яваа олон гишүүн энэ УИХ-д бий дээ. Мулгуу гэхэд даанч мулгуу санаа тэднээс олон удаа гарч байлаа. Тэр тоолонд УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд халдаж болохгүй гэдгээр мунхаг санааг нь хаацайлж өнгөрнө. Зүй нь хүмүүсийн аж амьдрал, ахуй харилцаатай холбоотой нийгмийн гол гэрээ болох аливаа хуулийг санаачлах, батлах эрхийг ингэж шалаар болгож унагамааргүй байгаа юм.
Ажлаа муу хийснийх нь төлөө шийтгэдэггүй юм гэхэд ажлаа муу хийх боломжийг нь хязгаарламаар санагдаж байна. Магадгүй УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг шалгуур, босготой болгож, тэднийг улам л чамбай нямбай байдалд сургамаар байна санж. Өдгөө бол УИХ-ын гишүүд хэд гурваараа нийлж, ямар ч хортой, хорлонтой хууль санаачлаад оруулаад ирж болохоор байгаа шүү. Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин, Г.Ганболд нарын гишүүд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Тэнд “Торгуулиа хугацаандаа төлөөгүй иргэн 50 хувь нэмж төлнө” гэх маягийн заалт тууж явах жишээтэй. Мань гишүүд ингэж л хөөднө. Ийм нөхцөлд эдийн засгийн явцуу сонирхол бүхий бүлгүүдийн хуулийн лобби ч хурцдах төлөвтэй. Энгийн жишээ нь Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин нарын санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хууль юм. Тэнд үндэсний аюулгүй байдалд ч ноцтойгоор нөлөөлж мэдэх заалт орчихсон явсныг олон нийт шүүмжилж байж буцаан татуулсан билээ. УИХ ямар ч хамаагүй хууль батлахын төлөө ажиллах нь буруу. Тэд зөвхөн нийгэм, улс оронд хэрэгтэй л хуулийг батлах ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол тэдний хэрэг ч үнэндээ алга. “Гай болохоос зай бол” гэдэг үг энэ тохиолдолд яг тохирно.