Хагас сарын өмнө “Эмээлт”-ийн мах бэлтгэх үйлдвэрүүдтэй холбоотой элдэв асуудал олон нийтийн дунд өрнөж, иргэд идэж буй хүнснийхээ чанар, аюулгүй байдалд эргэлзэж эхэлсэн. Улмаар хүмүүс “МХЕГ, ШӨХТГ ажлаа хий” гэх цахим акц өрнүүлж, хяналт тавьж, хариуцлага тооцох үүргээ биелүүлэхийг төрийн байгууллагуудаас шаардаж эхэлсэн юм. Олон нийт илжирсэн махнаас илүү “ялзарсан” байгууллагын асуудлыг онилж, үүрэг, хариуцлагыг нь сануулж, сахиулахыг хичээж буй нь сайн хэрэг. Учир нь эдгээр байгууллага иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, чанарын баталгаатай хүнс хэрэглэх зэрэг суурь нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй юм. Гэвч дараагийн сенсациар эхнийх нь дарагддаг сцинарын дагуу махны асуудалтай холбоотой дуулиан төд удалгүй намжив.
Хянадаггүй хяналт
Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм зорилго оршино.
Мэргэжлийн хяналтын байгууллагын эрхэм зорилго
Мэргэжлийн хяналтын байгууллага гэх сүржин сэтэр, данхар бүтэцтэй байгууллага нь,
- Байгаль орчин, геологи, уул уурхайн
- Эрүүл мэнд, боловсрол, соёлын
- Хил, хорио цээрийн
- Дэд бүтцийн
- Хүнс, хөдөө аж ахуй
- Цөмийн болон цацраг
- Хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг долоон чиглэлд хяналт тавих үүрэгтэй.

МХЕГ нийгмийн хамгаалал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөлмөр, байгаль орчин гэх мэт үндсэн долоон салбарт хяналт тавьдаг. Эдгээрээс хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин гурав хамгийн эрсдэлтэй. Учир нь тэдгээр нь хүний аюулгүй байдалтай холбоотой. Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр төрлийн хяналт шалгалт хийдэг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэдийн гомдол мэдээллийн дагуу хийдэг. Харин төлөвлөгөөт буюу урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг улирал тутам хийдэг.
Гэвч үнэн хэрэгтээ тус байгууллага дээрх зорилго, чиглэлийнхээ алийг ч төгөлдөр биелүүлж, төвшин ажиллаж чадахгүй байгаагийн улмаас иргэд идэх хүнсэндээ ч эргэлзэхэд хүрээд байна.
Хянадаггүй хяналт
Бизнес эрхлэгч, МХЕГ-ын байцаагч хоёр хэзээний хонь, чоно байсаар ирсэн. Энэ нь ч аргагүй биз. Хяналтын байцаагч хувийн хэвшлийнхнийг торгож, бараа бүтээгдэхүүнийг нь “тонодог” явдал бүр ужиграв. Тиймээс хяналын байгууллагууд цагдан шалгахаас илүү зөвлөн туслах арга барилаар ажиллах хэрэгтэйг шат шатандаа ярьж, сая нэг өөрчлөгдөж мэдэхээр болсон юм. Тодруулбал, зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг гуравдугаар сарын 11-ний өдөр Засгийн газар өргөн мэдүүлэн, саяхан анхны хэлэлцүүлгийг нь хийсэн юм. Ийн аж ахуйн нэгж төрийн байгууллагын дарамт, шахалтаас ангид байх боловж бүрдэв. Гэхдээ энэ нь сул талтай. Угаас ажлаа бүрэн хийж дөнгөдөггүй дээрх байгууллагын алба хаагчид бүр ажиллахгүй байхад ч хүрч мэдэхээр байгаа юм. Үүний жишээг өнгөрсөн хоёр жил болж өрнөсөн асуудлуудаас харж болохоор байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас МХЕГ төлөвлөгөөт хяналт шалгалтаа цуцласан юм. Мөн хугацаанд бурхангүй газрын буг галзуурна гэгч биелэлээ олсон. Үүнийг ганцхан жишээгээр тайлбарлая.
Жишээ
Сүүлийн жилүүдэд манай улсад гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэг олширч, үйлчилгээний төрөл, хүртээмж нь ч нэмэгджээ. Үүнийг дагаад эхээс төрсөн төрх, зүсээ эмнэлгийн аргаар гоодож, өөрчлөх хүсэлтэй хүн ч олшров. Гэхдээ эрэлт их байгаатай холбоотойгоор гоо сайхны хагалгаа хийх нэрийдлээр иргэдийг эрүүл мэнд, эд хөрөнгийг “суульдаг” байгууллага, хувь хүн ч цөөнгүй байна. Гоо сайхны эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгууллага нь МХЕГ болон НМХГ. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх байгууллагууд нэг ч удаа төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээгүй байгаа юм. Үүнийгээ Ковид19 халдварын тархалттай холбож тайлбарлах аж. НМХГ “Манайх гоо сайхны мэс засал хийдэг эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээд, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг байсан. Гэхдээ сүүлийн хоёр жил Ковид19 халдварын улмаас төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. Зөвхөн иргэдээс ирсэн гомдол мэдээллийг дагуу хянадаг” гэсэн юм. Ийнхүү дураараа дургиж буй гоо сайхны эмнэлгүүдэд хариуцлага тооцож, хяналт тавих байгууллага, хууль, дүрэм байхгүйн балгаар иргэд эд эрхтэн, хөрөнгө мөнгөөрөө хохирсоор л байна. Гоо сайхны мэс засал хийлгэх эсэх нь хувь хүний сонголт байж болох ч энэ салбарын үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд чангатгаж, хянахгүй бол хэчнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирохыг тааж хэлэхэд бэрх.
Түүнчлэн дээр дурдсанчлан МХЕГ үндсэн долоон чиглэлд хяналт тавьдаг. Тэдгээрийн нэг нь барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал юм. Тус байгууллагын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар гэсэн том нэгж нь барилга байгууламжийн угсралт, хийц, аюулгүй байдал зэрэгт цогц хяналт тавих үүрэгтэй. Гэвч ажлаа огт хийхгүй байгааг нийслэлийн энд тэнд баригдаж буй аюулгүй байдал, чанар, стандарт хангаагүй барилгууд бэлхнээ гэрчилнэ.
Мэргэшээгүй мэргэжилтэн
Одоогоос таван жилийн өмнө “Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дональд Макрей Монгол Улсад төрийн хяналт шалгалт ямар түвшинд байгааг судалсан өөрийн судалгаан дээр үндэслэн дараах дүгнэлтийг хэлж байв. Тэрээр “Хяналтын байгууллагууд цагдан шалгах чиг хандлагаас зөвлөн туслах арга барил руу шилжих шаардлагатай. Мөн тэд мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн бай ёстой боловч энэ түвшинд мэргэшүүлэх институт дутагдаж байна” гэжээ.
Хяналтын байгууллагын алба хаагчид мэргэжлийн байх шаардлагатай хэдий ч мэргэшүүлэх институт алга гэж хэлсэн түүний дүгнэлтэд өнөө ч өөрчлөлт ороогүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэргэшсэн мэргэжилтэн хангалтгүй төдийгүй салбар ахалж буй дарга нь ч энэ чиглэлийн мэргэжилтэн биш юм. Тодруулбал, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. Түүнчлэн 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос УБЕГ-ын дарга, 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин одоо МХЕГ-ын даргын албыг хашиж байна. Хүн ардын эрүүл мэнд, амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэгтэй мэргэжлийн хяналтын байгуулгыг хуульч мэргэжилтэй хүн ахалж байгаа нь учир дутагдалтай юм.
Дотоод хяналт гэдэг бол аж ахуйн нэгжийн хувьд дархлаа, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах баталгаа юм. Гэтэл хяналтын хамгийн "том", чухал байгууллага нь ийм байдалтай ажиллаж байгаагийн улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нь нууц биш.