Хөдөө рүү нүүцгээе

Нийслэлийн утаа, түгжрэл, стресс, бохирдол, автомашины зогсоол болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэргээс шалгаалж хөдөөг зорих иргэд сүүлийн жилүүдэд цөөнгүй нэмэгдэж байна. Энэ хүрээнд “Хөдөө нүүлээ” хөдөлгөөн хүртэл өрнөж, ид хөдөлмөрийн насны голдуу залуус гэр бүлээрээ орон нутгийг зорьсон юм. Засгийн газар ч энэ асуудалд анхаарал хандуулж, цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөснийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өнгөрсөн баасан гарагт өөрийн цахим хуудаснаа танилцууллаа. Тодруулбал, орон нутагт ажиллаж амьдрахыг төсвийн бодлогоор хэрхэн дэмжиж байгааг танилцуулсан юм. Оновчтой гэмээр цөөнгүй бодлогын шийдвэрүүд энд багтжээ. Хөдөө рүү нүүх иргэдийг 2022, 2023 онд Засгийн газраас хэрхэн дэмжихээр болсныг хүргэе.

Энэ онд ингэж дэмжинэ

2022 онд хэрэгжүүлж эхлэхээр хоёр ажлыг төлөвлөжээ. Эхнийх нь хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгох, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даахаар зохицуулжээ. Мөн хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор төсвийн тодотголд тусгажээ.

Харин ирэх онд...

-Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлнө.

-Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна.

-Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно.

-Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ гэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү ажлууд бодитой хэрэгжиж чадвал хөдөөг зорих иргэдийн тоо огцом ихсэхгүй ч бага ч болов хэмжээгээр өсөн нэмэгдэнэ. Хөдөөг зорих их нүүдэл эхлэхээс өмнө өнгөрсөн хугацаанд хөдөөг зорьсон иргэдээ эргэн нэг тольдъё. Өнгөрсөн хугацаанд хөдөөг зоригсод “хэн” байсан бэ.

Төв аймаг руу хамгийн олон, Баян-Өлгий рүү хамгийн бага иргэн шилжин суурьшжээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2015-2020 оны хооронд нийт 43478  иргэн Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжсэн байна. Хамгийн олон иргэн шилжсэн нь Төв аймаг /4665/ байгаа бол дараагаар нь Орхон /3350/, Дархан-Уул /3052/ байна. Харин иргэд хамгийн бага шилжсэн аймгуудад Говьсүмбэр /780/, Баян-Өлгий /628/ багтаж байна.

Хотоос хөдөө рүү шилжих иргэдийн 35 хувь нь дээд боловсролтой

Хотоос хөдөө рүү чиглэх иргэдийн ихэнх нь 20-29 насны иргэд байна. Хүйсээр авч үзвэл 9859 иргэн нь эмэгтэй бол, 7085 нь эрэгтэй байна. 60-аас дээш насны иргэд хамгийн бага шилжсэн бөгөөд 2015-2020 онд 794 эрэгтэй, 1022 эмэгтэй хөдөө орон нутаг руу шилжин суурьшжээ. Боловсролын зэргээр нь судалж үзвэл 35 хувь нь дээд боловсролтой, хоёр хувь нь магистрын зэрэгтэй, 12 хувь огт боловсролгүй, 6 хувь нь бага, 9 хувь нь дунд, 29 хувь нь бүрэн дунд, 6 хувь нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн, нэг хувь нь дипломын боловсролтой байна.

Ихэвчлэн гэрлэсэн, хүүхэдтэй хүмүүс шилжиж буй бөгөөд 41 хувийг эзэлж байна

Гэр бүлийн байдлыг авч үзвэл гэрлэсэн, хүүхэдтэй хүмүүс хөдөө орон нутгийг зорьж байна. Судалгаанд өгүүлснээр 41 хувь нь гэрлэсэн, хүүхэдтэй, 38 хувь нь огт гэрлээгүй, 16 хувь нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, нэг хувь нь салсан, гурван хувь нь бэлэвсэн иргэд байна. Өөр нэг сонирхол татахуйц зүйл нь ихэвчлэн хөдөлмөрийн насны, ажил эрхэлдэг хүмүүс зорьж байна. Буцах шилжих хөдөлгөөн хийсэн иргэдийн 20992 нь ажилтай, 1519 нь ажилгүй, 13003 нь хөдөлмөрийн чадваргүй буюу хөдөлмөр эрхлэх насны бус, хөдөлмөр хийх боломжгүй иргэд юм.

“Буцах” шилжилт хөдөлгөөний судалгаанд юуг өгүүлэв

Хөдөө рүү чиглэсэн иргэдийн талаарх хамгийн сүүлийн судалгаа нь Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран 2021 оны тавдугаар сард хийсэн “Монгол Улс дахь буцах шилжилт хөдөлгөөний хандлага” судалгаа юм. Уг судалгаанд найман аймгийн 42 шилжин суурьшигчид оролцсон бөгөөд цаашид Үндэсний статистикийн хороотой хамтран илүү дэлгэрэнгүй судалгаа хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Хоёр саяас дээш орлоготой иргэд “буцагсдын” 10 хувийг эзэлж байна

Энд дурдсанаар “буцагсдын” 34 хувийг 18-39 насныхан, 20 хувийг 10-17, 19 хувийг 40-59 насныхан буюу ихэвчлэн хөдөлмөрийн насны гэр бүл бүхий иргэд эзэлж байна. Ажилгүй иргэд 27 хувийг эзэлж буй бол ажилтай иргэд 24 хувийг эзэлж байна. Мөн энд дурдсанаар оюутнуудын 11 хувь нь орон нутаг руугаа эргэн очсон байна. Голчлон дундаж орлого бүхий иргэд буюу 300-500 мянган төгрөгийн орлоготой хамгийн өндөр нь байгаа бол үүний дараагаар 500 мянгааас 1 сая төгрөгийн цалинтай иргэд 20 хувь, 300 мянгаас бага орлоготой, 1-2 саяын орлоготой иргэд адил тэнцүү 15, 15 хувийг эзэлж байна. Өөр нэг сонирхолтой дүн нь хоёр саяас дээш орлоготой иргэд 10 хувийг эзэлж байна. Харин огт орлогогүй иргэд 17 хувийг бүрдүүлж байна.

Өндөр орлогын төлөө бус тогтвортой орлого болон амьдрах тухтай орчны төлөө шилжжээ

Хоёр саяас дээш орлоготой иргэд орон нутагт шилжин суурьшсанаар орлого нь эрс мууджээ. 1-2 саяын орлоготой иргэд хэвэндээ буй бол 500000-1 сая, 300-500 мянган төгрөгийн орлоготой иргэдийн орлого нь хөдөө очоод нэмэгдсэн бол 300 мянгаас бага болон огт орлогогүй иргэдийн орлого нь улам дорджээ. Үүнийг судалгааны байгууллагын зүгээс тайлбарлахдаа иргэд өндөр орлогын төлөө бус илүү тогтвортой орлого болон амьдрах орчноо сайжруулах зорилгоор шилжиж байна гэсэн дүгнэлтийг хийсэн юм.

Иргэдийн 60 хувь нь бизнес, орон байр, зээл, татвар, газрын өмчлөл дээр дэмжлэг  хүсжээ

Шилжин суурьшигчид хэр сэтгэл ханамжтай талаар судлахад шилжин суурьшигчдын 92 хувь нь зарим талаар, 65 хувь нь бүрэн сэтгэл ханамжтай байна гэж хариулжээ. Гурван хүн тутмын хоёр нь сэтгэл хангалуун байна гэж тооцвол ерөнхийдөө маш сайн, эерэг үзүүлэлт. Хөдөөг зорьсон иргэд юу хүсч байна вэ. Энэхүү асуултын хариуг “Шилжин суурьшигчдын санал, зөвлөмж” хэсэгт өгүүлжээ. Тэдний 60 хувь нь бизнес эрхлэх, орон байртай болох, зээл, татварын хөнгөлөлт, газрын өмчлөл дээр дэмжлэг хэрэгтэй гэжээ. Харин 26 хувь нь сум, аймгийн дэд бүтэц, барилга байгууламжийн чанарыг сайжруулах тал дээр дэмжлэг хэрэгтэйг онцолжээ. Орон нутагтаа шилжин суурьсан иргэдийн 25 хувь нь буюу дөрвөн иргэн тутмын нэг нь шилжиж очоод тулгарсан хамгийн том хүндрэл, бэрхшээлд бизнес, хөдөлмөр эрхлэлтийн боломж бага зэргийг нэрлэсэн бол хөгжил буурай, төрийн үйлчилгээний чанар муу байгааг шүүмжилжээ.

Тэд юу зөвлөв

Хөдөөг зорьсон иргэдийн төлөөлөл болгож Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуулийн багш Л.Мөнхзаяа болон Архангай аймагт гэр бүлээрээ амьдарч буй Б.Өлзиймөнх нартай ярилцсан юм. Хөдөө амьдрахын сайхан хийгээд бэрхшээл, төр засгийн зүгээс юунд дэмжлэг өгөөсэй гэж хүсч байна, нутагтаа хийхээр төлөвлөсөн ажил, хөдөөг зорих гэж буй бол юунд анхаарах ёстой талаар тэдний туршлагаас судалсан юм.

Л.Мөнхзаяа: Хөдөө багшлах сонирхолтой олон залуу холбогдсон

Хөдөөд жаргалтай амьдарч буй эхний хүн бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн багш Л.Мөнхзаяа. Түүний хувьд график дизайнер, зураач мэргэжилтэй. 2014 онд Итали улсыг зорьж Перужа хотын Дүрслэх урлагийн академид долоон жил суралцаад 2021 онд төгсөж ирсэн даруйдаа Хутаг-Өндөр суманд дүрслэх урлагийн багшаар ажиллаж буй юм.

2021 оны наймдугаар сараас эхлэн Хутаг-Өндөр суманд одоог хүртэл багшилж буй тэр амьдарч буй нутгийнхаа байгальд нь татагдаж ирсэн болохоор “Уул ус руу төвөггүй хүрээд очдог нь сайхан” гэлээ. Зунаас өөр улиралд хөдөө байж үзээгүй түүний хувьд хөдөөний өвөл мэдээж “чанга”. Харин түүний хувьд ирснээсээ хойш төвийн халаалттай, дотроо ариун цэврийн өрөөтэй байр түрээслэсэн болохоор энэ жил зутралгүй өвлийг давжээ. “Өөрөө гал түлж, ус зөөж амьдарна” гэвэл хэцүү л байх. Өвөл найзыгаа тэгж амьдарч байгааг хараад сэтгэлээр унасан. Аль болох тав тухтай амьдрах арга л хайж байна” гэсэн юм.

Түүн рүү хөдөө багшлах сонирхолтой олон хүн холбогдсон бөгөөд эхний ээлжинд тав тухтай амьдрах байраар нь хангаад өгвөл хүмүүс дуртайяа ирэх байх гэсэн бодлоо хэллээ. Түүнээс  нутагтаа шинээр хийхээр төлөвлөж буй санал санаачилгыг тодруулахад “Дүрслэх урлагаар дамжуулж өөрчилж болох олон зүйл байдаг. Хамгийн түрүүнд хог хаягдлыг л багасгамаар байна. Дугуйлангийн хүүхдүүдтэй Улаанбаатарт орчин үеийн дэглэлттэй үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Үзэсгэлэнд хог хаягдалтай холбоотой сануулга өгсөн, дуу хоолойгоо өргөсөн бүтээлүүд байгаа” хэмээн өгүүллээ. Тэрээр “Хөдөө амьдрахад бэрхшээлүүд зөндөө тохиолдоно. Сайн бодож төлөвлөөд хөдөө ирчихсэн сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө байдаг. Би бол ямар ч төлөвлөгөөгүй ирсэн. Өөрсдөө хот, хөдөө гэсэн зааг ялгаа гаргахгүй бол байдаг л хүмүүс хөдөөд байгаа шүү дээ” гэлээ.

Б.Өлзиймөнх: Гэр бүлдээ болон хоббиндоо, эрүүл мэнддээ гаргах цаг завтай болсон

Б.Өлзиймөнхийнх 24, 25 настай залуу гэр бүл. Тэдний гэр бүл 2021 оны наймдугаар сард Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сумыг зорьсон. Гэр бүлийнх нь хүнийг Г.Нинжбадгар гэдэг бөгөөд хүү нь одоо 10 сартай. Хөдөө суурьшаад  нэг жил болох гэж байгаа тэд Улаанбаатар хотноо зургаан жил амьдарсны эцэст хөдөөг зорьсон юм.

Б.Өлзиймөнх хөдөө амьдрахад олон сайхан давуу тал бийг онцлоод “Ажил руугаа явахдаа таван минут, буцаад харихдаа таван минут зарцуулдаг. Очоод зогсоол байхгүй байна гэж цаг алдахгүй. Үдийн цайгаараа гэртээ ирж хоол ундаа идчихээд 30 минут дугхийгээд ажилдаа явдаг. Гэрээсээ гараад л дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Утаа униар гэж байхгүй. Сүү цагаан идээ борлуулдаг хажуу талын айлаасаа ямар ч хольцгүй цагаан идээ худалдаад авчихна. Маханд ямар нэгэн хольц бодис орсон гэж санаа зовох зүйл байхгүй. Ер нь эрүүл эко амьдрах боломж бүрдсэн нь сайхан” гэсэн юм.

Сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээний байгууллагууд нь бүгд ойр байрладаг учраас ямар нэгэн төрийн үйлчилгээ авах гэж хугацаа алдах шаардлагагүй байдгийг хэллээ. Түгжрэлд хайран цагаа үрэхгүй байгаа учраас гэр бүлдээ болон өөрийгөө хөгжүүлэх, хоббиндоо, эрүүл мэнддээ гаргах цаг зав бий болжээ. Хотод байхдаа тэр өглөө гараад л 21.00, 22.00 цагийн үед гэртээ ирдэг байсан бөгөөд гэр бүлийн хүнтэйгээ таван үг сольсон болоод л унтдаг, шөнөөр хоолоо иддэг, ямар ч цаг зав байхгүй байснаа онцоллоо.

“Хөдөө гэхдээ бүх зүйл нь сайхан биш. Бэрхшээлүүд ч гэсэн бий” гэсээр өөрт тохиолдсон бэрхшээлүүдээ ийн ярилаа. Тэрээр “Ажлын байр маш хомс. Миний хувьд арван сар хүлээсний эцэст ажилтай боллоо. Жижиг суманд гэхэд намын талцал их. Дөнгөж байр сууриа олох гэж буй залуусыг тэрний хүн, энэний хүн гэж нэр өгнө. Ажлын байр гараад орох гэхээр “Танай ах нар дүү нар чинь эсрэг намынх” зэргээр ажилд авахгүй, сонгуулиар ажил өгнө гэж амласан хүнээ сонгон шалгаруулалтгүйгээр авах зэрэг зүйлүүд ажиглагдаж байсан. Үүнээс гадна өргөн хэрэглээний барааны өртөг өндөр. Янз бүрийн зүйл хийхээр болвол хот руу захиж авчруулахаар тээврийн зардал нэмэгддэг. Дэлгүүрээс хүнс авахад богино хугацаанд хадгалах хүнсний хугацаа нь дууссан байдаг” хэмээлээ.

Түүний хувьд бүхнийг шинээр эхэлж буй залуус хөдөө шууд очоод амьдарна гэхэд хэцүүг хэллээ. Тиймээс төр засгийн зүгээс хөдөө орон нутагт суурьших гэж буй, бүхнийг шинээр эхэлж буй залууст зориулаад хашаа байшингаа барихад нь зориулж бага хүүтэй зээл олгох, бизнесээ эхлүүлэх бага хүүтэй зээл олговол залуус өөрсдөө цааш нь амьдралаа дээшлүүлээд явах боломжтойг онцолсон. Б.Өлзиймөнх нутагтаа амьдарч болохыг өөрийн биеэр үлгэрлэж харуулахын зэрэгцээ хүүхэд залууст зориулсан хувь хүний хөгжлийн сургалтын төв, цаашлаад хотод л байдаг хөдөөд байдаггүй олон зүйлийг бий болгохыг зорьжээ. Жишээлбэл, алсдаа фитнесс клуб, спорт заал, саун, душ хийхээр төлөвлөж байна. Хотоос хөдөө рүү шилжих гэж буй бол ажлын байр хомс гэдгийг маш сайн ойлгож, болж өгвөл ажлаа олчихоод шилжээрэй гэсэн юм. Түүнчлэн тухайн орон нутгийнхаа давуу болон сул талыг судалж, жишээлбэл, аялал жуулчлал, газар тариалан, бизнесийн алийг нь эрхлэх боломжтойгоо мэдээд хүн амын тоо, зам, харилцааг ч судлах хэрэгтэйг санууллаа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)