Цар тахлаас өмнө үнэрлэх мэдрэмж буурахыг төдийлөн анзаардаггүй байсан хүмүүс эдгэрсэнийхээ дараа бидний үнэр таних чадвар илтэд буурч, байгалийн төрөлх өгөгдөл алсарч буйг илүүтэй мэдэрчээ. Анчин гөрөөчин амьдралтай балар эрт үедээ хүн төрөлтөн гагц үнэрээр аюул заналыг холоос мэдэрч, идэх хоол, уух усныхаа шимтэйг сонгож чаддаг байв. Харин одоо бидний хамар шинэхэн сүүг гашилснаас ялгаж чадах ч үнэрлэхээс хугацаа заасан шошго харахыг илүүд үздэг. Үнэрлэх мэдрэмжийг хүнд төдийлөн хэрэгтэй зүйл биш гэж үзэх хэсэг ч бий. Бүр хувьслын онолыг нотолсон биологч Чарльз Дарвин хүртэл амьд ахуйдаа “Үнэрлэх мэдрэмж нь харах, сонсголын мэдрэхүйтэй харьцуулахад хүнд маш бага хэрэглэгддэг" хэмээн өгүүлж эрдэмтэн, философичдын дунд маргаан тарьж байв. Сүүлд 2011 онд дэлхий даяар 7000 залуусын дунд санал асуулга явуулахад тэдний дийлэнх нь зөөврийн компьютер эсвэл ухаалаг утсаа алдахын оронд үнэрлэх мэдрэмжээ гээхэд бэлэн гэж хариулжээ.

Гэтэл бодит байдал дээр үнэр мэдрэхгүйгээр амьдрах тун амаргүй. “Fifth Sense” буяны байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд аносми буюу үнэрлэх чадвараа алдах эмгэг нь хүний хоол хүнс, хүрээлэн буй орчноос авах таашаал ханамжийг бууруулж, ганцаардал, сэтгэл гутралд хөтөлдөг ажээ. Цаашлаад аносми өвчтэй хүмүүсийн 92 хувь нь үнэрлэх мэдрэмжээ алдахаас өмнөх үеэс бага хооллож, ресторанд очихоос бүрмөсөн татгалздаг. Шинэ жор туршиж, амтлах баяр баясгаланг мэдрэхээ больсон тул хоол унд бэлтгэх нь илүүтэй дарамт, түгшүүр дагуулах болсныг ч өгүүлсэн юм.

Дээр өгүүлсэнчлэн Ковид19 халдвараар өвчлөгсөд үнэр амтаа алдсан шиг хүмүүс нэг дор ийм олноороо аносми эмгэгт өртөж байсангүй. Чухам тахлын дараагаас л хамар хамгийн чухал эрхтэн болохыг сэхээрч эхэллээ. Тэгвэл зөвхөн үнэрлэх бус бид хоол хүнсээ хүрэлцэж мэдрэх дадал зуршлаа аажмаар гээж буйг эрдэмтэд санууллаа. Муудсан төмсийг хурууныхаа өндөгөөр дараад л мэдчихдэг байсан үе биднээс хэр алсарсан бэ?

Гээгдсэн боловсрол

Хоол хүнснээс мэдрэхүйн холбоо тасарсан нь буруу хоололт, таргалалтын шалтгаан ч болж буй. Орчин цагт энэ нь бүр нялх балчир цагаас эхэлдэг. Дэлгүүр мухлагт элбэг тааралдах савласан нухашийг аваад үзье. Олон төрлийн жимс, ногоогоор баялаг гэх шошготой бэлэн нухаш эцэг, эхчүүдийн ажлыг хөнгөвчилөхөөс бус хүүхдийг жинхэнэ амт мэдэрч, өөрийн гэсэн хооллох далал зуршилтай болоход тусалдаггүй гэж Нийгмийн эрүүл мэндийн хоол тэжээлийн мэргэжилтэн доктор Хелен Кроули анхаарууллаа.

Түүний санаачилсан “TastEd” нэртэй хоол, шим тэжээлийн боловсрол олгох хөтөлбөрийг өдгөө Британийн 160 гаруй цэцэрлэг, сургуулиудад хэрэгжүүлж буй. Хичээлийн үеэр хүүхдүүд хүнсний үндсэн бүтээгдэхүүнийг харах, хүрэх, үнэртэх, сонсох, амтлах үе шаттайгаар шим тэжээлийн боловсрол олж авдаг. Түүхий лууван, улаан лооль огт амсаж үзээгүй, сонгино, төмс боловсруулаагүй байхдаа ямар дүрстэй байдгийг ч мэддэггүй арван настнуудад уг хичээл гойд таалагдах болжээ. TastEd одоо хүрээгээ тэлж Франц, Нидерланд төдийгүй Нордикийн орнуудын сургалтын хөтөлбөрт багтан хүүхдүүд ангидаа шинэ ногоо, жимс жимсгэнэ авчирч, бүх мэдрэхүйгээ ашиглан тэдгээртэй харьцдаг.

Хоол хүнс хаанаас ирдэг вэ гэж асуухад англи хүүхдүүд "Супермаркетаас" гэж хариулдаг байсан. Одоо тэд "Ээжийн iPad-аас" гэж хэлдэг. Хүүхдүүд хоол хүнсний гарал үүслийн талаар ямар ч ойлголтгүй болсны энгийн жишээ л дээ. Премьер лигийн хөлбөмбөгийн багуудыг нэрлэж чаддаг ч интоор жимс дотроо ястай гэдгийг хүүхдүүд мэддэггүй болсон. Гааны навчны үнэрийг бохь, шампуниар төсөөлдөг үеийнхэн өсөж өндийж байна.

Сургуульд ийм төрлийн мэдрэхүйн хоолны боловсрол олгох нь илүүц гэж үзэх хүмүүс бий. Үнэндээ хүүхдүүд гэртээ ийм зүйл сурдаггүй гэж үү? Магадгүй 20-30 жилийн өмнө тийм байсан ч одоо бол нөхцөл байдал өөр болсон. Зарим эцэг, эх хүүхэдтэйгээ ширээний ард тухтай хооллох завгүйгээр олон цагаар ажилладаг тул захиалгын хоолоор хоногийг өнгөрөөнө. Харин орлого багатай хэсэгт шинэхэн мах, ногоо хүртэнэ гэдэг ховорхон тохиолдол. Дэлхий даяараа дундаж давхаргынхан супермаркетын лангуунаас боловсруулсан, савласан бүтээгдэхүүн сонгож буй үед идэж буй хүнснийхээ анхдагч хэлбэр, үнэр, амтыг хэрхэн таньж мэдэх билээ. Финландын сургуулийн өмнөх насныханд мэдрэхүйд суурилсан хоол хүнсний боловсрол олгосноор жимс жимсгэнэ, навчит ногоо зэрэг шим шүүстэй хоол сонгох хүүхдүүдийн тоо нэмэгджээ.

Үнэрлэхэд үг дутна

Нийгэм шинэчлэгдэхийн хэрээр үнэрлэх мэдрэмж багасаж, хараа илүү чухал болсныг антропологичид нотолдог. Тэгвэл Йоркийн их сургуулийн профессор Асифа Мажидын судалгаагаар эртний амьдрах хэв маягаа орхиогүй анчин гөрөөчин омгийхон үнэрээр таньж мэдрээд зогсохгүй үнэр бүрийг өнгө шиг амархан тодорхойлдог онцлогтой ажээ. Жишээлбэл, Мексикийн нүүдэлчин сери үндэстнүүд далайн арслангийн өвөрмөц үнэр, муудсан буурцагны үнэр, шатсан буурцагны үнэр, далайн яст мэлхийгээр хоол хийх үнэр, гашуун зөгийн балны үнэрийг ялгах өөр өөр үгстэй. Серичүүдийн хувьд энэхүү үнэрийг илтгэх баялаг үгс нь өдөр тутмын амьдралынх нь чухал хэсэг юм. Тэгвэл эсрэгээрээ Лондон эсвэл Нью-Йоркт амьдардаг хэн нэгэнд нь шатсан шош үнэртүүлэхэд “өмхий” гэсэн ганцхан үгээр хариулна. Хонконгийн хүнсний захаар үйлчлүүлж буй настайчууд хоол хүнсний үнэрийг тодорхойлохдоо залуусаас хавьгүй өргөн үгийн сантай. Ахмадууд давсалсан загас, исгэлэн дүпү, хуучирсан самрын үнэрийг хэлдэг бол залуу худалдан авагчидтай зөвхөн “эвгүй үнэртэй, өмхий" гэсэн үгсээр л хэл нэвтрэлцэнэ. Хуршсан мах, богшсон цай, хөгцөрсөн ааруул гэж хэлэх багачууд ч монголчуудын дунд ч ховордсон нь үнэрлэхэд үг дутдаг болсны дохио гэлтэй.

Хоолоо сонгох эрх

Францын түүхч Мадлен Ферриерсийн өгүүлснээр дундад зууны үед худалдан авагч захаас хүнс авахдаа таван мэдрэхүйгээ ашигладаг хуультай байжээ. Хамгийн эхэнд үнэрлэж үзэх нь "өмхий үнэртэй бүхэн үхдэг" гэдэг үгээс үүдэлтэй. Дараа нь үнэхээр шинэхэн эсэхийг батлахын тулд гартаа барьж, жинлэн хэмжиж, сэгсэрч сонсоно. Эцэст нь, худалдан авагч тухайн бүтээгдэхүүн нь идэхэд тохиромжтой эсэхийг мэдэхийн тулд бага зэрэг амталж болно. Өдгөө ч Францын иргэний хуулинд хэрэглэгч тухайн хүнснийхээ дээжийг худалдан авахаасаа өмнө гартаа хүрч амтлах эрхтэй байдаг.

Хятадууд тарвас боловсорч гүйцсэн эсэхийг шалгахын тулд дардаг уламжлалтай бол англичууд алимыг сэгсэрч сонгодог. Учир нь алим боловсорсон бол үр нь зөөлөн чимээ гаргадаг аж. Энэ мэтчилэн улс үндэстэн бүрд хоолоо сонгох дадал зуршил багахан ч атугай хадгалагдаж үлдсэн ч хүнс худалдаж авахдаа түүнтэй харьцах мэдрэхүйн чадвараа алдсаар буйг дэлхий даяар задгай захуудыг супермаркетаар эрчимтэй сольж байгаа үйл явцаас харж болно.

2000-аад оны эхээр Францын социологичид супермаркетууд гарч ирснээр Вьетнамд хүнсний дэлгүүр хэсэх мэдрэмж хэрхэн өөрчлөгдсөнийг судалжээ. Уламжлалт зах дээр вьетнам худалдан авагчид хүнсний мэдрэхүйн чанарт ихээхэн анхаарал хандуулдаг байв . Тэд ягаан улаан өнгөтэй, иш нь бүрэн бүтэн, улаан лооль хайж захаар бүтэн тойрч чадна. Мах худалдаж авахдаа үнэртэж, шинэхэн эсэхийг нь шалгахын тулд хуруугаараа хүрнэ. Тэгвэл Вьетнамд супермаркетууд хурдацтай өргөжиж эхэлснээр ийм төрлийн мэдрэхүйн ажиглалт боломжгүй болжээ. "Супермаркетад би хайхгүйгээр худалдан авдаг" гэж нэг үйлчүүлэгч өгүүлсэн юм. Энэ бол сүүлийн 50 жилд үргэлжилж буй хоол тэжээлийн шилжилтийн үр дүн ажээ.

Эдийн засгийн хөгжлийн явцад дэлхий даяар хүнсний хэрэглээ өөрчлөгдсөн. Бид хоолноос хөнгөн зууш руу, амттайгаас чихэрлэг рүү, үндэстний идээ зоогноос үндэстэн дамнасан компаниудын савласан ижил төрлийн хэт боловсруулсан хүнсэнд автсан.

Энэхүү хоол тэжээлийн шилжилтийн үр дүнд дэлхийн өлсгөлөнгийн түвшин буурч байгаа ч чихрийн шижингээс эхлээд зүрхний өвчин, сэтгэл гутрал, астма болон зарим төрлийн хорт хавдар зэрэг хоолны дэглэмтэй холбоотой өвчний тархалт асар их нэмэгдэхэд хүргэжээ. Бразил зэрэг дундаж орлоготой орнуудад илчлэг ихтэй ч бие эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бичил тэжээл, уургийн дутагдалд орсон хүмүүсийн тоо нэмэгдсээр буй.

Тэгвэл эрүүл хооллохын тулд бид юу хийж чадах вэ? Хоолны тухай таван мэдрэхүйгээ ашигла гэж зөвлөх байна. Үнэрлэх, сонсох, хүрэлцэх эрхтнүүдээ оролцуулалгүйгээр хоол иддэг хүн царцсан шилээр ертөнцийг харж буйтай адил гэдэг. Хэдэн калори агуулдаг вэ гэж асуухын оронд амтлахаасаа урьтаж үнэрийг нь таашаагаад үзээрэй.