Сүүлийн 10 жилийн хугацаанд жолооч, автобусны кондуктор, бичээч гэх мэт олон төрлийн ажлын талбарууд технологийн шилжилтээс үүдэж бүдгэрч алга болжээ. Цахим сувгууд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэнээр хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйд устаж үгүй болох ажлын байрны жагсаалт өдөр ирэх бүр нэмэгдэж байна.
Төсөөлөл биеллээ олов
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний үйл ажиллагаа ажил, мэргэжлийг технологи орлодог болох нь цаг хугацааны асуудал боллоо. Бидний үзэж өссөн хүүхэлдэйн болон зөгнөлт кинон дээр гардаг шиг нисдэг машин, худалдагчгүй дэлгүүр гэх мэт үзэгдлүүд дэлхийн зарим оронд биеллээ олж байна.
Сүүлийн арван жилд гэхэд л өөртөө үйлчлэх технологи хэтийг давж түргэн хоолны салбараас эхлээд банк, тасалбар түгээгч гэх мэт маш олон ажил мэргэжлүүдийг технологи орлож буй. Цаашид ч энэ олон салбар мэргэжлүүд цар хүрээгээ тэлж, хувьсан өөрчлөгдөх нөхцөл бүрдээд байгаа юм. Үүнийг аж үйлдвэрлэлийн IV хувьсал гэж дэлхий дахинд үзэж буй. Аж үйлдвэрийн IV хувьсгал гэдэг нь автоматжуулсан үйлдвэрүүд амьдралд нэвтэрч, аж үйлдвэрт гарсан томоохон дэвшил, түүнтэй холбогдон гарсан нийгмийн бүтцийн өөрчлөлтийг хэлэх аж.
Энгийн нэг жишээ авч үзвэл газар тариалан эрхлэгчийн багаж хэрэгсэл нь гар, үхэр тэрэг байсан бол өнөөдөр газар тариалангийн автомат дрон хүртэлх хувьслыг нэрлэх боломжтой. Цаашид таксины жолооч, аялал жуулчлалын компаниуд, худалдагч, номын санч, банкны теллер, оёдолчид гэх мэргэжлүүдийг ч хүртэл техник технологи орлох нь ойлгомжтой болсныг аж үйлдвэрлэлийн IV хувьсалд авч үзжээ.

Дижиталчлал нь нэгдүгээрт, урьд нь холбоогүй байсан бүх юмыг холбож байна. Хоёрт, бүгдийг ухаалаг болгож байна. Өөрөөр хэлбэл, маш олон зүйлийг компьютер, технологи хийж өгч байна. Гуравт, ардчилалд байгаа юм. Хөгжил нэг яам удирдаж, нэг том компаниар дамжиж ирэх биш, харин бүх хүн тэгш эрхтэй оролцогч болж ирж байна. Дөрөвт, энэ бүхнийг дэлхийтэй хөл нийцүүлж буйгаараа мэдээллийн технологийн боломж чухал юм. Дүгнээд хэлбэл, дижитал шилжилт хийе, дижитал ертөнцөд нэгдье гэвэл хуучин системийн удирдлага, бүтэц бүх зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Манайд чухам гацаагаад байгаа гол асуудал бол технологи биш, харин хуучин сэтгэлгээ, арга барил, бүх түвшний удирдлагын тогтолцооны хоцрогдол юм.
Энэ олон шинэчлэлийн сул тал нь ирэх 20 жилд нийт ажлын байрны 47 хувийг устгах аюултай. Устаж үгүй болох ажил мэргэжлийн жагсаалтад шууданч, нисгэгч, зогсоолын ажилтан, машин угсрагч, түргэн хоолны ажилтан, орчуулагч, банкны теллер гэх мэт мэргэжлүүд нэмэгдэж байгааг Чикагогийн их сургуулийн Беккер Фридманы хүрээлэнгээс гаргажээ.
Тэгвэл бид яах вэ. Хамгийн эхэнд бид ажиллах хүчээ бэлдэх хэрэгтэй. Үүнийг жижгээс нь авч үзнэ гэвэл сурагчдыг математик, хими, физикийн хичээл дээр тулгуурласан мэргэжлээр суралцахыг дэмжих хэрэгтэй. Өнөөдөр эрэлттэй байгаа мэргэжил маргаашаар хязгаарлахад хүрэх эрсдэлийг машин техник шийдэж байна.
Эхний шалгуур компьютертой ажиллах чадвар
Ажилд орох шалгуурт хамгийн эхэлж компьютер программтай ажиллах чадвар шаардаж буйг онцолж байна. Энэ нь мэдээж бидний өдөр тутамд хэрэгцээтэй байгаа зүйлсийн ихэнх хувийг дижитал хэрэглээ шийдэж байгаатай холбоотой. Иймд байгууллагууд өөрчлөлт шинэчлэлд бэлэн байх залуусыг эрэх болсон. Олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр ойрын таван жилд эрэлттэй байх 11 мэргэжлийг дурджээ.Үүнд,
- Компьютерын инженер
- Эдийн засагч
- Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч
- Мэдээлэл судлаач
- Туслах эмч
- Борлуулалтын инженер
- Программ хангамж хөгжүүлэгч
- Маркетингийн менежер
- Хүний нөөцийн мэргэжилтнүүд
- Цахилгаанчин
- Сувилагч

Хамгийн гол асуудал нь боловсрол, боловсон хүчний асуудал. Математик, хими, физик дээр тулгуурласан мэргэжлээр хүмүүсийг түлхүү сургах, тэр ч байтугай боловсролын системийг өөрчлөх шаардлагатай. Өнөөдөр ажиглаад байхад залуучууд эрх зүйч, эдийн засагч зэрэг нийгмийн ухааны мэргэжлээр суралцах илүү сонирхолтой байна. Залуустай уулзаж ярихад ихэнх нь төрийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан эсвэл суралцаж байна гэх юм. Гэтэл IV хувьсгалын үед албан хаагч, түшмэдийн тоо эрс цөөрч харин нарийн мэргэжлийн инженерүүд эрэлт хэрэгцээтэй байх болно гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй
Дээр дурдсан ажил мэргэжлүүдийн жагсаалтад технологийн салбартай холбоотой ажил мэргэжил дэлхий дахинд илүү голлож байгааг бид харж байна. Харин манай улсад хөгжлийн чиг хандлагаас хамааран арай өөр байгаа юм. Монгол Улсын хувьд барилга, хотжилттой холбоотой мэргэжил, уул уурхай, маркетингийн менежер гэх мэргэжлүүд голлож буй. Залуучуудын хөгжлийн газраас Монгол Улсад ойрын жилүүдэд эрэлттэй байх мэргэжлийн судалгааг гаргасан бөгөөд доорх чиглэлүүдийг онцолжээ.
1. Маркетингийн менежер
2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн
3. Өндөр зэрэглэлийн тогооч
4. Барилгын инженер
5. Авто барилгын инженер
6. Гоо сайхны мэс засалч
7. Уул уурхайн инженер
8. Архитектор
9. Геологич
10. Төслийн менежер
Ганц хоёрхон жилийн дараа банкны теллер гэх мэт маш олон ажил мэргэжлийг хүн хийх боломжгүй болно. Тиймээс бид цаг үедээ тохирсон орлуулашгүй үнэ цэнэтэй мэргэжлийг сонгох шаардлагатай. Эсвэл технологийн шинэчлэлт хүчин зүйлсэд хувирч ажиллах чадвартай чадварлаг мэргэжилтэн болох л энэ цаг үеийн хамгийн том чадвар юм.