Үл үзэгдэх “УЛААН ШУГАМ”
Сурагчдын нэрсийг дүн, онооны эрэмбээр нь эгнүүлсэн бичгийг дунд сургуулиудын цонх эсвэл зарлалын самбарт өлгөсөн байх бөгөөд цаасны дунд хэсэгт тод улаан зураас дурайна. Энэ зураас сурагчдын ирээдүйд ихээхэн чухал нөлөөтэй. Учир нь зураасны дээр бичигдсэн хүүхдүүд сэхээтний давхарга руу нэг алхам дөтөлж, гадна үлдсэн нь ажилтан ангийн эгнээнд шилждэг байв. Сурагчдын хувь заяаг сурлагын дүн оноогоор хэмжиж буй уг ажлыг “Улаан шугам” хэмээн нэрийддэг байсныг уншигч та гадарлах биз. Монгол Улсад боловсон хүчин бэлтгэх, шигших процесс саяхныг хүртэл ийм байдлаар хэрэгжиж ирсэн.
Харин XXI зуун гарснаас хойш хүүхэд бүр сурах эрхтэй гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэж, хувь заяаг нь улаан шугамаар хэмжиж, “огтолдог” журмыг халах тухай яриа чих дэлсэж эхэлсэн. Удалгүй улсын хэмжээнд улаан шугам татаж, сурагчдын нүүрийг улалзуулдаг явдал өөрчлөгдсөн. Гэхдээ энэ процессын чагт, зангилаа бүрэн суларч, бүр ховхорсонгүй өнөөг хүрлээ. Товчхондоо, хүний эрх, эрх чөлөө гэх зэргээр ардчиллыг тунхаглаж буй энэ нийгэмд ч боловсролын “улаан шугам” үл үзэгдэх байдлаар оршиж байна.
Ардчилал ба алагчлал
Иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана.
Монгол Улсын боловсролын тухай хуулийн үндсэн зарчим
Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд хүүхдүүдийг тэгш хамруулан сургах үзэл санааг тусгасан байдаг. Гэвч сурах эрхийг нь сургууль “дөнгөлж”, багш нар сэтгэл зүй, хүмүүжилд нь “хар толбо” үлдээдэг явдал өнөө ч бүдгэрч, бүрэн “эдгэрсэнгүй”. Тодруулбал, төрийн өмчийн хэд хэдэн сургууль сурагчдынхаа дунд улаан шугам татаж, сургуульдаа зөвхөн онц сурлагатай хүүхдүүдийг шигшиж үлдсээр олон жилийн нүүр үзэв. Шалгалтаа хангалтгүй өгч, улаан шугамын урд гарч чадаагүй хүүхдүүдэд өөр сургуульд шилжих эсвэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахаас өөр сонголт үлддэггүй байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Г
Манай анги анх 30 гаруй хүүхэдтэй байсан. Харин есдүгээр анги төгсөх жил 10 орчим нь анги дэвших шалгалтад унаад, өөр сургууль руу шилжсэн. Манай сургууль жил бүхэн анги дэвших шалгалт авдаг. Бага, дунд анги төгсөх шалгалтад унасан хүүхдүүдийг сургуулиас хасдаг. Гэхдээ хүүхдүүд өөр сургууль руу шилжээд, их сургуульд элсэх боломжтой. Сургуулийн чансааг сайжруулах зорилгоор хүүхдүүдээ ингэж шигшдэг. Эцэг, эхчүүд, сурагчидтай гурвалсан гэрээ байгуулдаг учир хэл ам гардаггүй байх.
Ерөнхий боловсролын сургуулийн гол зорилго бол хүүхдүүдэд ерөнхий, суурь боловсрол олгож, суралцаж, хөгжих тэгш боломжоор хангах. “Тэргүүний” гэх сэтэр хүртэхийн тулд түмний хүүхдийн суралцах эрхэнд халдаж, “сайн” сурагчдаар “нүүрээ тахлах” нь үүрэг, чиглэл, зорилго, зорилт нь ердөө ч биш юм.
Бид энэ талаар БШУ-ы яамнаас тодруулахад “Хүүхдүүдийн 80-90 хувь нь ЕБС-иа төгсдөг. Улаан шугам татаж, их, дээд сургуульд элсэх боломжийг нь хаадаггүй” гэсэн хариулт өгсөн юм. Сургуулиуд сайн хүүхдийг шилж, саарыг нь түлхэж байгаа явдалд ямар нэг хяналт тавьдаг эсэхийг лавлахад “Хүүхдүүд олон шалтгаанаар сургуулиа сольдог. Яг улаан шугамд тэнцээгүйн улмаас сургуулиа сольж байгаа гэдгийг тодорхойлох боломжгүй. Улаан шугам татаж хүүхдийг сургуулиас хөөдөг гэж бодохгүй байна” гэсэн бүрхэг, бөөрөнхий хариулт өгсөн юм.
Тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн, Их Британи улсын Бристолын Их сургуулийн магистр Л.Ариунзул
Хүүхэд бүр өөртэйгөө ижил насны хүүхдүүдтэй хамт адил хэмжээнд боловсролыг тэгш, хүртээмжтэй, чанартай хүртэх эрхтэй. Хүний эрхэд суурилсан хандлагаар бол сургуулиуд хүүхэд нэг бүрийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээ хүргэхийг зорих учиртай. Хүүхдүүдийн сурах хурд, хүлээн аван чадвар харилцан адилгүй. Зарим хүүхэд сурахуйн хоцрогдолтой, удаан ойлгодог байхад зарим нь үеийнхнээсээ түрүүлж ойлгодог, гоц авьяастай байдаг. Эдгээрт хандсан тохируулгатай үйлчилгээг боловсролын байгууллага олгох үүрэгтэй.
“Дөнгөлүүлсэн” боловсрол
Шагнал мөнгө, шан харамж, алдар хүндийн төлөө нүдээ ухахаас буцахгүй үйлдэл үүгээр дуусахгүй. Сүүлийн жилүүдэд аймаг, дүүргийн боловсролын чансааг тухайн жилийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор үнэлдэг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс удирдах албан тушаалтнууд нутгийнхаа боловсролын салбарын нэр хүндийг шавхайтай хутгахгүйн тулд элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа сайн бэлтгэсэн сургууль, багшийг урамшуулж, мөнгөн шагнал олгодог болсон. Мөн ихэнх аймаг, дүүрэг төгсөгчдийн онооны дунджаар сургуулийн болон багшийн ажлын үр дүнг харж, үнэлдэг байна. Ийнхүү сургалтын чанарыг сайжруулахыг хичээж, багш нарын хөдөлмөрийг үнэлж буй нь сайшаалтай. Гэвч ажлынхаа үр дүнг өсгөж, “авдаг хэд”-ийгээ нэмүүлэх хүсэлтэй багш нар хүүхдийн хүссэн хичээлээрээ ЭЕШ өгөх эрхийг нь хязгаарлаж байна. Бүр зарим сургууль сонгон, давтлагад хамрагдсан хичээлээрээ л ЭЕШ өгөхийг шаарддаг бол зарим нь нэг хүүхэд гурваас дээш хичээлээр ЭЕШ өгөхийг нь хориглодог аж.
Тохиолдол 1
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж
Би IT инженер болох хүсэлтэй. Гэвч физикийн хичээлдээ тийм ч сайн биш. Тиймээс багш намайг энэ хичээлээр ЭЕШ өгч, өөрийнх нь үнэлгээнээс чангаах хэрэггүй гэж сануулсан. Би математик, хими, биологийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Хими, биологи сонгосон нь химийн багшийн хүсэлт байсан. Давтлагад явж, олимпиадад оролцдог байсан учир багш өндөр оноо аваад, сургуулийнхаа дундаж оноог өсгөөрэй гэсэн. Хүссэн мэргэжлээрээ сурахын тулд хими бус физикийн хичээлээр шалгалт өгсөн байх шаардлагатай юм билээ. Тиймээс би хагас жилийн чөлөө аваад, өвөл дахин шалгалт өгөхөөр төлөвлөж байна. Сургуулиа төгссөн байх тул ямар шалгалт өгөх нь багш нарт хамаагүй болох байх.
Тохиолдол 2
............. аймгийн Номгон ахлах сургуулийн төгсөгч Д
Би 2019 онд Номгон ахлах сургуулийг төгссөн. Манай сургууль сонгон, давтлагад яваагүй хүүхдэд шалгалт өгөхийг зөвшөөрдөггүй. Ямар хичээл сонгож, гүнзгийрүүлэн судлахаа намар нь шийддэг юм. Хэрэв буруу хичээл сонгож, өөрчлөхийг хүссэн тохиолдолд багшдаа хүсэлт гаргана. Онц сурдаг, тухайн хичээлийн шалгалтаа сайн өгөх боломжтой хүүхдийг багш нар давтлагад суухыг нь зөвшөөрч, дуртай хүлээж авдаг. Харин сурлага тааруу бол олон хичээлээр шалгалт өгөх тухай санах ч хэрэггүй. Үүнээс болж хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй хохирсон хүүхэд их байдаг.
Хэчнээн хичээлээр шалгалт өгч, ямар мэргэжил эзэмших нь хүүхдийн эрх. Гэвч өөрийн болон сургуулийн үнэлгээнд нөлөө үзүүлнэ гэх бичил шалтгаанаар сурагчийн эрхэнд халдаж, ирээдүйг нь “харлуулна” гэдэг ёс зүйд үл нийцнэ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат
Элсэлтийн ерөнхий шалгалт нь хичээлийн заавал судлах агуулгын хүрээнд зохион байгуулагддаг. Тиймээс хүссэн сурагч бүр өөрийн сонголтоор шалгалт өгч болно. Үүнд багшийн зөвшөөрөл шаардлагагүй. Багш нар хүүхдийн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, эсэхийг шийдэж болохгүй. Хүний эрхэнд халдаж байгаа хэрэг шүү дээ. Сурагч хамгийн багадаа хоёр хичээлээр, ихдээ 10 хичээлээр шалгалт өгөх боломжтой.
Орлого олдоггүй диплом
Боловсролын салбарын анхдагч үүргийн нэг нь чанартай боловсон хүчин бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй “бүтээгдэхүүн” бий болгох юм. Гэвч гол шугамаасаа хазайж, урамшуулал, шан харамж хэт хөөцөлдөж, хөөрцөглөсний балгаар манай улсад хөдөлмөрийн зах зээл “хөл толгой”-гоо алдаж, дипломтой ажилгүйчүүдийн эгнээ хүрээгээ улам тэлсээр байна. Тоо сөхвөл, 2021 оны I улирлын байдлаар ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 18.5 мянгаар буюу 23 хувиар нэмэгджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн мэдээллээс харахад, дээд боловсролын дипломтой ажилгүй хүмүүс жин дарж байгаа юм. Ажилгүйчүүдийн 3.3 хувь нь боловсролгүй, 24.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 23.2 хувь нь бүрэн дунд, 28.7 хувь нь бакалавр, 7.5 хувь нь суурь боловсролтой байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан хөдөлмөрийн зах зээлийн тойм судалгаанд дурдсан байна. Харин 1.4 хувь нь бага, 6.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 0.7 хувь нь магистр болон түүнээс дээш боловсролын түвшинтэй байна.
Ажил мэргэжлийн тэнцвэр алдагдав
Ажлын байр хангалтгүй, ажиллах нөхцөл хүнд учир ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэх ойлголт бүр ужиграв. Гэвч үнэн хэрэгтээ сул ажлын байр ажилгүй иргэдийн тоотой дүйхээр байгааг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Энэ оны байдлаар хөдөлмөрийн зах зээлд дунджаар 20-30 мянган ажлын байр эзэнгүй байна гэх статистик бий. Ажлын байр ч, ажилгүй иргэд ч элбэг байгаа нь их дээд сургуульд элсэгчдийн олонх нь хөдөлмөрийн зах зээлд илүүдсэн, эрэлтгүй мэргэжил эзэмшиж байгаатай холбоотой.
Энэ онд ажиллах хүчний эрэлт хамгийн их байгаа салбар нь бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрлэл, зочид буудал болон нийтийн хоолны үйлчилгээний салбар байгаа талаар Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаанд дурдсан байна. Гэвч их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын олонх нь буюу 60 гаруй хувь нь нийгмийн ухааны салбарын мэргэжил эзэмшиж байгаа юм. Үүний улмаас зарим мэргэжлийн мэргэжилтэн хэт олширч, зарим нь нэн ховор буй. Улмаар хөдөлмөрийн зах зээл дээр цөөнгүй ажлын байр эзэнгүй байна. 2021 онд аж ахуйн нэгж байгууллагын 19.1 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтнаа авч чадаагүй буюу ажиллах хүчний хомсдолд өртсөн байгаа юм. Уг нь ерөнхий боловсролын сургуулийн багш нар хүүхдүүд рүүгээ “Чи муу сурдаг хичээлээрээ ЭЕШ өгч, сургуулийн оноо чирэх гэлээ” гэж чичлэхийн оронд амьдралаа, амиа авч явах боломжтой мэргэжил санал болгож, мэдлэг мэдээллээр хангаж, чиглүүлэх учиртай. Түүнчлэн ЭЕШ-д өндөр оноо авсан сурагч бэлтгэсэн багшийн бус хүүхдийн ирээдүйд “гэрэл асаасан” нэгнийг урамшуулдаг байвал зохино.
Мэргэшээгүй мэргэжилтэн
Их сургуулийн дөрвөн жилийн хугацаанд нэг оюутан дунджаар 15-30 гаруй сая төгрөгийг зөвхөн сургалтын төлбөрт зарцуулдаг. Гэвч энэ мөнгөнд дүйх ур чадвар, мэдлэг, боловсрол хүртэж чадахгүй байна. Эргээд хөрөнгө босгож, хөдөлмөрөө үнэлүүлж дөнгөхгүй бол тэр хэмжээний мөнгийг сайн дураараа сургуульд тушаах шаардлагагүй юм.
2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 37 нь их сургууль бол 45 нь дээд сургууль. Харин гурван коллеж, гурван гадаадын их сургуулийн салбар ажиллаж байна. Эдгээр сургуульд 150 мянга орчим оюутан суралцдаг. Түүнчлэн жилд 30 мянга орчим нь сургуулиа төгсдөг бөгөөд жил бүхэн энэ хэмжээний хүүхдүүд шинээр элсдэг аж. Энэ нь нийт ЕБС төгсөгчдийн 90 орчим хувь юм.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн олонх нь элсэж буй их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан бодлогоор ажилладаггүй. Улмаар мэргэшээгүй мэргэжилтэн бэлтгэж, ажлын байрны шалгуурт тэнцэхгүй, ажилгүй “арми” бий болгож байна. Их дээд сургууль төгссөн гурван хүүхэд тутмын нэг нь ажлын байртай болж хоёр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан
Монгол Улсын хэмжээнд 88 их, дээд сургууль 150 мянган оюутан сургаж байна. Эдгээр их, дээд сургуулиуд дипломтой ажилгүйчүүдийн “арми” бэлддэг буруу тогтолцоо нэгэнт бий болчихсон байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сард бид ажил олгогчдын дунд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа явуулсан. Судалгаагаар их, дээд сургууль буюу мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ур чадвараар ажил олгогч нарт гологдож байгаа нь тогтоогдсон. Ажилгүй 100 мянган хүний 30-40 хувь нь дээд боловсролтой байгаа юм. Гэтэл 22 мянган хүний ажлын байрны эрэлт хэрэгцээ байна. Энэ нь ажил олгогчдын тавьж байгаа шаардлагыг хангахуйц ур чадварыг оюутанд дөрвөн жилийн хугацаанд эзэмшүүлж чадахгүй байгаатай холбоотой.
Хоцрогдсон хандлагын хор уршиг
1990-ээд оноос өмнө улаан шугамын гадна үлдэж, ахлах ангид суралцах боломжгүй болсон хүүхдүүдийн зарим нь Техник мэргэжлийн сургууль (ТМС)-д элсдэг байв. Улаан шугамын гадна үлдсэн сурагчдыг “хүчээр” элсүүлдэг байсан учир сахилга бат тааруу, сурлага, хүмүүжил сул хүүхдүүд ТМС-д элсдэг гэх ойлголт бүр нутагшсан. Энэ хандлага өнөө ч өөрчлөгдөөгүй байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ болсон болоогүй их сургуулийн зах бараадуулах хүсэлтэй байдаг аж. Гэвч бодит амьдрал дээр хуучны ТМС буюу Мэргэжлийн боловсролын байгууллага төгссөн сурагчдын ажлын байр их дээд сургууль төгсөгчдийнхөөс элбэг байдаг аж. Манай улсад мэргэжлийн боловсролын байгууллага улсын хэмжээнд 75 бий. Есдүгээр ангиа дүүргээд, мэргэжил эзэмших боломжтой тэдгээр сургуульд жилд ердөө 8000-9000 хүүхэд элсдэг байна. Энэ нь нийт сурагчдын маш бага хувь. Тухайлбал, энэ жил улсын хэмжээнд 36253 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж, их дээд сургуульд элсэх шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин мэргэжлийн боловсролын байгууллагад тэдний үеийн 9095 хүүхэд суралцаж байна.
Гэтэл өндөр хөгжилтэй, Европын орнуудад есдүгээр анги төгсөгчдийн 50 орчим хувь нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсдэг аж. Энэ нь ажилгүйдэл бага, хөдөлмөрийн систем зөв голдиролтой байгаад эерэг нөлөө үзүүлдэг байна. Улмаар ажилгүйдлийн түвшин харьцангүй бага байдаг. Гэтэл манайд дээд боловсролтой ажилгүйчүүд олон, тусгай мэргэжлийн алба хаагчид нүдний гэмт байгаа юм.
Улс орон бүхэн өөр өөрийн онцлогт тохируулан, боловсролын салбарын бодлогоо тодорхойлж, асуудлаа шийдвэрлэж, ажиллах хүчээ чадавхжуулж буй. Гэтэл бид өнөө хэр нь суурь боловсролын системээ ч чамбайруулж чадаагүй байна. Багш, сургууль, сурагчдыг алдаршуулж, урамшуулдаг механизмаас эхлээд л алдаа бий. Товчхондоо, анхан шатны нэгжээс эхлээд ур дүй, мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэхийн төлөө бус дүн оноо, өнгө мөнгө, алдар хүнд хүртэхийн тулд самбаачилж байна. Их, дээд сургууль ч мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор бус арилжааны ашиг сонирхлоор ажиллаж байгаа нь нууц биш. Боловсролын салбарт нэгдсэн бодлого, уялдаа холбоо үгүйлэгдэж байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Зочин 2022/06/16
Өрсөлдөөн байж л шилдэг сэхээтэн , мундаг мэргэжилтэн төрөх биз
0 0 Хариу бичихZochin 2022/06/12
Zuger shaltag hij, hurugara chichih zuil haisan met l sanagdajina. Onts bish gehed sain surad muruuruu ulan shugama davdag suragchid olon baina, bur olshiroh l baig Harin tentsegui, davagui suragchid hohine l geher bn. Buten 12 jil bugdend n jigd tegsh zaagaad eheleed yavj bhad yum suraaguide ingej victim play hiihgui ee
0 1 Хариу бичихZochin 2022/06/10
Ойлгосонгүй. Эхнээсээ улаан шугам бх ёстой бишүү. Бүгдийг нь аваад бвал хичээсэнгүүд нь яахын болж бна. Угаасаа 30 хувь нь дээд боловсоролтой 70 хувь нь мэрэгжилтэн бвал зөв бишүү
2 1 Хариу бичихДорж 2022/06/10
Улаан шугамнаас доогуур орсон хүүхдүүд хичээл зүтгэлгүй, хичээлийн хоцрогдлоос шалтгаалаад суурьгүй хүүхдүүд байдаг шүү дээ. Ахлах анги битгий хэл их сургуульд ороход тэнцэхээргүй.
2 1 Хариу бичихЗочин 2022/06/10
Хүүхдэд багаас нь чанартай өрсөлдөөнд суралцуулах хэрэгтэй , тэгэж байж чанартай боловсон хүчин гарна ! Энэ бол тэнэглэл шүү зүгээр өрсөлдүүл!!!! сурмаар байвал хичээ зүтгэ
2 0 Хариу бичих