Э.Амартүвшин: Миний хувьд дэлхийн хэмжээний том уралдаанууд дууссан

Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж байгаа алтан хоолойтнуудын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин эх орондоо анхны бие даасан тоглолтоо энэ сарын 11-нд ДБЭТ-ын тайзнаа хийхээр товоо зарлаад байгаа билээ. Түүнийг өнөөдрийг хүртэл бие даасан тоглолтоо хийгээгүй гэхэд олон хүн гайхдаг. Эгэл даруухан энэ уран бүтээлч өөрийгөө ямар дуучин болохыг харуулж байж анхны бие даасан  тоглолтоо хийнэ гэж өөртөө амалжээ. Тиймээс өнөөг хүртэл дуурьтаа дуулж, олон улсын тэмцээн, уралдаанд оролцсоор тун завгүй он жилүүдийг үджээ. Сонгодог урлагт тодоос тод гялалзан байгаа гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшинтэй анхны бие даасан тоглолтынх нь бэлтгэлийн дараа ярилцлаа.   

-Анхны бие даасан тоглолтоо нэлээд хожуу хийж байна уу даа?

-Би дуурийн театрын гоцлол дуучин болоод долоон жил болж байна. Энэ хугацаанд Монголдоо бие даасан тоглолт хийж байгаагүй. Гадны нэлээд хэдэн олон улсын чанартай том уралдаанаас шагналууд эх орондоо авчирсан. Энэ бүхнийхээ тайланг тавьж, ямар дуурийн дүрүүдэд дуулдаг, ямар уралдаан тэмцээнүүдээс шагнал авсан юм, ямаршуу ур чадвартай дуучин болсон бэ гэдгээ ард түмэндээ тайлагнах цаг нь болсон гэж үзсэн. Хүмүүс ерөнхийдөө тайлан тоглолтыг маань оройтлоо гээд байгаа. Нэгдүгээрт, би маш завгүй ажиллаж байлаа. Хоёрдугаарт, одоо л нэг тайлан тоглолтоо хийх цаг нь болсон гэж хувьдаа дүгнэж үзээд энэ сарын 11-нд ДБЭТ-ын тайзнаа анхны бие даасан тоглолтоо “Энхбатын Амартүвшин” нэртэйгээр толилуулах гэж байна.

-Тоглолтод таны гадаадын томоохон уралдаан тэмцээнд дуулж, тэргүүн байр эзэлж байсан байсан аринууд эгшиглэх үү?

-Тэгнэ. Уралдаан тэмцээнд оролцохдоо дуулж байсан том аринуудаа дуулна. Жишээ нь, Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Реголетто” дуурийн Реголеттогийн ариг манайхан сайн мэднэ. Энэ том ариг дуулж байна. Мөн Ж.Вердийн “Багт наадам” дуурийн Ренатогийн ари, “Хэрмэл жүжигчид” дуурийн Прологийн ари, Монголын хөгжмийн зохиолчдоос төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари, төрийн шагналт Х.Билэгжаргал гуайн “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари гээд дандаа том том ариг дуулж байгаа. Тиймээс энэхүү тоглолтод дан сонгодог бүтээлүүд эгшиглэнэ. Монголын болон дэлхийн алдартай том том дуурийн аринуудаас бүрдсэн тоглолт болно. Нийт найман ари, таван романс дуулагдана. Тоглолтын хувьд нэлээд хүнд бас их чадал шаардаж байгаа. Одоо сургуулилтдаа орчихсон явж байна. Манай дуурийн театрын симфони оркестр, дуурийн театрын найрал дуучид, гавьяат жүжигчин Солонго багш маань хамтран ажиллаж байгаа. Өөр дуучин оролцохгүй. Тоглолтын хувьд цэвэр сонгодог тоглолт болно.

-Италийн Миланы ойролцоо энэ удирдаачтайгаа хамтран хоёр тоглолт хийгээд ирсэн-

-Тоглолтын удирдаачаар Италийн маэстро ажиллаж байгаа гэсэн шүү дээ. Яагаад заавал итали удирдаачийг сонгох болов?

-Тоглолтод маань Италийн алдартай “Ла Скала” театрын маэстро Стефано Салватори уригдаж ирээд өнөөдөр /өчигдөр/ бэлтгэл, сургуулилтдаа ороод байна. Бид өмнө нь найз нөхдийн хүрээнд танилууд байсан. Бие биеэ мэддэг учраас найз нөхдөөрөө дамжуулж холбогдон санал тавьсан. Тэрээр залуу хүн. Ямар ч л байсан энэ хүнийг сонгосон. Итали улсад Миланы өргөмжлөлт консулаар ажилладаг Ч.Гантуяа гэж бидний найз байдаг. Түүгээр анх дамжуулж удирдаачтайгаа танилцаж байсан. Түүнийг Монголд авчирч тоглолтоо удирдуулах болсон шалтгаан нь гэвэл эх орондоо хийх анхны бие даасан тоглолтоос хэдхэн хоногийн өмнө Италийн Миланы ойролцоо энэ удирдаачтайгаа хамтран хоёр тоглолт хийгээд ирсэн. Тэнд хамтдаа ажилласан учраас дараа нь түүнийг эх орондоо урьж тоглолт зохион байгуулж байгаа юм.

-Миланд хийсэн тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу. Таныг тэнд бие даасан тоглолтоо хийсэн гэж дуулсан?

-Миланд хийсэн тоглолт дээр удирдаач маань төгөлдөр хуур тоглоод би 13 бүтээл дуулсан. Нэлээд том тоглолт болсон. Миланы ойролцоо Аркоре гэж хот байдаг. Италийн ерөнхий сайд асан Сильва Берлусконийн амьдардаг жижиг хотод тоглолтоо хийсэн. Мөн Милантай ойролцоо Биелла хотод тоглосон. Хоёр тоглолт маань сайхан болсон. Дэлхийн сонгодог бүтээлүүд болон төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн “Чиний минь нулимс” романсыг дуулсан. Энэ их сайхан романс болсон. Мөн Монголд болох анхны тоглолтдоо дуулах гэж байгаа Лодонгийн ари, Тэмүүжиний ариг Миланы тоглолтууддаа оруулсан.

-Миланд тоглолт хийх санааг хэн анх гаргав?

-Удирдаачтайгаа анх холбоо барин хамтарч ажиллах талаар ярихад тэрээр Монголд хийх тоглолтын чинь өмнө хоёр тоглолт Италид зохион байгуулъя гэдэг санал тавьсан юм. Энэ саналыг бид зөвшөөрч тоглолтуудаа хийгээд ирлээ.

-Кардиффт том дуучин болсон хойноо уралдъя гэсэн бодолтой байсан-

-Та 2012 онд “The Placido Domingo’s Operalia” уралдаанаас Гранпри шагнал хүртээд ирэхдээ энэ бол дуурийн дуулаачдын хувьд титэм уралдаан. Үүнээс дутахааргүй хоёр уралдаан байгаа гэж хэлж байсан. Тэр уралдуунуудад өөрийгөө сойсон уу?

-Пласидо Домингогийн уралдаан бол дуурийн урлагийн том оргилуудын нэг. Түүний ард миний хувьд нэг л уралдаан байсан. Энэ бол Английн ВВС агентлагийн “Gardiff singer of the world” буюу дэлхийн дуучин гэсэн том уралдаан. Энэ бол дэлхий ертөнцийн уралдаан. Үүнд наана нь том том уралдааны шат дамжлагыг дамжин шагнал авч байж, дараа нь том дуучин болсон хойноо уралдъя гэсэн бодолтой байсан. Кардиффт хамгийн сүүлд л уралдаж үзнэ дээ гээд. Өнгөрсөн оны зургадугаар сард Английн Кардифф хотод очиж уралдсан. Үнэхээрийн том уралдаан болдог юм билээ. Ер нь дэлхийн дуучид Кардиффт уралдаад шилдэг таван дуучинд үлдэнэ гэдэг бол маш том мөрөөдөл гэсэн. Энд орсон байхад цаашид зам нь засагддаг гэж ярьдаг. Би шилдэг тавд нь үлдсэн. Миний амьдралд чухал байр суурь эзлэхээр үнэхээрийн гайхамшигтай сайхан сэтгэгдэл үлдээсэн уралдаан болсон доо. Шилдэг тавд үлдээд ганцхан байртай энэ уралдаанд түрүүлж чадаагүй ч гэсэн түрүүлсэнтэй адил хэмжээний амжилт үзүүлсэн гэж би бодож байгаа. Олон улсын ажиглагч, шүүмжлэгчийн хүрээнд ч тэгж л яригдаж байна. Үзэгчдийн санал асуулгаар шалгаруулдаг домог болсон  сопрана  Данн  Иохаан  Сатерландын нэрэмжит ганцхан тусгай байрын шагналыг нь авч, үнэхээр амжилттай оролцсон.

 -Тэгвэл ахиж тэмцээн, уралдаанд орохгүй байх нь ээ?

-Сая хамгийн сүүлд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын том тэмцээнд оролцон гуравдугаар байрын шагнал хүртээд ирлээ. Одоо ганц нэг том уралдаанууд байж магадгүй. Хэрвээ өөрөө орно гэсэн хүсэл эрмэлзэлтэй байвал шүү дээ. Ер нь уралдаанууд дууссан гэж хэлж болно. Дуурийн дуулаачдын дэлхийн том уралдааны эрэгтэйчүүдийн нас 33-аар хязгаарлагддаг.

-“Реголетто” дуурьт Европын орнуудаар аялан 15 удаа дуулах гэрээ хийсэн-

-Томоохон уралдаан тэмцээний шилдгээр шалгарсны дараа олон саналууд ирдэг байх. Таны хувьд ч гэсэн өмнө нь Пласидо Домингогийн тэмцээний дараа цөөнгүй санал ирж байсан. Энэ уралдааны ард ирсэн саналуудаасаа сонирхуулахгүй юу?

-Тэгэлгүй яах вэ. Том уралдаан том үр дагавар дагуулдаг. Кардиффийн уралдааны дараа гадагшаа гарах үүд хаалгууд нээгдэж байгаа. Өөрөө хувьдаа ч гадагшаа гарч дуулах бэлтгэлээ хангаж байна. Саяхан би Италид хоёр тоглолтоо хийн “Ла Скала”-д уран бүтээлээ сонсгоод ирсэн. Хамгийн ойрын яригдсан асуудал бол ирэх зургадугаар сард нэг сарын хугацаатай Германы Кёльн хотод тоглолтын бэлтгэл сургуулилт хийнэ. Ж.Вердийн “Реголетто” дуурьт Европын орнуудаар аялан 15 удаа дуулах гэрээ хийсэн. Энэ аялан тоглолт маань аравдугаар сарын 9-нөөс эхлээд 2017 оны зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Ийм  аялан тоглолтод дуулах гэрээнд сая Италид гарын үсэг зураад ирлээ. Энэ ажлынхаа дараа цаашдаа Солонгос улсад Риголеттог бүтэн дуурьт нь дуулах ажил яригдаж байгаа. Дэлхийн агуу том дуучид болох Пласидо Доминго, Дмитрий Ростовский, Эрвин Шроттын менежер хүнд би сая уран бүтээлээ сонсголоо. Тэр хүн маш сэтгэл хангалуун, өндөр сэтгэгдэлтэй үлдэж цаашид хамтарч ажиллах тухай яриа хэлэлцээ хийгээд ирлээ.

-Гадагшаа уран бүтээлээ туурвин ДБЭТ-аасаа гарч байгаа гэсэн үг үү?

-Монголын дуурийн театраасаа түр завсарлана. Орон тооны дуучнаараа байгаад ч юм уу, эсвэл түр завсарладаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэх байх. Энэ жил орж ирж байгаа эхний ажлын саналууд энэ шүү дээ. Цаашаа улам нь олон болох байх. Ер нь Монголд байх цаг хугацаа багасах юм шиг байна. 

-Дуурийн театрт долоон жил ажиллахдаа олон гол дүр бүтээсэн. Танд тоглоогүй үлдсэн гол дүр байгаа юу?

-Манай театрт тоглоогүй үлдсэн гол дүр бараг байхгүй дээ. Баритон хоолойтны том дүрүүдэд бүгдэд нь дуулсан. Энэ хавар гэхэд би хоёр шинэ дүрд гарлаа. “Чио Чио Сан” дуурийн Шарплес,  “Травиата” дуурийн эцэг Жермоны дүрүүдийг сая Итали явахынхаа өмнө шинээр бүтээсэн.

 -“Реголетто”-гийн арийн тухайд та “Хэдийгээр 30-40 гараад бяр сууж байж дуулах ари ч би багштайгаа маш эртнээс бэлдсэн учраас энэ бүтээлээ бардам дуулдаг” гэж хэлж байсан. Энэ арийг онцолсон шалтгааныг тань сонирхмоор байна?

 -Дуртай учраас. Үүнийг л дуулъя гэж мөрөөдөж хүссэн учраас дуулсан гайхалтай дүр.

-Хамгийн нарийн зүйлийг зөвлөдөг хүн маань миний хань-

-Таны гэргий дуурийн дуучин хүн. Гэргий тань таны менежерээр ажилладаг уу?

 -Ер нь миний менежер гэж хэлж болно.

 -Та хоёр дуурийн театрт чамгүй олон бүтээл дээр хамтран дуулсан?

 -“Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа, “Ламбугайн нулимс” дуурийн Лодон, Цэрэнлхамын дүрийг бүтээсэн. “Чингис хаан” дуурьт өнөөг хүртэл хамт дуулж байгаа. Олон сайхан дүрийг хамтдаа бүтээсэн.

-Италид мэргэжил дээшлүүлсэн учраас гэргий тань таны хамгийн том зөвлөгч бас шүүмжлэгч байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн нарийн юмнуудыг хэлж өгнө шүү.

-Уран бүтээлийн маргаан шүүмж та хоёрын дунд хэр өрнөх үү?

 -Байнга өрнөнө. Ажил дээрээс өрнөсөн жижигхэн хөөрхөн маргаан гээд л янз бүрийн зүйл гарна шүү. Хамгийн нарийн зүйлийг зөвлөдөг хүн маань миний хань.

-Дэлхийд данстай олон улсын тайзнаа гарахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Би залуу хүн. Одоо л дөнгөж гадагшаа гарах замын маань эхлэл тавигдаж байна. Энэ хугацаанд дэлхийн чанартай чамгүй хэдэн том тайзан дээр гарсан. Тайз бүхэн өөр өөрийн гэсэн сэтгэгдлийг үлдээдэг. Хамгийн үзэсгэлэнтэй театр, хамгийн гоё дотоод загвар дизайнтай театр, хамгийн гоё дуугаралт акустиктай театр гээд л өөр өөрийн онцлогтой сэтгэлд үлддэг. Испанийн “Валенсиа” гээд алдартай модерн хэв загвараар баригдсан шинэ театрт байна. Бээжингийн “өндгөн” театр, Сингапурын алдартай танхим, “Большой театр”, ЮНЕСКО-гийн төв танхим, НҮБ-ын танхим гээд олон сайхан зааланд дуулж байлаа. 

-“Метрополитан”, “Ла Скала” театрын тайзнаа дуулахыг хүсч байна-

-Таны мэргэжлийн “шунал” ирээдүйд аль театрын тайз руу хөтөлж байна?

-“Метрополитан”, “Ла Скала” театрын тайз. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг шүү дээ. Нэг өдөр дуулах байх аа.

-Таныг дэлхийн дуучин гэж нэрлэж болох уу?

-Болно гээд хэлчихье яадаг юм

-Өөрийгөө өнгөөр илэрхийлээч гэвэл та ямар өнгөтэй вэ?

-Би маш олон өнгөтэй. Нэг өнгөөр илэрхийлэгдэх хүн биш. Надад солонгын долоон өнгө бий. Тэр долоон өнгөн дотроос зөндөө олон өнгө гарна. Өөрийгөө нэг өнгөөр илэрхийлэх боломж байхгүй ээ. Би үүнд өөрийгөө магтаж байгаа юм биш. Өөрийнхөө дотоод мөн чанар гадаад харагдах байдал, ааш зан, авьяас, чадвар, мэдрэмжээр хүнийг үнэлнэ гэвэл нэг өнгөөр хэлж болохгүй. Тэнд саар ч юм бий, сайн сайхан, гэгээлэг бүхий л зүйл ч багтана. Гэхдээ би өөрийгөө тийм ч муу хүн биш байх гэж боддог.

-Дэлхийн тайзнаа бүтээхийг хүсэж байгаа дүр?

-Зөндөө байна. Баритон хоолойн  том том дүрүүдийг бүтээхийг хүсч байна. Отелло дуурийн Яго, Набуко, Макбет гээд л. Яах гэж дуурийн дуучин болсон юм. Яах гэж олон улсад дуулах эрмэлзэлтэй байгаа юм. Яах гэж баритон хоолойтой дуучин байгаа юм. Бүгдийг нь л үзэх хэрэгтэй. Үзэж байж л хүний санаа амарна шүү дээ.

-Та хэдэн хэлээр ярьдаг вэ?

-Зөвхөн монголоор. Хамгийн том асуудал энэ л байна. Тэгэхдээ яах вэ одоо бол англиар мэргэжлийн өндөр түвшинд биш ч гэсэн хар ярианы төвшинд ойлголцоод явна. Италиар ярьдаггүй ч дуурийнхаа тухайд бол мэддэг хүнээр сайн орчуулуулж утга санааг нь мэдэж аваад дуулдаг. Тэгэхгүй бол дуулна гэж байхгүй. Хамгийн ойрын зорилт бол хэлээ сайжруулах. Эхний ээлжид итали хэлийг яаралтай сурах төлөвлөгөөтэй байгаа


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Cool nice

    0 0 Хариу бичих
  2. одоо манай дуурийг театрын нүүр хувиргалт болон хувцас гологдож эхлээд ирэх вий...

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ