“Яг түүн шиг 2022” шоуны тав дахь дугаарын ялагчаар Ч.Мишээл тодорлоо. Дугаар бүрийн түрүүлэх оролцогчдын нэгд зүй ёсоор нэрлэгдэж ирсэн тэр дэлхийн од Селин Дионыг дуурайж “Титаник” киноны “My Heart Will Go On” дууг тайзнаа амьдруулан анх удаа ялагчаар тодорсон юм. Түүнтэй ярилцлаа.
“Яг түүн шиг” шоуны урилга ирнэ гэж төсөөлж байсан уу?
Анх шоунд оролцох уу гэж хэлэхэд огт итгээгүй. Тоглоод байгаа юм шиг санагдаад байсан. Энэ бол залуу уран бүтээлч бүрт олдоод байх боломж биш шүү дээ. Тиймээс итгэж чадахгүй, маш их баярлаж хүлээж авсан.
Шоунд оролцох талаар боддог байсан уу?
“Орох юмсан гэж бодоод ч яах вэ. Орохгүй юм чинь” л гэсэн бодолтой байсан. Ер нь бол намайг урихгүй байх л гэж боддог байсан.
Шоуны эхний дугаарт өөртөө хэр итгэлтэй оролцсон бэ?
Өөртөө үнэхээр итгэлгүй байсан. Үзүүлбэр маань хөгжилтэй, эмоцтой, тайз дүүргэсэн үзүүлбэр биш байсан учраас сул үзүүлбэр болох болов уу гэж айж байсан. Маш их сандарч байсан болохоор үнэнийг хэлэхэд больчихмоор санагдсан. Дууриана гэдэг дуулахаас асар өөр, хэцүү зүйл юм билээ. Үзэгчдийн зүгээс нүүр хувиргалт, дуулалт их адилхан болсон гэж байсан. Гэсэн ч надад бол би өөрөө л харагдаад байсан.
Харин эхний дугаарын дараах үзэгчдийн хандлагыг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Маш их урам авсан. Олон хүн намайг дэмжиж байгаа юм байна, тиймээс хичээх ёстой юм байна гэж бодсон. Гэхдээ хичээгээд, хичээгээд байхад баззер үнэхээр хүнд таарч байна.
Хичээгээд хичээгээд байхад баззер үнэхээр хүнд таарч байна гэлээ. Тэгвэл энэ дуучин таарвал боломжийн дөхүүлчих байх гэсэн бодол байна уу?
Өмнөх дугааруудад эмэгтэй л оролцогч байвал яаж ийгээд болгоно гэж бодож байсан. Гэвч амар байгаагүй. Тиймээс энэ дуучин таарчихвал чадна гэсэн итгэл алга байна. Одоо бол ам гарч чадахгүй. Ямар ч уран бүтээлч таарсан бай гүйцэтгэл дээрээ анхаарч өөрийн бүхий л боломжоо дайчлан гаргана.
Өнгөрсөн дугааруудад хамгийн хэцүү, шантармаар нь аль үзүүлбэр байв?
“Boney M” болон Цэцэ байсан. “Boney M”-ын үзүүлбэр дээр гурван өөр эмэгтэй, нэг эрэгтэй дуучны хоолойг гаргасан болохоор үнэхээр амаргүй байсан. Дуучдыг дууриахад хоолойны техник тал дээр Шинээ гээд дуучин бидэнд тусалж, дасгалжуулж байгаа. Миний хувьд одоо СУИС-д суралцаж байгаа. Тиймээс маш их зүйлийг шоунаас сурч байна.
Кино болон жүжгийн дуу дуулах онцгой дугаарын ялагч боллоо. Үзэгчдийн зүгээс хүсэн хүлээсэн оролцогчид нь түрүүлсэнд баяртай байх шиг?
Би дуулж сурч байхдаа гаднын алдартай олон дуучны дууг дуулж, өөрийгөө сорьдог байсан. Гэхдээ хэзээ ч “Титаник” киноны “My Heart Will Go On” дууг дуулж үзэж байгаагүй. Сонсоод л зүрхшээгээд, дуулдаггүй байсан. Огт дуулж үзэж байгаагүй дуу таарсан учраас айсан. Гэхдээ нэгэнт таарсан болохоор хичээхээс өөр арга байхгүй. Энэ үзүүлбэрийг гаргахын тулд өөрийгөө маш их бэлдэж, хоолойны дасгал хийсэн.
“Яг түүн шиг” шоуны өмнөх улирлуудыг үзэж байсан байх. Өмнөх дугааруудыг “Яг түүн шиг 2022”-той харьцуулвал онцлогийг нь юу гэж харж байна вэ?
Өмнөх дугаарууд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой байсан. Миний хувьд энэ улирлын онцлогийг харахдаа шинэ залуу уран бүтээлч олонтой байгаад болов уу гэж бодож байна. Найман оролцогчийн тав нь шинэ залуу уран бүтээлч байна. Хоёр жилийн хугацаанд уран бүтээлчид хөл хорионд байсан. Бүгд л тэсрэлт хийх гээд хүлээж байсан. Энэ нь “Яг түүн шиг” шоун дээр их гоё гарч ирж байна гэж анзаарч байна.
Мишээлийн хувьд хамт оролцож буй оролцогч нараасаа юуг нь “авч үлдэж” байна вэ?
Асар их зүйлд суралцаж байна. Уулзах бүртээ шинэ зүйлд суралцаж байгаа. Хэрхэн хөдөлмөрлөж, дүр дээрээ яаж ажиллаж байна зэргээс эхлээд хувь хүн талаасаа олон зүйлийг мэдэж авч байна. Маш мундаг хүмүүстэй хамт оролцож байгаадаа баяртай байгаа.
“Яг түүн шиг” шоуны ар талд 230 гаруй уран бүтээлч ажиллаж энэ шоу үзэгчдэд хүрч байгаа. Шоуны хамгийн чухал эд эс болсон арын албаны багийнхныг та хэрхэн дүгнэж байна вэ?
“Боловсрол” телевизийн хамт олон яг л нэг гэр бүл шиг. Бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг, хамт байхад таатай, гоё байдаг. Энэ шоуг үзэгчдэд хүргэхийн тулд 230 гаруй хүнтэй баг өдөр шөнөгүй ажиллаж байна. Арын албаныхандаа бүгдэд нь хайртай шүү, шоугаа гоё болгохын төлөө бүх чадлаараа хичээж байгааг нь хардаг гэж хэлмээр байна. Миний хувьд шоунд оролцохын хажуугаар мөрөөдлөө биелүүлж байгаа. Өөрөө оддын дүрд хувирч мөрөөдлөө биелүүлэхээс гадна оролцогчид дундаас шүтдэг одыг маань дуурайвал дэргэдээс нь сонсох боломж олдож байна шүү дээ.
Шоуны хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл та хэнийг нэрлэх вэ?
Өрсөлдөгч үнэхээр байхгүй. Үзүүлбэрээ л сайн байлгаж, үзэгчдэд гоё зүйл өгч байвал бидний зорилго биелж байгаа нь тэр. Нөгөө хэдийн маань үзүүлбэр нь гоё байвал өмнөөс нь баярлаж, огшоод л байж байдаг. “Энэ гоё үзүүлбэр хийчихлээ. Би энэнээс гоё үзүүлбэр хийх байсан” гэж хэзээ ч бодож байгаагүй.