Хайраас ургасан ҮР

-Радио нийтлэл-

Утас дуугарав. 

"Миний охин сэрсэн үү, дүүгээ сэрээгээрэй. Ээж нь өглөөний цайг нь бэлдээд тавьсан, цайгаа уугаарай. Халуун юмнаас болгоомжлоорой, түлэгдэв ээ" гээд ээж минь утсаар намайг өглөө бүр ярьдгаараа сэрээснээр миний  өглөө эхэлдэг.

Ээж минь өглөө эртээ 6 цаг  гээд л ажилдаа явдаг. Ажил нь хол учраас эрт явахгүй бол хотын түгжрэлд явсаар байгаад ажлаасаа хоцорчих байх гээд эрт яваад мөн л түгжирсээр яваад ирлээ гэсээр орой ирнэ.

Намайг Энхрийлэн гэдэг 13 настай. 6 настай дүүтэйгээ ээжтэйгээ гурвуулаа амьдардаг. Дүү маань нэгдүгээр ангийн сурагч болж бид хоёул нэг сургуульд явдаг болсноор би дүүгээ хүргэж өгч авч өвөө эмээ 2 маань хаа холоос бид хоёрыг хүргэж өгдөг ажлаас чөлөөлөгдсөн. "Айлын том охин сүрхий шүү, мундаг хүн болноо" гэж өвөө минь намайг магтахад хөл нь муудаж, нуруу нь улам л бөгтийж байгаа өвөө эмээ хоёроо нааш цааш автобусаар явуулахгүй болсондоо дотроо би баярлана.

Миний мөрөөдөл бол хурдхан том болж нисэгч болох. Хүршгүй хол мэт санагдах ч тэртээ хол тэнгэрт нисэж байгаа онгоцыг харахаар нэг их сайхан газарт хүрч байгаа мэт хязгааргүй уудам эрх чөлөөг мэдрэх шиг болно. Энэ онгоцонд ямар хүмүүс явж байгаа бол ямар хүн жолооддог бол гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Ээжийгээ өвөө эмээгээ баярлуулж тус нэмэр болж ажил хийх бол миний чин хүсэл. Хурдхан том болоод ажил хийнээ гэж хэлэхээр зарим том хүмүүс "Хмм та нар шиг хүүхэд байсан бол сайхан. Юу ч бодохгүй, юунд ч шаналахгүй идэж уугаад инээж хөхрөөд тоглоод. Том болохыг юуг нь хүсэх вэ" гэцгээх юм.

Хүүхэд байлаа гээд би сайхныг мэдрээгүй л явна. Хичээлдээ явна, гэртээ ирнэ. Бараг гадаа гарахгүй, тоглохгүй. Байрны гадаа тоглох гэхээр гадаа нь тойруулж тавьсан машинуудыг тойрч гүйхээс өөр тоглоом байхгүй. Дүүгээ дагуулаад сургуульдаа явах зам шороотой, нүхтэй зарим газраар нь явган хүний замгүй болчихоор машинуудтай зэрэгцээд л алхдаг.

Дүүгийн гутал тэсэхгүй. Гурван буудал хэртэй газар хааяадаа бид хоёр автобусанд сууна, суудал олоод суухаар настай хүмүүс ах эгч нар хүрч ирээд "Алив энэ хүүхдүүд бос, наана чинь сууя" гээд хөөгөөд босгочихно. Дүү маань ядраад байна унтах гээд байна гэж хэлэхээр "Чи яасан олон үгтэй, том толгойтой юм. Юу хийсэн гэж ядардаг юм. Өдийд ийм юм ярьж байгаа юм чинь жоохон том болвол яах бол" гээд зад загнуулаад суудалгүй хоцорно.

Ээж дэлгүүр явуулна. Дугаарлаад зогсож байхад мөн л томчууд урдуур орчихно.Наад охин чинь таны урд байсан гэж худалдагчийг хэлэхэд аан энэ хүүхэд яахав гээд үл тоомсорлоно.

Анги маань надтай нийлээд 54 хүүхэдтэй. Үүнээс долоо нь над шиг аавгүй хүүхдүүд. Хуримтлал, анги сургууль засвар, шинэ тавилга авах, шинэ жил, багш нарын баяр гээд олон баяр баяруудаар мөнгө хураана. Ангийн багш, ангийн дарга хоёр аавгүй ээжгүй өнчин гээд та 7 тал мөнгөө өгч болно эсвэл чөлөөлөгд гэж өрөвдсөн мэт хэлэх нь доромжлол мэт санагдагдаг.

Хоёр настай байхад минь Солонгост ажиллахаар яваад сураггүй болсон аавынхаа талаар би үнэндээ юу гэж хэлэхээ одоо болтол мэдэхгүй л яваа. Анх сургуульд орчихоод аавтай хүүхдүүдийг хараад анх удаа атаархал ч гэмээр юм шиг сонин мэдрэмж төрж билээ. Тавдугаар анги төгсөхөд эрдмийн баяр хийхэд бас л аавыгаа үгүйлсэн. Ирэх жил 9-р ангийн төгсөлтийн хонхны баяр болн,  аав минь бас л ирээгүй байх байх даа. Ээжээсээ аавын тухай асуухаар миний охины аав их сайн хүн байдаг,яг л миний охин шиг царайлаг хүн байдаг юмаа гэхээс өөр юу ч хэлэхгүй.  Өвөө эмээ хоёр маань ч аавын талаар "Уг нь томоотой, нүдэнд дулаахан их л зөв хүүхэд бий дээ" л гэнэ.

Аавынхаа талаар хэн нэгнээс сонсчих юмсан гээд байнга чих тавьж томчуудын яриаг сэм сонсдог болж билээ. Эмэгтэй хүн илүү их тэвчэээртэй байж хүлээцтэй зөөлөн байж хүнийг хажуудаа тогтооноо, миний охин хүлээж л бай гэж эмээ ээжийг аргадан хэлж байхыг мөн сонссон.

Ирэхээргүй болж дээ гэдгийг нь харин би ээжийн ангийн хоёр халамцуу эгчийн ярианаас сонссон. "За тэр нэг хүүхэнтэйгээ суугаад бүр 2 хүүхэд гаргасан гээ биз дээ, эхнэр хүүхдэдээ ганц ч төгрөг хялайлгахгүй өөдгүй новшийг яаж чи зүгээр өнгөрөөж байнаа" гэхэд нь ойлгосон. Тэр цагаас хойш би аавынхаа талаар бодохоо болъё, ээжээсээ асууж сэтгэлийг нь зовоохгүй гэж хатуу шийдсэн. Гэхдээ л миний аав гэдэг хүн энэ хорвооо дэлхий дээр оршиж байгаа гэж битүүхэн бодсоор л яваа. "Аав чинь..." гээд хүмүүс асуухаар нэг л буруутай ч юм шиг тавгүйтдэгээ би нуухгүй ээ.

 "Миний охин чинь аав ээж хоёрынхоо хайраас төрсөн үр, хайраас ургасан цэцэг шүү" гэж ээжийн минь надад хэлсэн үг чихэнд хадаастай.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Уйлмаар байна

    0 0 Хариу бичих
  2. Эр эм хоёр салж болно.Гэхдээ хүүхдэдээ түүнийгээ нялзааж яавч болохгүй.Салсан эхнэр нөхрөө хүүхдийнхээ дэргэд битгий янз бүрээр доромжил муухай үг бүү хэрэглэ.Ээж ааваас гарсан үг бүр хүүхдийн заяаг бүтээж байдгийг сана.

    0 0 Хариу бичих
  3. Ee evii dee burhan chamaig harnaa zuv hun.baihad l bolno duu mini

    0 0 Хариу бичих
  4. Сэтгэл бүхний шаналал эдгээсэй гэсэндээ Алтан нар манддаг Хүүхдийн сэтгэлийг ойлгоцгооё

    0 0 Хариу бичих