Сэргээшийн маргаантайгаа наадамтай золгох уу

Өнгөрсөн жил цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмаа нэг жил өнжсөн монголчууд энэ жилийн наадмаа нижгэр тэмдэглэхээр зэхэж буй. Үндэсний их баяр наадам бол Монгол түмний төрт ёсны түүхэн уламжлал, бахархал, үнэт зүйл, соёл, ондоошил ялгарал. Тийм ч учраас уг баярт хэн бүхэн өндөр ач холбогдол өгсөөр өнөөдрийг хүрсэн. Гэвч наадам дөхөх тусам эрлийз, монгол адууны асуудал, допинг хэрэглэсэн бөхийн маргаан олныг хамарч баяр дуусан дуустал үргэлжилдэг болоод удаж буй. Юун түрүүнд бөхдөө хайртай Монголчуудыг хайргүй болтол нь залхааж буй “шээсний хэрүүл” энэ наадмаар ч мөн үргэлж лэх вий гэдэг болгоомжлол бөх сонирхогчдод байна. Учир нь хэдхэн сарын өмнө Улсын даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нарын сэргээшийн асуудалд оноосон шийтгэлээс болж  товлогдсон барилдаан цуцлагдтал монгол бөхчүүд монгол бөхийн дэвжээнээ хэрэлдсэн. Бүхэл бүтэн гурван цаг барилдаан эхлэхийг тэвчээртэй хүлээсэн үзэгч олны уур, унтууг харин ч нэг барсан. Яг үүн шиг асуудал энэ наадмаар давтагдахгүй гэх баталгаагүй. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 6-нд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг “Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр”-аас хүчингүй болгоод барилдах эрхийг нь сэргээчихсэн. Энэ шийдвэр нэг сарын өмнө гарлаа. Ингэхдээ Бөхийн холбооны дүрмийн 7.3 дугаар заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон аж. Түүнчлэн тус байгууллагын гаргасан шийдвэрийг Үндэсний бөхийн холбоо биелүүлэх үүрэгтэй байдаг.  Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус байгуулагад хандсан ч уг асуудлаар одоохондоо мэдээлэл өгөхгүй гэдэг хариу сонссон юм. Спортын арбитр энэхүү шийдвэрээ Монголын үндэсний бөхийн холбоонд танилцуулаагүй байгаа талаар Бөхийн холбооны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням мэдээлж байсан. Баяр наадам эхлэхэд ердөө нэг сар гаруйн хугацаа үлдчихээд байхад энэ мэт асуудал нэг талдаа багтаагүй, хэнийх нь шийдвэрийг эцсийнх гэж үзэх нь ч тодорхойгүй байгаа нь энэ жил ч мөн допингийн хэрүүл үргэлжлэх вий гэдэг болгоомжлол төрүүлж байна.

Монгол бөхөд нутагшсан сэргээшийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн талаар олон жил ярьсан ч зөв шийдлээ олоогүй өдийг хүрлээ. МҮБХ-ноос гаргасан шийдвэрийг спортын арбитр үгүйсгэдэг эсвэл Үндэсний бөхийн салбар хороо өөр шийтгэл оногдуулдаг зэргээс болж ийм маргаан тасардаггүй. Жил жилийн наадмын дараа шинжилгээ өгсөн 2-3 бөхөөс заавал сэргээшийн төрлийн хориотой бодис илэрдэг уламжлалтай болчихсон. Үүнийг нь одоо үзэгчид ч хүлээн зөвшөөрөх маягтай. Тэрний шээснээс тийм бодис илэрч гэнэ, харин түүнийхээс нэг биш нэлээд хэдэн хориотой бодис илэрч гэнэ гээд нэг хэсэгтээ л ярих зүйлтэй, маргах сэдэвтэй болдог болжээ. Энэ хэрээр Монголын уламжлалт өв соёлыг тээсээр ирсэн бөхчүүдийн нэр төр сэвтэж, бөх сонирхогчдын тоо цөөрсөөр байна. Тиймээс цаашид үндэсний өв соёл, баяр наадмыг талцал хуваагдалгүй зохион байгуулах зорилгоор “Баяр наадмын шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцээд эхэлсэн. Уг хуульд үндэсний бөхөд тулгамдаад буй допингийн асуудлыг цэгцлэх заалтууд багтсан. Тодруулбал, дөрвийн даваанаас дээш допингийн шинжилгээнд ордог байх зохицуулалт орсон байна. Мөн баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй бөгөөд тав түүнээс дээш давж, цолонд хүрсэн хүмүүст цол олгох батламжийг олгохоор тусгажээ. Допинг илрээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгохоор заасан байна. Энэ хууль батлагдсанаар Баяр наадам зохион байгуулах комисс, МҮБХ-оо допингтой холбоотой хэрүүл маргаанд оролцож, шүүхийн байгууллагаар явдаг асуудал үндсэндээ цэгцэрнэ гэж үзэж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ардын цэнгэл наадам маань авилгач хэдэн олигарх баячуудын дохиураар ингэж будилдаг боллоо харамсалтай

    0 0 Хариу бичих
  2. Бөх үзэж, энэ тэрээ гэхээ л больчиход болох юм ш дээ уг нь, тэнэг бөхчүүд тэрүүгээрээ учраа олцгооно биз, тоохгүй хаячих хэрэгтэй

    0 0 Хариу бичих
    • Mori bas boon budlian heruul

      0 0
  3. Энэ нэг сэргээшийн асуудлаа одоо болтол эцэслэж чадаагүй юм уу яндаа ажлаа хийж чадахгүй дарга нар байгаад хэрэг байхгүй оронд нь өөр юм хийдэг хүнээ тавимаар юм аа

    0 0 Хариу бичих