Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, ТАМГА, дуулал мөн.

Үндсэн хууль

“Херо” Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” физикл драм Улсын драмын эрдмийн театрын тайзыг эзэгнэж, магтаалын сайхан үг бүхнээр мялаалгаж буй энэ цагт манай улсад тамганы тухай “сонин хачин” өдөр бүр сонсдоно. Хамгийн сүүлийнх нь Ардчилсан намын 21 аймгийн дарга нар тамгаа нэгэн зэрэг “гээсэн” тохиолдол. УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 55 тамга тэмдэг үрэгдүүлсэн тохиолдол бүртгэгджээ. Тамгаа гээхээс өмнө манайхан тамгаа авч зугтана, гэнэт хоёр тамгатай болно, хуурамчаар үйлдэнэ, жинхэнэ, хуурамч тамгаа ялгахаа болино гээд тамганы “үйл явдал”-аар хэзээд арвин байдаг.

Тамга авч зугтах мода

Тамга авч зугтах мода хэзээнээс дэлгэрснийг мэдэхгүй ч сүүлийн үед эрчтэй дэлгэрч буй. “Тамгаа авч зугтжээ” гэж хайлт хийх төдийд 10400 илэрц гарч ирэх бөгөөд хамгийн эхнийх нь “Н.Түвшинбаяр ажлаа өгөхөөс татгалзаж, МҮОХ-ны тамгаа авч зугтжээ” гэх мэдээ. Бас ч үгүй хандалттай. Энэ мэдээг 5780 хүн уншжээ. Үргэлжлүүлэн Багануур дүүргийн дарга нар, Эрүүл мэндийн сайдын туслах, Ховд, Говь-Алтай, Дорнод аймгийн ИТХ-ын дарга, 103-ын дарга, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Налайхын ИТХ-ын төлөөлөгч, ЕБС-ийн захирал, Газрын албаны дарга, ХҮН-ын генсек, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга гэх мэт уртаас урт цуваа хөвөрч байна. Хувь, хувьсгал, нам эвслийн өндөр, нам албан тушаалтай бүх л хүн тамгаа тэврэн чавхдан одсоныг харвал нэг хэсэгт ч хамаатай бус нийтэд хамаатай хавтгайрсан үзэгдэл болжээ. Эхэндээ бид тэднийг шоолж шоглож хүлээж авч байсан бол одоо цаг агаарын мэдээтэй адил хувиралгүй хүлээн авдаг болжээ.

Гэнэтийн шинэ тамга

Жинхэнэ, хуурамч тамганы маргаанаар тамганы сонин хачин үргэлжилнэ. Хамгийн энгийн ойрын жишээ Ардчилсан намын тамганы маргаан. АН-ын даргын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн гэж үзээд  С.Эрдэнэ намын даргаа үргэлжлүүлэн хийхээр болсноо зарлаж, АН-ын тамгыг буцааж авах шаардлагыг тавьсан. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан байдаг. Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтууд хийж, дүгнэлт гарган АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Ингээд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг С.Эрдэнэд олгож, шинэ тамга хийлгэснээр АН-ын үйл ажиллагаа хүчин төгөлдөр болж байгаа талаар олон нийтэд мэдээлж байсан.

Гэтэл нөгөө нэг хэсэг нөхөд нь намын даргын сунгаа зохион байгуулж, ялалт байгуулсан Х.Баттулгад сүртэй хайрцагтай тамга гардуулсан. Энэ үеэр Ардчилсан намын дарга асан З.Энхболд “Ардчилсан намын энэхүү тамга нь анх үүсгэн байгуулагдахад миний захиалж хийлгэж байсан жинхэнэ тамга” хэмээснээр аль нь жинхэнэ эсэх эргэлзээ үүсэв. Цэцэрлэгийн хүүхдүүд үнэтэй, хямд алимны ялгааг гаргаад байхад манай дээдсүүд жинхэнэ, хуурамчаа ялгачихдаг л баймаар байгаа юм. “Манайх ч жинхэнэ”, “Минийх ч жинхэнэ” гэсэн хэрүүл ганцхан АН-аар дуусахгүй. Хоёр тамгатай байгууллагын маргаан Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын залуучуудын холбоо гээд цааш үргэлжилнэ.

“Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй хүргэе”

Тамгатай холбоотой өөр нэг дуулиан ч гэх үү, ер нь доромжлол ч гэж тодотгож болмоор нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн “Тамгатай төрсөн өдрийн мэндчилгээ”. Түүний хувьд ажилтныхаа төрсөн өдөрт тамгатай төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэх нь шинэ зүйл биш бөгөөд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байхдаа ч ажилчиддаа төрсөн өдрийн мэнд хүргэсэн мэндчилгээний хуудсанд гарын үсгээ зураад тамгаа дардаг байсан аж. Тэрбээр энэ талаараа гудайх ч үгүй “Мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлдэг ажлыг Статистикийн дарга байхаас авахуулаад, одоо яаманд ч хэрэгжүүлж байгаа юм. Гадны хүний нүдээр буруу харагдах ч бидэндээ бол цаг зардал бараг гарахгүй ч сэтгэл шингэсэн үнэ цэнтэй эд. Тэгсэн “Тамга дарсан, төрийн тамга үнэгүйдүүллээ” гэж шүүмжлэх нь ээ. “Ариунзаяа сайд мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлдэг. Гарын үсэг зурж, тамга дардаг” гээд уг нь гоё шүүмжлэл байна. Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй л хүргэе дээ. Ер нь бид нэгэндээ талархал илэрхийлж, нэгэндээ сайн ажилласанд нь баяр хүргэж, хүнд урам өгч чадахаа байсан байна шүү. Ажилтан бүр ажилдаа дуртай, урам зоригтой бол улс орон аяндаа зөв гольдролд орох учиртай. Төр, хувь, аль аль нь" гэжээ. Сэтгэл шингэсэн үнэ цэнтэй “эд”-ндээ төрийн тамга оролцууллаа гэж иргэд шүүмжлэх ёсгүй байж. Сайдыгаа хачин ихээр уурлуулсан байдаг.

Багачууд тамгаар наадаж эхлэв

Дээдэст л хамаатай тамга тэмдэгний өвчин одоо “нялхас”-т халдаж эхлэв. Мэдрэлийн гаралтай өвдөлт намдаадаг, жороор олгодог эмийг авахын тулд нэг эмчийн жорыг хэд хэд хувилан хуурамчаар авахыг оролдсон тохиолдол гарав. Сэтгэцэд нөлөө үзүүлэхүйц энэхүү эмийг авахын тулд өндөр үнээр тамга тэмдэг хийлгэсэн тухай яриа ч эмзүйчдийн группт өрнөөд амжсан харагдана. Уг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд зааснаар тамга, тэмдгийг хуурамчаар үйлдвэл, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй  /450000-5 400 000/тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээсэн байдаг.

Мөн энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй /2700 000-14 000 000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Гэвч хэдхэн ширхэг сэтгэцэд нөлөөт эмний төлөө ийм зэргийн эрсдэлийг хүлээж буй нь бидний ирээдүйн өнгийг хүссэн хүсээгүй, тодорхойлоод өгч байна. Өсвөр үеэ мансуурлаас, бас тамганы хэрүүлээс хол байлгая гэвэл эмч нарыг онлайнаар жор бичүүлдэг болгоё. Ковидын хариугаа онлайнаар авч болсон юм чинь үүнийг ч гэсэн болох л байх. Бичсэн эмч нь, авах өвчтөн нь тодорхой бол эмийн санчид ч “хуурамч жор”-ын айдасгүй ажлаа тайван хийнэ.

Эцэст нь хэлэхэд, тамга гэдэг уг нь бидний тусгаар тогтнолын баталгаа болсон үнэтэй, хүндтэй зүйл. Гэтэл үнэгүйдүүлсэн, хошигносон, элэглэсэн тохиолдол багасахгүйгээр үл барам энэ мэт улам нэмэгдсээр байгаа нь эмгэнэлтэй. Эрх мэдлийн төлөө тамгаар наадагсдын элэглэл нь арай л дэндээд байх шиг. Хүүхэд нь тоглох тоглоомгүй байна гээд бурхнаараа тоглуулдаггүй биз дээ.

Тамга гэхээр одооны заримууд ердөө л албан бичгийн төгсгөлд дардаг тэмдэг гэж ойлгодог бололтой. Гэтэл тамга бол Монголчуудын эрт цагийн оюуны соёлын бүтээгдхүүн төдийгүй орчин үеийн ном хэвлэх үйлдвэрийн үндэс эрх барих бэлгэдэл болсон ололт юм.