Харь үг эх хэлэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

Дэлхий дээр долоон мянга гаруй хэл байдаг бөгөөд он цаг өнгөрөх бүрийд устаж үгүй болсоор байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь 1700 гаруй хэлийг устах аюултай гэсэн ангилалд хоёр жилийн өмнө оруулжээ. Үүнд ихэвчлэн хүн ам цөөнтэй, жижиг улсууд гэхээсээ илүүтэй үндэстнүүдийн хэл багтаж байгаа нь анхаарал татаж буй. Энэхүү явдлыг олон талын байр сууриас тайлбарлаж байгаа ч жижиг улсууд их гүрнүүдийн соёлын нөлөөнөөс болж өөрсдийн хэл соёлоо алдаж байгааг ЮНЕСКО онцлон анхааруулжээ.

Орчин цагийн монгол хэлний үгийн санд харь гаралтай үг хэллэг ихээр нэвтэрсэн тухайд эх хэлний мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын дунд зарчмын зөрүүтэй хоёр байр суурьт хуваагдаад байгаа юм. Нэг хэсэг нь аливаа хэл бусад харь хэлнээс үг хэллэг зээлдэн авч хөгждөг нь жам ёсны үзэгдэл учраас орчин цагийн монгол хэлний үгийн санд харь үг хэллэг ихээр хэрэглэж буй байдал нь манай хэлний хөгжлийн л нэг үе шат, зүй тогтолт үзэгдэл бөгөөд монгол хэлээрээ ярьдаг, сэтгэдэг эзэн үндэстэн нь байгаа цагт монгол хэл бохирдох, устах мөхөх аюулгүй гэсэн аядуу тайван үзэл баримтлалыг барьж байгаа юм. Тэгвэл нөгөө хэсэг нь эх хэлний үе үеийн мэргэд сэтгэгчдийн сургаж, сэнхрүүлсээр ирсэнчлэн монгол хэлний мэргэжилтэн хүмүүс өөр өөрийнхөө үед эх хэлээ хайрлан хамгаалах учиртай, монгол хэлний өнөөгийн байдал бол харь үгийн эзлэх тоо хэмжээ хэрээс хэтэрсэн цаг үе бөгөөд энэ байдлыг даруй засаж залруулан, эх хэлээ эрхэмлэх талаар эрдэмтэн мэргэд төдийгүй төр засаг ч анхаарлаа хандуулж, цэгцтэй оновчтой бодлого хэрэгжүүлэх цаг үе болсон хэмээн үзэж байна.

Хэл уствал соёл устана гэдэг. Эх хэлээ бүрэн бүтнээр нь авч үлдэн үеийн үед өвлүүлэн дамжуулах гэсэндээ харь үг хэллэг эх хэлэнд орж ирэх нь зүйтэй нөгөө хэсэг нь зохисгүй гэж эрдэмтэн, судлаачид хуваагдаад байгаа юм.  Тэгвэл хамгийн оновчтой хувилбарыг нэгэн монгол хэлний судлаач эрхэм хэлсэн байна. 

Монгол хэл, уран зохиолын багш, судлаач Г.Баттогтох

Урсгал ус тунгалаг байдаг. Харин тогтоол ус бол өмхийрдөг шүү дээ. Яг үүнтэй адил хэл бол үргэлж хөдөлж, хувьсдаг зүй тогтолтой. Бид бүгд зөвхөн монголоор, эсвэл англи хэлээр ярих ёстой гэсэн хууль байхгүй. Монгол хэлэнд гаднын хэд хэдэн хэл хүчтэй нөлөөлсөн үе, тохиолдол бий. Жишээ нь, буддын шашин ид дэлгэрэх үед төвд хэл, нийгэм журам байгуулах гэж “хийрхэж” явах үед орос хэл чөлөөт нийгмийн энэ цаг үед англи хэл хүчтэй нөлөөлж байгаа нь үнэн. Аливаа зүйл хэмжээ хязгаараасаа давах л аюултай байдаг. Харь хэлний үгийг монгол хэлэнд тодорхой хэмжээнд оруулж болно. Харин харь хэлийг дагаад монгол хүний сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлбэл хэцүү. 

Харь хэлний үг хэрхэн хэрэглээнд нэвтэрч байна вэ?

Орчин үеийн техник технологийн хурд, эрчимтэй хөгжих хөгжлийн энэ үед бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ, материал, заавар зааварчилгааг нэрлэсэн нэр томьёо хэрэглээнд асар хурдтай нэвтэрч, тэр гадаад үгээрээ хэвшиж байна. Тухайлбал, хэнбугай ч  компьютерыг цахимбар, скочыг наалтууц, усан санг шумбуур, органикийг шимт, сальфеткаг салбайдаг, бильярдыг ёворцог, кофег боргол гэж нэрлэхгүй байгаагаас харж болно. Түүнчлэн гаднын олон ангит кино, контент, блог, гэх мэт бүтээлүүдийг залуус үзэн, шүтэн бишрэх хандлага гарч байна. Ингэснээр тухайн бүтээлүүд дээр гардаг үг хэллэгүүдийг догь гэж бодон залуучууд хэрэглэх болж. Ийнхүү гаднын үг хэрэглээнд их хэрэглэх болсон тул эх хэлэнд эзлэх хувь хэмжээг хэл шинжлэлийн ухааны үүднээс нарийвчлан гаргаж, өмнөх үеийн байдалтай нь харьцуулан шинжилж, үнэлж дүгнэх явдал чухал болно. Энэ чиглэлээр зарим судлаач, эрдэмтэд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд тэдний нэг нь доктор, профессор Н.Балжинням  юм. Тэрээр “Монгол хэлний гадаад үгийг ангилах нь” хэмээх шинжилгээний өгүүлэлдээ бичсэн юм. Үүнд Монгол хэлнээ Англи, Араб, Болгар, Грек, Герман, Голланд, Иран, Испани, Итал, Латин, Латви, Литви, Манж, Орос, Перс, Төвд, Франц, Хятад, Чех, Слав, Япон зэрэг дэлхийн 30 гаруй хэлний үгс орсон байна хэмээн тэмдэглээд, энэ нь монгол хэлний үгийн сан дутсандаа бус цаг үе өөрчлөгдөж хувьсаж байгаатай холбоотой. Монгол хэлнээ орсон гадаад үгийн тоо хэмжээний хувьд 4000 орчим байна гэж эл судлаач бичжээ.

Харь хэлний үг эх хэлний дархлаанд нөлөөлж байна уу?

Гаднын үг их ашиглах нь эх хэлний дархлаанд нөлөөлж байна уу гэдгийг элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн шалгалтаас баримжаа авж болно. Ингэж хэлсний учир нь хүүхэд, залуус харь үг хамгийн их хэрэглэдэг бөгөөд 12 жил үзсэн хичээлээрээ шалгалт өгч байгаа нь асуултын хариултыг өгч байгаа юм. Тус шалгалтыг коронавирус халдварын улмаас хоёр жил дараалан зохион байгуулаагүй бөгөөд энэ жил шалгалт авахад 5300 гаруй хүүхэд авах ёстой онооныхоо 50 хувийг авж чадалгүй унажээ. Гэтэл шалгалтын бүх оноог авсан ердөө 45 сурагч байгаа юм. Үүнээс харахад харь үг эх хэлний дархлаанд нөлөөлж байна. Үүнийг ч эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн юм. 

МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян 

Эх хэлний дархлаанд сөргөөр нөлөөлдөг зүйл олон байна. Ялангуяа харь хэлний дархлаа ихсэх нь эх хэлийн мөхөлд ойртуулах сөрөг хандлагатай. Сүүлийн үед харь хэлийг шүтэх хандлага ихэссэн, ялангуяа даяаршиж буй хэлийг шүтээд эх хэлээ сурч судлах хандлага харьцангуй багасч байгаа нь ажиглагддаг. Үүний эсрэг төр засгийн түвшинд бодлого явуулж л байна. Гэхдээ орчин цагийн монгол хэлний түвшинд мөхөөхөд тулчихсан аюул алга    

Эх хэлээ гажуудуулах, харь үгийг хавтгайруулах явдал хэтэрвээс үгийн утга санааг алдагдуулах, мартагдах байдалд хүрч болно гэдгийг номч мэргэд маань ч эртнээс мэдэрч, сануулж байжээ. Манай нэрт түүхч, ерөнхий сайд асан А.Амар гуай эдүгээгээс дал гаруй жилийн өмнө нийтлүүлсэн “Монгол үндэсний хэл бичгийг хөгжүүлэх тухай сэдэв” хэмээх өгүүлэлдээ “...Одоо үеийн албан хаагчид ба сурагчид шинжлэх ухааны зүйлүүдийг монгол хэлээр суралцах ба орчуулахад нэр чанарыг олж чадахгүй дэмий дур дураар элдэв адилгүй нэр зохиож бичих зэргээр утга чанарыг алдагдуулах нь буй дээр өөрсдийн үндэсний үгийн утга тайлбарыг үзэж мэдсэнгүй учраас аливаа бичиг зохиолын утга чанар суларч ухаж мэдэхэд бэрхтэй болсон ба аливаа хууль дүрмийн явдалд ч үгийн хүнд хөнгөнийг үл ялгаварлах учраас хүндэд хөнгөнийг хэрэглэх буюу хөнгөнд хүнд үгийг хэрэглэх ба эсвэл хүнд хөнгөн хоёулыг хольж хутган хэрэглэх зэргээр утга чанарыг алдагдуулах болжээ. Энэ мэт болж агсаар эцэстээ өөрсдийн үндсэн үг хэлээ мартан мартсаар гадаадын үг хэлэнд татагдан орох буюу утга чанар нь сулран суларсаар үг хэлээ гээх явдал гарч болно. Жишээлбэл, аливаа нэгэн нэр томьёоны зүйлд өөрийн үндэсний нэр томьёог мэдэхгүй бол гадаадын нэрээр нэрийдэх бөгөөд энэчлэн хэрэглэсээр эрхгүй нэр бүрд гадаадын үгийг хэрэглэх болох ба мөн тэр мэтээр өөрийн үндэсний үгийн утга тайлбарыг мэдэхгүй бол бусад хэлээрх эрдэм ухааныг буулган авах аргагүй болж даруй үндсэн үгээ гээж орхих явдал гарч болно” хэмээн голыг нь олж хэлсэн нь өнөөгийн бидэнд зориулсан юм шиг сэтгэл төрүүлж байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)