“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Баянгол дүүрэгт хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус дүүрэг дэх сургуулийн хүрэлцээ, хүүхэд залууст чиглэлтэй үйл ажиллагааны биелэлт хэр байгаа талаар сонирхлоо.
Энэ талаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуулаас тодруулахад “2012-2016 онд нийт 377,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дүүрэгтээ татсан. Үүнд улс, нийслэлийн төсөв, бондын хөрөнгө, гудамж төсөл, буцалтгүй тусламж зэрэг орлогуудаас үүнийг татсан юм. Зөвхөн боловсролын салбарт л гэхэд 26 тэрбум төгрөгийн 58 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Сургуульд 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Үүнийг эхлүүлэхийн өмнө иргэдийн дунд санал асуулга явуулж, аль хороонд юу хийх шаардлагатай байгааг судалсан. Сургуулиудын хамрах сургалтыг нэмэх чиглэл дээр анхаарч ажилласан.
Жишээлбэл, 20, 40 дүгээр сургууль , Эрдмийн ундраа цогцолбор гэх мэт сургуулиудад давхарлах үйл ажиллагаа явуулсан. Тэгснээр хамран сургалт нэмэгдлээ гэж дүгнэж байгаа юм. Мөн түүхэндээ анх удаа Баянгол дүүргийн хүүхдийн зуслантай болж байгаа. Энэхүү цэцэрлэг нь Тэрэлж горхид байрлалтай, эхний барилгууд ашиглалтад орсон байгаа юм. Ингэснээр 30-40 хүний ажлын шинэ байр бий болж байна. Харин нэг ээлжид 350-400 хүүхэд амруулах хүчин чадалтай гэхлээр Баянгол дүүргийн хүүхэд багачууд зуны амралтаа агаар салхинд ая тухтай амрах боломж бүрдсэн байгаа. Мөн хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр бид дүүрэгтээ “Хүүхэд хөгжлийн төв”-ийг нээж байна.Үүнтэй холбоотойгоор 25 төрлийн дугуйлан хичээллэх зорилготой ажиллаж байна. Тус төв ашиглалтад орсноор 42 шинэ ажлын байр бий болох юм.
Мөн усан спорт хөгжлийн төв ашиглалтад орсноор бид улсын хэмжээний 6 рекордыг эвдэж чадсан. 58 алт 13 мөнгө,21 хүрэл авсан амжилттай байна” хэмээлээ.
Харин бид эдгээр ажлуудын бодит биелэлтийг үзэхээр Ган зам 20 дугаар сургууль дээр зочиллоо. Сургуулийн нэмэлт мансардны ажил хийгдсэнээр сургалтын чанар болон орчны ямар ямар өөрчлөлтүүд гарсан зэргийг тодууллаа.
Ган зам 20 дугаар сургуулийн дотоод хянан шалгалтын ажилтан Г.Батбаатар “Манай сургуулийг анх 1983 онд байгуулсан. Тухайн үед Оросууд төмөр замд ажиллаж байхдаа энэ сургуулийг барьж “ Орос хоёр дугаар сургууль” гэж нэрлэсэн юм. Тэр цагаас хойш сурган хүмүүжүүлэх ажлаа тасралтгүй явуулж байгаад сүүлд 2011 онд БСШУЯ-ны харьяа лаборатори сургууль болж байлаа.
Ингэснээр сургалтын чанар, багш нарын хичээл заах чанар дээшилсэн гэдэг утгаараа наашаа чиглэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Ингээд манай сургуульд суралцах сурагчдын тоо нь хэтрээд багтахгүй болсон. Харин энэ асуудлыг 2014-2015 оны хичээлийн жилд улсын хөрөнгө оруулалтаар 1,8тэрбум төгрөгийн санхүүжилтээр хуучин барилгын их суурин ажил, сургуулийн нэмэлт давхар буюу мансардыг бариулсан. Ингэснээр 14 шинэ анги танхим , багш нарын ажиллах өрөө тасалгаа нэмэгдсэн. Нийтдээ манайд суралцаж буй 2400 хүүхэд дээр 15 анги нэмэгдэж ирж суралцах боломж бүрэн нээгдсэн юм. Ийн ачааллаа тэнцвэржүүлээд дунд, ахлах ангийнхан нэг ээлжид орж, хичээлийн бус цагаар багш нарын сурагчидтайгаа ажиллах нөхцөл, сурагчид давтлага хийх боломж бүрэн нэмэгдсэн гэж хэлж болно.
Ийн сургуульд өргөтгөл барьснаар сурагчийн хичээл хийх боломж, анги танхимын хүрэлцээ нөхцөл ямар байгаа талаар Ган зам 20 сургуулийн 7 дугаар ангийн сурагчдаас тодрууллаа.
“Өмнө нь анги хэсэж хичээллэдэг, тогтсон нэг анги танхим гэж байгаагүй. Харин одоо ангитай болсноор өөрийн гэсэн өмчтэй болсон мэт сайхан байна. Хамгийн гол нь ангигүй байхад давтлага хийх, анги танхимаа цэвэр байлгах боломж олддоггүй, сургуулиас зохион байгуулдаг ажилд анги нийтээрээ бэлтгэх хийх боломж хүртэл хомс байдаг байсан. Харин одоо бол ангитай болоод цэвэр тухтай ангидаа давтлага хийх боломжтой болж, гэртээ харихгүй хичээлээ хийгээд суумаар санагддаг болсон” гэв.
Ингээд бодохоор ер нь сургуулийн хүрэлцээгүй байдлыг арилгахын тулд заавал шинэ сургууль барих гэж цаг алдахын оронд нэмэлт мансард барьж анги танхимаа нэмснээр илүү олон хүүхэд сургуульд хамрагдах боломжтой гэдгийг Баянгол дүүргийн сургуулиудад шийдэж өгчээ.