Найдвартай орлогыг аз эзээс дээгүүрт тавьсан хэсэг иргэний гаргасан “НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтыг нэмэгдүүлэх” шаардлага өнгөрсөн сард интернэт орчинд хүчээ авч, Засгийн газраас шийдвэр гаргуулж чадсан билээ. Засгийн газар сугалааг цуцлах шаардлагыг хүлээж авсан ч хамгийн гол шаардлага болох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг хангалгүй орхисон. Энэ шийдвэр иргэдийг нэлээд хашрааж, цаашид төр засгаас хоёр юм нэг зэрэг хүсэхдээ бодолтой хандахгүй бол горьгүй гэдэг сануулгыг өгсөн гэж болно. Нөгөө хэсэг бүлэг нь хүчтэй дуугарч байж ирэх оны нэгдүгээр сараас сэргээх шийдвэр гаргуулсан инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг явдал болоод өнгөрсөн.
Сугалаа цуцалснаар хэсэг бүлэг иргэд санасандаа хүрч, Засгийн газар мөн тал алдалгүй өнгөрсөн ч цаана нь НӨАТ-ын төлөлт буурч улс орны эдийн засагт ихээхэн хорлонтой үр дагавар үлдэж мэдэхээр болчихлоо. НӨАТ нь төсвийн орлого бүрдүүлэхээс гадна “далд эдийн засаг”-тай тэмцэх хамгийн үр дүнтэй зэвсэг гэдгийг мартаж болохгүй. НӨАТ-т төлөгдсөн нэг төгрөг цаанаа байгаа 2-3 төгрөгийг илчилж байдаг.