
Эрдэнэтийн, “Алдар”-ын, “Этүгэн”-ий гэх мэт овог олонтой тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Даланбаярын Дэлгэрмааг танилцуулъя. Тэрээр 2008 онд Эрдэнэтийн 14 дүгээр дунд сургуульд сурч байхдаа уран гулгалтаар хичээллэхийг хүссэн ч боломж олдоогүйгээс тэшүүрийн спортыг сонгосон гэдэг. Одоо ч энэ сонголтдоо үнэнч хэвээр явна. Жил бүр амжилтаа ахиулж, зай тус бүрт улсын дээд амжилтыг эвдсээр өдгөө 28 рекорд эзэмшиж байна. Д.Дэлгэрмаа спортын мастер Д.Энхбаяр багшийн удирдлага дор бэлтгэлээ базааж, 2018 онд БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпод оролцохоор бэлтгэж байгаа юм. Түүний тэшүүрийн анхны багш Ц.Мөнх-Эрдэнэ. Монгол Улсын гавьяат тамирчин Л.Цэндийн удирдлага дор нэг үе хичээллэсэн. Тэрээр анагаах ухааны “Этүгэн” дээд сургуульд био-анагаах чиглэлээр амжилттай суралцан өнгөрсөн жил төгссөн, эмч тэшүүрчин юм.

Д.Дэлгэрмаа "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 400 метрийн талбайдаа болоод л байна” гэсэн бол багш нь “Манай улсын талбай, мөсний байдал ч тааруу. Тийм болохоор аль мөс сайтай газар очиж дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Нэгэнт 2018 оны олимпод амжилттай оролцъё гэж зорьж байгаа юм чинь стандартын талбай, мөс бараадах ёстой” гэв. Д.Дэлгэрмаа биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, улсын шигшээ багийн тамирчин. Спортоор харьцангуй хожуу хичээллэсэн ч хэдийнэ улсынхаа шилдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин болоод байна. Түүний хувийн амжилтыг он, зай бүрт дурдвал урт жагсаалт гарна. Зөвхөн гурван жилийн өмнөхийг л танилцуулъя. Тус оны нэгдүгээр сард Казахстаны Астанад болсон уралдаанд 5000 метрийн зайг 8:40.00 минут туулсан.

Арван сарын дараа Канадын Калгарид болсон уралдаанд 3000 метрт 4:25.69 минут хурдалсан бол 1500 метрт 1:22.68 минут тэшсэн байна. Үүний дараахан нь буюу арваннэгдүгээр сард Калгарид 500 метрт 41.54 секунд хурдалсан амжилттай. Энэ бүхэн Монгол Улсын дээд амжилт болон бүртгэгдсэн. Д.Дэлгэрмаа Монголын оюутны тэргүүн дээд шагнал болох “Эрдмийн хонх”-ын эзнээс гадна Нийслэлийн тэргүүний оюутан. Энгэрт нь “Алдрын од” медаль ч гялалзаж байдаг. Сонирхлоо мэргэжил болгосон ийм нэгэн овсгоотой тамирчин Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бахархал төдийгүй спортыг эрч хүч, залуу насны хийморь гэж хардаг нийт монгол залуусын үлгэр дууриал болж явна.


Эх сурвалж:
