Тохиолдол 1

Би 2019 онд хувийн эмнэлэгт эдийн шинжилгээ өгөөд хөхний хавдартай гэдгээ мэдсэн. Онош тодорсон даруй Хавдар судлалын үндэсний төвд очсон ч зөвхөн шинжилгээ хийлгэж, оношоо батлуулахын тулд сар гаруй хугацаанд хүлээхээр байсан. Үзүүлээд хагалгаанд орох хүртэл бүр ч удах байсан байх. Хоног хугацаа алдах нь өөрийгөө хорлож байгаагаас өөрцгүй санагдсан учир ............. хувийн эмнэлэгт хагалгаанд орсон. Хагалгааны төлбөр 10 гаруй сая төгрөг болсон шиг санагдаж байна. Химийн эмчилгээ нь тусдаа үнэтэй. Ер нь нийт эмчилгээний зардалд 30 орчим сая төгрөг зарцуулсан. Би 27  жил төрийн алба хашсан хүн. Энэ хугацаанд даатгал, татвар тасралтгүй төлсөн ч өвдсөн үед миний төлсөн мөнгө надад хэрэг болоогүй. Тухайн үед хагалгаа, эмчилгээ хийлгэхийн тулд автомашинаа зарсан. Унаа, тэргээ зараад ч болов эрүүлжсэндээ баяртай байдаг ч хагалгаа хийлгэх нь битгий хэл шинжилгээ өгөх ч мөнгөгүй хүн олон байгааг хараад өр эмтэрсэн. Тэдгээр хүмүүст эмнэлгийн цаг, оочер хүлээнэ гэдэг үхлээ хүлээхтэй л ижил санагддаг юм.

Тохиолдол 2

Ээж маань өнгөрсөн сар ходоодны хагалгаанд орохоор орон нутгаас ирсэн. Дөрөвдүгээр сарын 10-нд Хавдар судлалын үндэсний төвд очиж, үзлэгийн цаг авах гэтэл тавдугаар сарын 26-ныг хүртэл сул цаг байгаагүй. Хүнд өвчинтэй нүүр тулсан хүнд нэг сар гэдэг амь дүйсэн хугацаа. Тиймээс хувийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Ээж маань тэтгэврийн насны хүн. Татвар, даатгалаа 30 гаруй жил төлсөн. Тиймээс хувийн эмнэлэг хагалгааны төлбөрөө 20 хувь хөнгөлсөн. Улмаар нийт эмчилгээнд 5-6 сая төгрөг зарцуулсан. Насаараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлсний хэрэг ер гараагүй. Өчнөөн жил цалингийн тодорхой хувийг улсад тушаасан иргэнд цагаа тулахаар улсын эмнэлэг нь “эмнэлгийн цаг алга, та үхэж болно” гэж л ханддаг юм билээ. Нийгмийн даатгал ч тэр, эрүүл мэндийн даатгал ч тэр банкны зээлийн баталгаа төдий л юм шиг санагдсан.

Эмнэлгийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж горилж, багагүй хугацаа, шаггүй хөрөнгөө барсан иргэд бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэдний хэн, хэн нь эв санааны үзэлд тулгуурласан гэх тодотголтой Эрүүл мэндийн даатгалыг 30 орчим жил төлсөн. Гэвч хэрэгтэй үедээ хэрэгцээт тусламжаа авч чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа ийн өгүүлэв. Тэдэнтэй ижил, магадгүй үүнээс ч бэрх нөхцөлд буй олон зуун хүн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудал, энэ салбарын уналтаас үүдэн эмчийн бараа харж чадахгүй амь “царайчилж”, бүр зарим нь амь тавьж байна.

Эрүүл биш Эрүүл мэндийн даатгалын сан

Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрхэм зорилго

“Даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг менежментийг хэрэгжүүлнэ” гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эрхэм зорилгодоо тусгажээ. Тун оновчтой тодорхойлолт. Учир нь Эрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагчид буюу иргэд эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй болсон үедээ хэрэглэхээр хуримтлуулсан хөрөнгө, даатгуулагчдын дундын сан юм. Энэ сангаасаа даатгуулагчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбараас худалдаж авах учиртай.

Манай улсын нийт хүн амын 92.2 хувь нь Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, сар бүхэн орлогынхоо тодорхой хувийг тушаадаг. Учир нь манайх уг даатгалд зайлшгүй хамрагдах эрх зүйн зохицуулалттай улс. Хуульд, “Монгол Улсын иргэн бүр санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал хамрагдана” гэж тусгасан байдаг. Гэвч хууль, зарчим, зорилго тодорхойлолтын аль нь ч хэрэгжихгүй байна.

Ганцхан жишээ дурдъя. Эрүүл мэндийн санхүүжилтийн 40 хувийг улсын төсвөөс, 20 хувийн Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэн 40 хувийн иргэд хувиасаа гаргаж байгаа гэх статистик бий. Хувь хүний төлж буй эрүүл мэндийн санхүүжилтийн хэмжээ 25 хувиас хэтэрвэл ядуурал гүнзгийрч, орлогоос хамааралтай тэгш бус байдал үүснэ гэж ДЭМБ үздэг аж. Түүнчлэн Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаарх стратегийн баримт бичигт хувь хүний шууд төлөх төлбөрийг эрүүл мэндийн салбарын нийт зардлын 25 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан байдаг. Гэвч нэдэр дээрээ эрүүл мэндийн санхүүжилтийн бараг тал хувийг иргэд хувиасаа гаргаж байгаа нь тогтолцооны алдааны тод илрэл. Түүнчлэн хөгжиж буй улс орнууд эрүүл мэндийн салбарын төсөвтөө дотоодын нийт бүтээгдэхүүний 5-6 хувийг санхүүжүүлэх нь зохистой гэж ДЭМБ үздэг. Гэвч манай улсын хувьд ердөө 2.26 хувийг л төсвөөс хуваарилж байна. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй, энэ салбарын “идээ бээр хагарахгүй” байгаатай холбоотой болохыг мэргэжилтнүүд онцолдог.

Амь гуйж амь дүйсээр байх уу?

Тохиолдол 3

Миний хүү зүрхний төрөлхийн гажиг буюу ховдол хоорондын таславч нь цоорхой. Манай улсад эмчлэх боломжгүй гэж эмнэлгийнхэн хэлсэн. Уг нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд гаднын эмч нар ирж үнэ төлбөргүй хагалгаа хийдэг гэсэн. Гэвч манайх хүнд учир дээрх хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэж эмч нарын зөвлөл шийдсэн юм. Хүүгийн маань хагалгааны зардал 200 орчим сая төгрөг болсон. Бид тал хувийг нь түмний дэмээр цуглуулаад, талыг нь байр машинаа зарж үрээд бүрдүүлсэн. Нөхөр бид хоёр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлдөг байсан. Хэзээ нэг өдөр хэрэг болно л гэж итгэж ирсэн. Ямар ч хэрэггүй байсныг нь хүүгээ өвдөхөд л ойлгосон. Гадагшаа явахаасаа өмнө хоёр сар гаруй хугацаанд Монголд эмчилгээ хийлгэсэн. Шинжилгээгээ ихэвчлэн хувийн эмнэлэгт өгсөн. Улсын эмнэлэгт шаардлага хангахгүй, цаг олдохгүй гээд бэрхшээл их. Эм тариагаа ч өөрсдөө л үнэлдэг байсан.

“Эмчилгээний зардлынхаа тал хувийг хандиваар цуглуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний төлбөрөө ч хөнгөлүүлж чаддаггүй” гэж өгүүлэх энэ эмэгтэй хүүгээ эмнүүлэх хугацаандаа өөртэй нь ижил зовлонтой маш олон хүнтэй уулзаж, зовлон бэрхшээлээ хуваалцдаг байсан тухайгаа мөн өгүүлсэн юм. Тэдний олонх нь орон байр, машин тэргээ зарж үрсэн ч эмчилгээний төлбөрөө цуглуулж дөнгөдөггүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн яамнаас ямар нэг тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдаг аж. Тиймээс хамгийн хайртай халуун амиа аврахын тулд түмнээс тусламж эрдэг ч цөөн хувь нь амжилт олдог гэнэ. Уг нь Эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн эрсдэлд орсон үед бэрхшээлийг давахад нь дэмжлэг үзүүлэх учиртай ч “Манай улсад эмчлэх боломжгүй. Бид мэдэхгүй, чадахгүй” гэх үгээр ам таглан, нүүр буруулсаар байгаа юм. Хэрэв иргэд одоо төлж буй даатгалыг улсад биш хувийн даатгалд төлөх юм бол жилд 300 орчим сая төгрөгийн үйлчилгээ авах боломжтой гэх судалгаа ч байна.

Хараат бус сэтэртэй ч хамгийн хараат тогтолцоо

Өвдсөн иргэд илаарьшихийн тулд эмчилгээний зардал, мөнгөө хандив тусламжаар бүрдүүлж буй нь ерөөсөө л тогтолцооны гажуудал. Нөхцөл байдал иймдээ тулсанд олон шалтгаан бий. Тэдгээрийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдах дээд байгууллагын бүтэц юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдах дээд байгууллага нь оролцогч талуудын төлөөллийг хангасан Үндэсний зөвлөл байна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг. Үндэсний зөвлөлд Засгийн газар, даатгуулагчид, ажил олгогчдын тус бүр гурван төлөөллийг нэр дэвшүүлж, УИХ-аас таван жилийн хугацаатай томилохоор хуульчилжээ. Улмаар Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар Засгийн газрыг төлөөлдөг бөгөөд Үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд ахалдаг. Тиймээс уг зөвлөлийн үйл ажиллагаа, орлого, зарлага Засгийн газар, салбар яамнаас хараат байгаа юм. Түүнчлэн талуудын төлөөлөл болох даатгуулагчдын болон ажил олгогчдын төлөөллийг хаанаас нэр дэвшүүлж, хэрхэн сонгон шалгаруулах зэрэг зохицуулалтыг хуульд нарийн тусгаагүй нь учир дутагдалтай байна.

Уг нь Үндэсний зөвлөл эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсвийн гүйцэтгэлд нь хяналт тавих, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үүрэгтэй. Мөн зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх, эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ч учиртай. Үүнээс гадна сангаас зардлын төлбөрийг нь хариуцах багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг батлах, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг тогтоох зэрэг сангийн бодлогын шийдвэрүүдийг гаргаж, хянадаг даатгуулагчдын эрхийг хамгаалах хамгийн чухал төлөөллийн удирдлагын байгууллага юм.

Үндэсний зөвлөл улиралд ганцхан удаа хуралддаг нь шаардлага хангахгүй байна. Мөн яам, газруудынхаа ашиг, сонирхлыг хамгаалсан төдий л шийдвэр гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хэн яаж авах вэ гэдэг хуваарилалт явагддаг. Түүнээс яг иргэдэд чиглэсэн үйлчилгээ ямар байхыг хэлэлцэж, боломжийг бий болгодоггүй. Тиймээс хуулиа өөрчлөх шаардлагатай байна. Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт ТББ-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төслийн загварыг холбогдох газруудад хүргүүлсэн. Манай төсөлд эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даасан хараат бус байх учиртай тул Эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэсэн байгууллага байх шаардлагагүй гэж үзсэн. Олон улсад байдаг иргэдийн хуримтлалын санг иргэний нийгмийн байгууллагууд нь мэргэжлийн холбоо байгуулж ажилладаг, хянадаг. Тиймээс үндэсний зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл нэртэй хариуцлага тооцож болдоггүй байгууллага хэрэггүй гэж үзсэн.

Даатгалын мөнгөөр тахлыг давав

Одоогоос хоёр жилийн өмнө Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар журам гаргаж, зарцуулах нөхцөл бүрдэв. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2021 оны “Ковид19 халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” 67/А/268, А/387/99 дугаар хамтарсан тушаалаар сангийн хөрөнгөөс 543,036.0 сая төгрөгийг тусламж, үйлчилгээнд зарцуулсан байна. Ийн иргэдийн төлж байгаа даатгалын мөнгийг эздээс нь асуухгүйгээр үрж, зарснаар тус хөрөнгө нь шавхагдахад хүрчээ. Уг нь Эрүүл мэндийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцахаар заасан байдаг.  Гэвч энэ эрсдэлийг иргэдийн төлсөн мөнгөөр шийдсэн нь  учир дутагдалтай байна.

Иргэдийг эрүүл мэндийн эрсдэлд орсон үед нь эмнэж, дэмнэх үүрэг, зорилготой Эрүүл мэндийн даатгалын сан ашгийн төлөө арилжаа хийдэг байгууллага шиг ажиллаж буйг гэрчлэх цөөн жишээг дээр дурдав. Нийгмийн хамгийн суурь тогтолцоо ийм түвшинд хүрсэн тул хууль эрх зүй, дүрэм журмаасаа эхлээд шинэчилж өөрчлөх шаардлагатай байна.