Монголчуудын дайсан архи мөн үү. Архидалттай биш ард иргэдийн сэтгэлгээнд хүрч очих тэмцэл хийх цаг нэгэнт иржээ. Бид агуулагад бус хэлбэрт ач холбогдол өгөөд нэлээдгүй урт замыг туулж ирлээ. Тэнүүчлэн яваад олз омоггүй ирсэн анчин шиг алганыхаа завсраар алдаж урсгасан алдаа мадгаа ухаараад суух өдөр тун ч түргэн ирэх биз ээ.

Монголчуудын дайсан тэгээд хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан билээ. Архидалт манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн гэж тэд үзэж буй. Иймд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах зөвлөмжийг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлэхээр болсон юм. Гэвч тэгтлээ үзэн ядаад байгаа архидалтын суурь шалтгаан нь ерөөсөө л ажилгүйдэл, ядуурал, стресс юм. Монголчууд өнөөдөр цалингаараа гэдэс цатгалан, тор дүүрэн хүнс авч чадахгүй байгааг захын Балдан ч хэлээд өгнө. Ажиллах хүч орон зай хангалттай сайхан боломж бидэнд алга. Хэдэн ажил олгогчид нь хэн хэнийхээ итгэлийн галыг нь бөхөөгөөд явуулчихна. Цалин, ажилгүйдлээс шалтгаалж ард иргэдийн дийлэнх нь стресстэй гэж хэлэхэд хилсдэхгүй. Нэг жуулчин Монголд ирээд монголчуудыг бөхийсөн бүгд л хөмсгөө зангидаж, уцаарласан зорилгогүй хүмүүс байдаг гэж хэлсэн удаатай. Үнэн хэрэгтээ бид гаднынхны нүдэнд ингэж л харагддаг байх нь. Үнэнийг хэн ч нууж чадахгүй. Амаараа зовж зүдэрч байгааг хэлэхгүй байгаа ч бүгд л үнэндээ энэ нийгэмд нэг бус асуудалтай амьдарч байгаа нь нүүрэн дээр нь илт харагдана. Хөл хорио, өвчин зовлон ид тохиож байх үед Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэнэ гэдгийг эдийн засагчид хэлж анхааруулаад л байсан.

Тоож анхаарч байгаа хүмүүс нь дахиад л нөгөө хэлбэр төдий байсан гэдгийг цаг хугацаа харууллаа. Монгол Улс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд, өдийд нөхөх ч хормойгүй болсны балгыг дахиад л нөгөө Балдан эдэлж явна. Бидэнд наргиж дуулах цаг алга, хэн ч ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулъя гэж бодно шүү дээ. Иргэдээ ажил, орлоготой болгочихвол архидалт хэдэн хувиар буурахаас арилна гэж байхгүй. Ийнхүү дайснаа эрж хайгаад амьгүй зүйл дээр буусан юм шиг хэлбэрдэх ч амархан. Харин жинхэнэ асуудлыг харж, үр дүнтэй тэмцэл өрнүүлэх л асуудал болсон бололтой.

Шуналд идэгдэж хахуульд баригдсан Монгол

Хахуулийн хамгийн том сүүдэр нь нийгмийн бүх шударга бус байдал. Өнөөдөр танил тал, мөнгөтэй л бол ажил орлоготой байж, гэр бүлдээ үнэлүүлж амьдарна. Хэзээ ч билээ нэг танил минь надад “Өөрийнхөө улсад өртэй юм шиг амьдрах юм. Ажил амьдралаа бүтээхэд хэн нэгэнд яах араггүй гар цайлгах мөнгө өгч таарна” гэж билээ. Ингээд бодоход бид хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, цэцэрлэгт оруулах, эх бариулах, шинэ ажилд орох, зээл авах гээд дээд, доод давхарга ялгаагүй бүгд л шуналд идэгдэж хахуульд баригдсан нийгэмтэй болчхоод байна. Ийм байхад залуусын итгэл сэтгэл бөхөхгүй яах билээ. Өнөөдөр Монгол Улсад хөдөлмөрийн хомсдол үүссэн. Ажилгүй 100 мянган хүний 30-40 хувь нь дээд боловсролтой гэсэн тоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул хөдөлмөр эрхлэх боломжтой 18-39 насныхан ажил орлогогүй амьдарч буй. Үүнээс гадна манайд бүртгэлгүй олон мянган ажилгүй иргэн бий. Ядуурлын нэг том шалтгаан бол ажилгүйдэл. Ажилгүйдэл гэдэг нь өөрийн хэрэгцээт зүйлсээ авахад хэцүү, эсвэл боломжгүй болсон нийгмийн давхарга бөгөөд ажилгүй байснаас үүдэж сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлөхөд хүргэдэг байна.

Ажлын байр бий болгож, жаахан ч гэсэн хөрөнгө гаргасан хүн бүр эргээд дарамтад орж байна. Хөрөнгө босгоод, ажлын байр гаргаад явж байгаа компаниуд үнэндээ Засгийн газрын хийх ёстой ажлыг хийж байгаа.

Ажилгүй хүн гэдэгт албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлэх аж. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэхийн хэрээр орлого буурч, өрхүүд өрийн дарамтад орж эхэлдэг.

2020 онд нийт 8000 ажлын байр цомхтголд орох тооцоо судалгаа гарч байв. Ажлын байрны тооны өөрчлөлтийг салбараар харвал зочид буудал, нийтийн хоол 52, аялал жуулчлал 44, банк санхүү 42, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 39 хувь нь ажлын байрны тоогоо бууруулжээ.

МҮХАҮТ Ковид19 халдвараас вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайлан.

Ийнхүү Монголчууд амьдрах аргаа олох гэсээр байтал инфляц нэмэгдэж, ам.долларын ханш хяналтгүй өсөж, нийгмийн дундаж давхарга устаж, хэт баян, эсвэл ядуу гэсэн хоёр ангилал л үлдэхэд ойрхон байна. Нийгмийн дундаж давхаргыг сэргээж ядуурлыг бууруулахад худал амлалт, хээл хахууль шуналыг л таягдаж хаях хэрэгтэй байна. Тэгээд дээрээс нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулж түүнийг шийдвэрлэхэд л бүх хүчээ зарцуулж байж бидний нийгэм хөл дээрээ зогсож бөгтийж пөнийсөн иргэдийн нуруу тэнийх биз ээ.