Татварын өр төлбөртэй холбоотойгоор бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор МҮХАҮТ-аас асуулга явуулжээ. Санал асуулгад боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, барилга, үйлчилгээ болон бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 133 аж ахуйн нэгж оролцсон байна.

Асуулгад оролцсон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 65.4% нь холбогдох төрийн байгууллагаас татварын өр, татвар төлөх, данс битүүмжлэх, цаашид шүүхэд шилжүүлэх талаар мэдэгдэх хуудас урьдчилан авсан байна. Мэдэгдэх хуудас авсан бизнес эрхлэгчдийг бизнесийн салбараар нь ангилан харвал тээвэр, уул уурхай олборлох үйлдвэрлэл, барилга, худалдааны салбарын бизнес эрхлэгчдийн 70-аас дээш хувь нь татварын өр төлбөрийн асуудлаар компанийн данс хаах, цаашилбал шүүхэд шилжүүлэх талаар мэдэгдэх хуудас хүлээн авч илүү хүндрэлтэй нөхцөл байдалд орсон байна.

Асуулгад оролцсон аж ахуйн нэгжүүдээс татварын өр, төлбөр үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлийн талаар тодруулахад 62% нь цар тахлын дараалсан хөл хорио хязгаарлалтууд, 57% нь хил боомтын удаашрал хүндрэлтэй холбогдуулан тээврийн нөхцөл муудан түүхий эд, бараа материалын үнийн өсөлт хамгийн их нөлөөтэй байсан гэж хариулжээ. Мөн 18% нь татвар, төлбөртэй холбогдох зардал (НДШ, НӨАТ, газрын төлбөр,түрээсийн төлбөр г.м), 14% нь худалдан авагчийн эрэлт буурсан,13% нь төрийн бодлогын уялдаа холбоогүй ойлгомжгүй байдал хүнд суртал, 11% нь ажиллах хүчний хомсдол, 8% нь гадаад валютын ханшийн хомсдол, өсөлт голлох нөлөөтэй байна гэжээ.

Түүнчлэн санал асуулгад оролцсон татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдийн 62.1% нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, 24.1% нь компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл татвар төлөх хугацааг сунгах, 11.5% нь татварыг тодорхой хуваариар хувааж төлөх хуваарь гарган төлөх боломж олгох зэрэг арга хэмжээг төрийн зүгээс авах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн байна.