Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны 2022 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлийн талаар мэдээлжээ. Үүнд экспортын 50.751, импортын 81.888 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн мэдээллээ гаргасан байна.
Энэ оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5148.7 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 690.8 сая ам.доллар буюу 15.5 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 450 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортын нийт барааны 83.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлсэн бөгөөд 11.7 хувийг сувд, үнэт болон хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, зоос эзэлжээ. Харин үлдсэн 2.9 хувийг нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл эзэлсэн юм. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.1 хувийг эзэлж байна. Мөн дээрх барааны нийт 82.2 хувийг БНХАУ-д экспортолсон бөгөөд 11.7 хувийг Швейцар-т, Сингапур-т 3.0 хувийг экспортолжээ.
Импортын бараа 19.8 хувиар өсжээ
2022 оны эхний дөрвөн сард импортоор нийт 2349.3 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан бөгөөд энэ нь 2021 оны мөн үеэс 388.1 сая ам.доллараар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.0 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 385.9 сая ам.доллар буюу 16.4 хувь, эрдэс бүтээгдэхүүн 505.3 сая ам.доллар буюу 21.5 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 432.9 сая ам.доллар буюу 85.7 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 333.3 сая ам.доллар буюу 14.2 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 314.6 сая ам.доллар буюу 13.4 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 244.0 сая ам.доллар буюу 10.4 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 167.9 сая ам. доллар буюу 7.1 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 83.0 хувь ногдож байна