Энэ жил Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн тэгш ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Түүнчлэн өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа юм. Түүхэн үйл явдал давхацсан энэ жилийн наадмын нээлт, хаалтыг болон хүндэтгэлийн концертыг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулахаар шалгарчээ. Тэрээр 2016-2018 онуудад баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан бөгөөд Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар хоёр удаа ажиллаж байсан туршлагатай.

Өнөөдөр салбар хороод хуралдаж, найруулагчийг сонгон шалгаруулсан байна. Соёлын яамнаас нийт 19 хүний нэрийг танилцуулсан юм. Энэ талаар өнгөрсөн мягмар гарагт Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад "Урлаг соёлын салбар хорооноос наадмыг найруулах боломжтой 19 хүний нэрийг зохион байгуулах хороонд санал болгоно. Тавдугаар сарын 13-ны өдөр хуралдаж, эцэслэн шийднэ. Баяр наадмын төсвийг мөн энэ өдөр батална гэж бодож байна" гэсэн мэдээлэл өгч байв.