Улс оронд нь Ковид19 өвчний тохиолдол бүртгэгдсэн гэдгийг БНАСАУ өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрсөн билээ. Тус улсын мэдээллийн төв агентлаг KCNA Пёньян хотод иргэн коронавирусийн омикрон хувилбарын BA.2 дэд хувилбараар халдварласан нь тогтоогдсон гэж мэдээлсэн юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор удирдагч Ким Жон Ун улс орны хэмжээнд онц байдал зарлаж, нийтийн хөл хорио тогтоох шийд гаргасан талаар уг мэдээлэлд дурдсан байсан юм. Тэгвэл дээрх мэдээлэл г,арснаас хойш 24 цаг ч өнгөрөөгүй байхад нийт тохиолдлын тоо 350 мянгад хүрсэн гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлд гарчээ. Дээрх мэдээллүүд нь ерөнхийдөө халдварын тархалт нэг хоногт ингэж өргөжинө гэж байхгүй, өмнө нь илэрсэн ч нууж байсан бололтой, жирийн ард иргэд нь хэцүүдлээ хэмээн санаа зовнисон агуулгатай байсан нь тус улсад цар тахлын вакцин байхгүйтэй холбоотой. Дэлхийн эрүүл мэндийн айгууллагаас хэрэгжүүлсэн “Ковакс” хөтөлбөрөөс тус улсад астра зенека, синовак вакцин, ОХУ мөн өөрийн вакцинаа санал болгосон ч Ким Жон Ун “2020 онд хилээ хааснаас хойш цар тахлын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” гээд авахаас эрс татгалзсан юм.
Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн тул олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ асуудлаар дуугарч эхэллээ. “Эмнэсти интернэйшнл” байгууллагын Зүүн Азийн бүс нутаг хариуцсан судлаач Борам Жанг “Улс оронд халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хой хурдацтай тархаж байгаа ийм үед хүн амаа вакцинд хамруулахаас татгалзах нь амьд явах үндсэн эрхийг нь зөрчиж байгаа үйлдэл. Хойд Солонгосын засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Ковид-19-ийн вакциныг хүн амдаа аюулгүй болгох төлөвлөгөөг яаралтай гаргах ёстой” хэмээн мэдэгджээ.
БНАСАУ нийт хүн амын дийлэнх нь Ковид-19 вакцинд хамрагдах боломжгүй байгаа нь тус улсын хорин таван сая хүн вирусын халдвар авах эрсдлийг үүсгэж байгаа талаар бусад эх сурвалжуудад бичжээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн эрүүл мэндийн аюулгүй байдлын төвөөс 2019 онд улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог тахал өвчинтэй тэмцэх чадамжаар нь эрэмбэлэхэд Хойд Солонгос 195 орноос 193-т жагссан байдаг юм.