БНАСАУ-д Ковид19 халдвары анхны тохиолдол бүртгэгдсэнийг баталгаажуулсны дараа Ким Жон Ун үндэсний онц байдал зарлаж, вирусийг хурдан устгахаа амлав. Умардын төрийн мэдээллийн хэвлэлүүд пүрэв гарагт нийслэл Пёньян хотод омикроны BA.2 хувилбар илэрсэн тухай мэдээлсэн юм.
"2020 оны 2-р сараас хойш хоёр жил гурван сарын хугацаанд аюулыг тогтоон барьсан ч улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүслээ" хэмээн Солонгосын цахилгаан мэдээний агентлаг мэдэгдлээ. Гэхдээ тохиолдлын тоо болон халдварын эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Умард Солонгос тахлын эхэн үед хилээ хааснаас хойш Ковид19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж ирсэн юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 25 сая хүн амынхаа нэгийг нь ч вакцинд хамруулаагүй Умард Солонгост омикрон хувилбар илэрсэн нь ноцтой эрсдэл учруулж болзошгүй ажээ.