Хүүхэд цав цагаан цаас гэж бид ярьдаг. Энэ цагаан цаасан дээр хар бэхээр эрээчих үү, өнгө өнгийн солонго зурж гэрэлтүүлэх үү гэдэг нь эцэг, эхээс шалтгаалдаг. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” хэмээх үг ч бий. Хүүхэд бол эцэг эхийн толь. Гэтэл аав, ээжүүд хорвоо ертөнц, үсэг тоотой дөнгөж танилцаад эрдмийн баяраа хийх гэж байгаа зургаан настанд ямар буруу үлгэр дуурайл үзүүлж буй талаар бичсэн нэгэн жиргээ цахим орчинд тарлаа. Энэхүү жиргээнд үсэглэлийн баяраа тэмдэглэх гэж байгаа хүүхдээ заавал А үсэг болгоно гээд маргаан дэгдээж, сүүлдээ худалдаж авна гэж уурлацгааж байгаа эцэг эхчүүдийн талаар бичжээ. Үүний доор олон хүн ийм зүйл байдгийг баталж, өөрийн амьдралдаа тохиолдсон түүхээ хуваалцжээ. Зарим нь А үсгийн ханш нэг сая төгрөг болсныг ч дурдсан байна. Энэ хийрхэл хэрээс хэтэрсэнтэй олон хүн санал нэгджээ.

Би найм дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр удаа нэгдүгээр анги авч байсан. Сугалаагаар 35 үсгээ сугалуулчихаар эцэг эхчүүдийн зүгээс ямар нэг гомдол гардаггүй. Харин анги удирдсан багш нь үсгийг нь шууд оноож, хуваарилж өгөх үед гомдол гардаг байх. Коронавирус тархсан, хорио цээрийн дэглэм үйлчилж байх үед хүүхдүүдээр өөрсдөөр нь үсгийг нь сугалуулаад ангийн фэйсбүүк групп дээр бичлэг хийчихдэг байсан. Хуучин нийгмийн үед онц сурдаг хүүхэд А үсэг болдог, илүү гүнзгийрүүлсэн сургалт А бүлэгт байдаг гэж ойлгодог байсан хэвшмэл ойлголтоосоо салаагүй хүмүүс байх нь бий. Энэ тохиолдолд өвөө, эмээ нар миний хүүхэд ийм үсэг болох ёстой гэдэг байдлаар хандах гээд байдаг. Харин залуу аав, ээж нарын хувьд ийм зүйл ярих нь харьцангуй бага.

Сүүлийн үед үсэглэлийн баяраар эцэг эхийн нь нүдэн дээр, хүүхдүүдээр нь 35 үсгийг сугалуулдаг болчихсон. Ингэхээр хэл ам гардаггүй. 35-аас олон хүүхэдтэй бол Монгол хэл, математик гээд таван хичээлийн сурах бичгээ өгдөг. Харин олон нийтийн сүлжээнд гараад байгаа шиг үсэг худалдаж авдаг, голдог зүйл одоо байдаг гэхээр гайхаж байна. Ийм аав, ээжийг харж өсөж байгаа хүүхдүүд ямар үлгэр дуурайл авах вэ, ямар хүн болж хүмүүжих вэ. Манай хүүхэд тэргүүнд байх ёстой гэдэг үзэл, бусдын хүүхдийг дорд үзсэн хандлага сүүлийн үед эцэг эхчүүдээс ажиглагдах болсон. Хүүхдэд гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал. Хэдий сургууль дээр багш нар бид хүүхдүүдэд болох болохгүйг ойлгуулахыг хичээж, ярьж хэлж байгаа ч гэрт нь аав, ээж нь өөр зүйл харуулаад, үлгэрлээд байвал хэцүү. Эцэг, эхчүүд болон хүүхдүүдэд үүрэг хариуцлага гэдэг зүйл байхаа больж байна. Ялангуяа 90-ээд оноос хойших зарим залуу эцэг эхчүүд өөрсдөө ч хүмүүжиж амжаагүй юм шиг харагддаг. Хүүхэд гэртээ яаж байдаг вэ ангид яг тэр зангаа л гаргадаг. Хүүхэд муу, сайныг ялгаж чадахгүй болохоор шууд л аав, ээжийгээ дуурайдаг байхгүй юу. Хэдий багшийн үг чухал ч гэсэн аав, ээжийн нөлөөлөл түүнээс илүү.

Дээр дурдсанчлан өмнөх нийгмийн үед хүүхэд нас нь өнгөрсөн, эсхүл тэр үеийн сэтгэлгээнээсээ салж амжаагүй хүмүүс иймэрхүү хандлага гаргах гээд байдаг аж. Тэр байтугай аав, ээж нь ч ах эгч нь ч үсэг сугалсан хүүхэд нь ч Я үсэг болох гэж байгаадаа баярлан урам зориг дүүрэн бэлтгэлээ базааж байхад хөндлөнгийн хүмүүс дээрх буруу хандлагаа тулгасаар хүүхдийн өөртөө итгэх итгэл, тухайн үед авах сэтгэл ханамжаас нь хумсалсан тохиолдлыг нэгэн эмэгтэй хуваалцсан байна. Тэрээр “Гадуур үсэглэлийн баяртаа бэлдээд явах, үсчинд очоод үсийг нь янзлуулж байхад хүмүүс “Заа, ямар үсэг болсон?” гэж асууна. Дүү минь инээгээд Я үсэг гээд хариулахаар “Өө яаж байгаад Я үсэг болчихдог байна аа”, “Ядаж байхад Я юм уу” гэнэ. Тэгэхээр дүү жоохон сонин болоод аанха гэж хариулна. Гэр бүлийнхэн нь хүүхдээ өөртөө итгэлтэй, мэдрэмжээ илэрхийлдэг болгох гээд хангалттай хичээж байхад хүний хүүхдэд яах гэж ийм хэрэггүй зүйл хэлдэг байна аа. Бас хүүхдийг өөрийнх нь үзэл бодол, хувь хүнийх нь шинж чанарууд бий болж эхэлж байхад нь чи сайн байлаа, чи муу байлаа гэж цоллоод хичээж байсныг нь “би муу л юм байна” гэж боддог болгох гэж. Хүүхдүүдээ багаас нь үгүйсгээд, хар даа энэ хүүхэд ийм мундаг тэгэхэд чи гэж хэлээд, мэдрэмжийг нь үгүйсгээд, хүүхэддээ хэрэггүй ач холбогдолгүй зүйл хэлээд л бай. Ирээдүйн хүүхдүүд таны боддогийн яг эсрэгээр өөртөө итгэлгүй, бие даах чадваргүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй хүүхэд болно. Өөрийнхөө хүүхдэд хайртай шигээ бусад хүний хүүхдэд ч хайртай байгаарай. Яагаад гэвэл бусад хүний хүүхэд ирээдүйд таны хүүхдийн найз, ажлын хамтрагч, хайртай хүн нь болно” гэжээ.

Өндөр хөгжилтэй зарим улсад хүүхдэд дүн тавихаа больж байхад манайд эрдмийн баяраараа сугалсан үсэгнээс нь эхлүүлээд л өрсөлдүүлж, зааг ялгаа бий болгож байгаа нь гажуудал. Хамгийн хамгийн, шилдгийн шилдэг, манлай хөвгүүн, гоо охин, хичээнгүй бичигтэн, аварга тоочин гээд шалгаруулж, шагнаж урамшуулдаг тогтолцоо өдгөө ч байсаар л байна. Энэ бол нэгэнд нь урам өгөх гэхдээ нөгөөг нь мохоож байдаг хамгийн буруу тогтолцоо юм. Түүнчлэн автомашины номер, гар утасны дугаартаа хэт анхаардаг аав, ээжүүдийн хийрхэл, хэлбэрдэлт өдгөө үе дамжин үр хүүхдүүдэд нь өвлөгдөх ёсгүй.