
Халаасны хулгайн гэмт хэрэг олон төрлөөр цэцэглэн, хамрах хүрээгээ тэлж, арга нь өдрөөс өдөрт нарийсаар өдгөө улсын хэмжээнд тэргүүлж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ асуудал нийслэл хотод ч газар авсан гэдгийг бидний өдөр тутмын амьдрал гэрчилж чадна. Иймээс “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Баянгол дүүрэгт гэмт хэргийн гаралт хэр байдаг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний биелэлт гэх зэргийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатараас тодруулахад “Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн амар амгалан байдал, нийгмийн харилцаанд оролцох үйл явц зэрэг бүхий л харилцаанд дүүргийн засаг захиргаа, удирдлагаас чамгүй их хөрөнгө оруулалт хийгээд байна. Манай дүүрэг цахим буюу камерын нэгдсэн системийн тоогоор нийслэлдээ тэргүүлдэг.

Анх 2012 онд манай дүүрэгт 245 камерыг байршуулсан. Үүний дараагаар 2015 онд орон нутгийг хөгжүүлэх сангийн 80 орчим сая төгрөгөөр 180 камерыг нэмэлтээр суулгасан юм. Одоогийн байдлаар эдгээр камеруудыг дүүргийнхээ цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр төвлөрүүлэн нэгдсэн системийнхээ хяналтыг бий болгосон. Ингэснээр 24 цагийн хяналтыг тавих үүргийг гүйцэтгэх алба хаагч гэсэн шинэ ажлын байрыг бий болгож өгснийг онцолмоор байна. Мөн энэ оноос иргэд, СӨХ-ны санаачлагаар “СӨХ-Камерын хяналт 2 ” гэсэн арга хэмжээг үргэлжлүүлж байгаа билээ. Энэ хяналтын камерын системийг цаашдаа улам өргөжүүлэн гэр хороололд хүртэл байршуулах төлөвлөгөөтэй байна” хэмээлээ.

Тус хяналтын камерт хадгалагдсан бичлэгүүдийг 1-3 сарын хугацаанд эргэн харж, ухрааж үзэх боломжтой учир гэмт хэрэгтнийг барих, нотлох баримттай болох асуудал улам хялбар болжээ. Үүнтэй адил мэдээж хяналтын камер тавьсны ач холбогдол өндөр. Энэ талаар Баянгол дүүргийн нэг дүгээр хэлтсийн теле камерын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Оюунтөгсөөс тодрууллаа.
Тэрээр “Бид 24 цагийн хугацаатай Баянгол дүүргийн бүх камерыг хянаж ажилладаг. Цаг алдалгүйгээр гэмт хэрэгтнийг барихын тулд тасралтгүй л хянаж буудагдаа. Ажлаа хийгээд сууж байхад энэ хүн яг хулгай хийх гээд байна гэж шинжиж харснаас эхлээд л камерынхаа тусламжтайгаар 360 градус эргүүлж, татаж харж байгаад сэжигтэй бол эрүүлийнхээ цагдаа нарт мэдэгдэж тэр даруйд нь гэмт хэрэгтнийг барьсан тохиолдол олон бий. Жишээлбэл гар утсаа хулгайд алдаад цагдаагийн албан тушаалтны тусламжтайгаар хэдхэн хормын дараа эргээд олж авсан оюутан хүүхэд манайд тайлбар хийх гээд яг одоо дуудагдаад ирчихсэн л байна.

Ер нь халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн худалдаа үйлчилгээний газруудаар хүмүүсийн нягтшил ихтэй газраар их гардаг. Иргэдийн ихэнх нь дэлгүүрт худалдан авалт хийх зорилготой явж байхдаа өөрийнхөө эд зүйлсийг хулгайд алдсан гэдгээ ч анзаарах сөхөөгүй явдаг. Тиймээс энэ тал дээр эргэд өөрсдөө маш сэрэмжтэй байх хэрэгтэй” гэсэн юм.
Гар утсаа халаасны хулгайчид алдаад хяналтын камерын тусламжтайгаар хэдхэн хормын дараа эргээд олж авсан иргэн н.Билгүүн тус дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэс дээр тайлбар хийхээр ирээд байхад нь бид уулзлаа.

н.Билгүүн “Би хичээлээ тараад хорооллын дэлгүүрээс юм авах гээд явж байсан юм л даа. Гэтэл нэг хүн мөрөн дээр гараа тавих шиг болохоор нь эргээд харсан чинь цагдаа “чи юмаа алдчихлаа байж байгаарай” гээд нэг масктай хүнийг гавлаж байсан. Тэгээд л би гайхаад үүргэвчтэй цүнхээ хартал онгойчихсон дотор нь миний утас байхгүй байсан. Цагдаа миний утсыг авчирч өгөхдөө холбоо барих дугаарыг маань авсан учир би өнөөдөр ирж тайлбар хийчихээд байж байна. Яаж шууд мэдэж хулгайчийг барьсныг нь асуухад хяналтын камераар харж байсан юм байна лээ. Би оюутан болохоор бас утсаа бүр алдчихаагүйд баяртай байна” гэлээ.

Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9,13 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах үүрэгтэй” хэмээн заасан байдаг.
Тэгвэл Баянгол дүүрэгт “Ардын үг” аяныг хэрэгжүүлэх явцад тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд, гудамж талбай зэрэгт эл хууль дүрмийг сайн хэрэгжүүлсэн нь ажиглагдлаа. Тодруулбал, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 52 орчим хувь нь өөрсдийн хөрөнгөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд 1500 орчим хяналтын камерыг байршуулсан гэх албан тоо байгаа нь сайшаалтай.