Ядуурлын сүүдэр буюу өсөлтийн хоцрогдлын ялгаа

-10 монгол хүүхдийн нэг нь өсөлтийн хоцрогдолтой байна-

Үндэсний статистикийн хорооноос “Монгол Улсын Хүүхдийн эрхийн нөхцөл байдлын статистик үзүүлэлт” судалгааг хийж, 2021 онд олон нийтэд танилцуулсан билээ. Монголчууд ирээдүйд бие бялдар дорой, оюун ухаан хомс улс үндэстэн болох замаар явж байгааг энэхүү судалгаа харуулсан юм. Ядуурал, баян хоосны ялгаа хэт ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн дунд өсөлт хөгжил, боловсрол, хүмүүжлийн зөрүү ихсэж, дэлхийд муугаар жишээлэгдэх хэмжээнд хүрсэн байна. Улсын хэмжээнд харахад хот хөдөөгийн хооронд, нийт хүн амын тал нь оршин суудаг нийслэл хотод орон сууц, гэр хорооллын хүүхдүүдийн хооронд хөгжлийн ялгаа хамгийн их байна.   

Тайланд “Өсөлт хоцролттой хүүхдийн хувь хөдөөгийн багт хамгийн өндөр, нийслэл хотод хамгийн бага байна. Гэхдээ Улаанбаатар хотын бага насны хүүхдийн хоол тэжээлийн дутлын үзүүлэлт сууцны төрлөөр буюу өрхийн амьжиргаанаас хамаарч маш их ялгаатай байгааг анхаарах шаардлагатай” хэмээн дурджээ. Өсөлт хөгжлөөс гадна боловсролын ялгаа мөн асар их зөрүүтэй байгаа нь алсдаа тухайн хүүхдийн ирээдүйд олох орлогод сөргөөр нөлөөлж, улсын хэмжээнд ядуурал газар авах угтвар нөхцөлийг бүрэлдүүлж байна. Энэ нь эргээд хөгжлийн хоцрогдлыг улам ихэсгэнэ. Учир нь өрхийн амьжиргааны түвшин доошлох тусам хүүхэд ахлах ангид сурах нь багасч, өсөлт хөгжил хоцрогдож, хоол хүнсний дутагдалд орох магадлал өсдөг.

Монгол Улс “Хөгжлийн хоцрогдол-ядуурал-илүү их хөгжлийн хоцрогдол, илүү их ядуурал” гэсэн замаар замнаж байгааг харуулж, цаашид дорвитой ажил хийхгүй бол болохгүй гэсэн дохиог өгснөөрөө энэ судалгааны үр дүн маш чухал юм. Учир нь хөгжлийн хоцрогдолтой хүүхэд

1.Анхаарал сулрах гиперактив эмгэг 

2. Унаж татах эмгэг

3. Тархины ялгаатай байдлаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээл

4. Оюуны хомсдол

5. Сонсгол алдалт

6. Хараа алдалт гэсэн зургаан өвчнөөр хэвийн хүүхдүүдээс илүүтэй өвчилдөг байна.

Монгол өрхийн 65 хувь нь баталгаагүй хүнс хэрэглэж, 23 хувь нь хоол хүнсээр гачигддаг

Энэ судалгаагаар чухам ямар үр дүн гарсан болоод гасалж гангинаад байгаа юм бэ гэж уншигч асууж магадгүй. Тиймээс энэ судалгааны үр дүн хийгээд дэлхийтэй харьцуулсан мэдээллийг одоо хүргэе. Өсөлтийн хоцрогдол улсын хэмжээнд есөн хувь буюу 10 монгол хүүхдийн нэг нь өсөлтийн хоцрогдолтой байгааг тогтоожээ. Өсөлтийн хоцрогдол нь хүнс тэжээлийн дутагдалтай холбоотой байдаг тул “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал”  үндэсний V судалгааны тайланг судалж үзтэл “Хүнсний баталгаат байдал алдагдсан” өрхийн үзүүлэлт 65 хувьтай гарчээ. 100 айл өрх тутмын 65 нь хоол ундаар найдвартай хангагдах баталгаа байхгүй гэсэн үг. Энэ 65 айлын 14 нь хүнс хүрэлцэхгүй нь гэж санаа зовнидог, 28 нь идэхийг хүссэн хоол хүнсээ хэрэглэж чаддаггүй, 23 хувь нь шаардлагатай хэмжээний хоол хүнс байхгүй буюу хүнсний баталгаат байдал ноцтой алдагдсан байна.

Судалгаанаас дүгнэхэд Монгол Улсын гурван өрх тутмын хоёрынх нь хүнсний баталгаат байдал алдагдаж, таван өрх тутмын нэгд нь хоол хийх хүнс алга. Ийм нөхцөлд хоол тэжээлээс үүдсэн хүүхдийн өсөлт хөгжилт хоцрохгүй гээд ч яах билээ. Анхдагч хэрэгцээ болох хоол, шим тэжээлийн хэрэгцээгээ хангаж чадаагүй хүүхдүүд сурч боловсрох хэрэгцээгээ хэрхэн хангах вэ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллох явдал буурсаар байгаа. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувь болж буурсан. Үүнээс болж хүүхдийн дундах өвчлөл ихэссэн. Тэгэхээр Монголд онож мэндэлсэн хүүхэд төрөөд эхийн сүүгүй, арай томроод хоол тэжээлийн дутагдалтай, ирээдүйд бие сул, өвчин эмгэгтэй, ажил орлогогүй нэгэн болох магадлал их байгаа биз.   

НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд” гэж бий. Энэ 17 зорилтын 1, 8, 10-р зорилтууд нь ядуурлыг устгах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг арилгахад, 2, 3-р зорилтууд нь өлсгөлөнг устгах, эрүүл мэндийг дэмжих, 4-р зорилт нь боловсрол, 12-р зорилт нь тогтвортой хэрэглээг дэмждэг. Манай улс энэ зорилтыг биелүүлэх талаар хангалтгүй ажиллаж байгааг дээрх судалгаа харуулж байгаа юм.

Чадамжгүй төр, чадваргүй сайд ирээдүй рүүгээ буудаж байна уу

Өсөлтийн хоцрогдол, түүний шалтгаан болсон хүнс тэжээлийн дутагдлын талаар энэ мэтчилэн хангалттай судалгаа байдаг юм байна. Тэгвэл мэргэжлийн байгууллагын хийсэн судалгааг шүүрч аваад ажил хэрэгтээ ашиглах учиртай төрийн байгууллага хэр их ач холбогдол өгсөн бэ. 2017 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний V судалгаа”-ны хүрээнд “Монгол Улсын айл өрхийн хүнсний баталгаат байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг гүнзгийрүүлэн судлах салбар хоорондын хамтарсан нарийвчилсан үнэлгээг нэн яаралтай зохион байгуулах шаардлага тулгамдаж байна” гэсэн зөвлөмж ямартай ч гаргажээ. Гэтэл энэ зөвлөмжийн дагуу ямар ажил хийсэн бэ гэдэг асуултад хариу алга. Сүүлийн жилүүдэд энэ талаар хийсэн судалгаа ч алга, бодит ажил ч алга. Цар тахлын нөлөө болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс шалтгаалж, иргэдийн худалдан авах чадвар улам л дордож хоногийн хоолтойгоо арай ядан золгож байна. Нөхцөл байдал ийм байдалд хүрч, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа хоол тэжээлдээ зайлшгүй анхаарах ёстойг сануулсаар байтал Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг тэргүүлж буй сайд А.Ариунзаяа “Хүнсний эрхийн бичиггүй” сумдын тоогоороо сошиалд "гангарч" байна. Төрийн сайдын эл үйлдэл нь ирээдүй рүүгээ буудаж байгаагаас ялгаагүй юм.

Б.Батдаваа (Үндэсний статистикийн хорооны дарга)

Хүүхдийн өсөлтийн хоцрогдол орон нутагт 13, нийслэлд найм, Улсын хэмжээнд дундажлахад есөн хувьтай байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн өсөлтийн доройтол 11 хувь буюу улсын дунджаас дээгүүр байгаа бол  орон сууцанд амьдарч буй хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт таван хувьтай гарсан. Өсөлтийн хоцрогдол нь удаан хугацааны хоол, шим тэжээлийн дутагдлаас үүдэлтэй байдаг.

Гаднынхан монгол хүүхдэд Монголын төрөөс илүү санаа зовж байна

Манай улс хүүхдүүдийнхээ хоол тэжээлийн талаар юу ч бодолгүй санаа амар сууж байхад НҮБ-ын Хүүхдийн сан үүнийг хэдийнэ олоод харжээ. Тэдний зүгээс “Монгол хүүхдүүдийн хоол тэжээлийн өнөөгийн байдал санаа зовоосон асуудлын нэг болж байна шүү. Хүүхдийн витамин, эрдэс баялгийн дутагдал, биеийн өсөлт хөгжлийн дутагдалтай хүүхдүүддээ анхаараарай” гэж олон удаа анхааруулсан байна. Шалтгааныг нь тэд “Төсөв хөрөнгө хүрэлцээгүй, хүний нөөц хангалтгүй байдаг” гээд төртэй холбочихож. Шийдлийн тухайд, хүрч ажиллахад хүндрэлтэй газруудын хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн дунд үр өгөөж өндөр, өртөг зардал багатай хоол тэжээлийн арга хэмжээг дэлгэрүүлэх, сургуулийн өмнөх ба сургуулийн боловсролын хүрээнд эрүүл хүнсний орчин, хоол тэжээлийн боловсролыг бий болгохыг сануулжээ. Гаднын байгууллага монгол хүүхдийн төлөө төрөөс илүү санаа тавиад байгаа юм биш үү.  

Монгол Улс хүүхдийн өсөлтийн ялгаагаар бага ястан, дарлагдагч анги бүхий улсуудтай айлсаж явна

Судалгааны байгууллагууд өсөлтийн хоцрогдлыг улс, бүс нутгаар тогтоодог байсан бол өдгөө улс дотор, тэр бүү хэл муж, аймгийн нутаг дэвсгэр дэх хүүхдүүдийн өсөлтийн хоцрогдлын зөрүүг ихэд анхаарч, нарийвчилдаг болж байна. ҮСХ-ны судалгаагаар бол манай улсын хувьд энэ зөрүү 8 хувь /хөдөө орон нутаг, нийслэлийн орон сууцанд амьдардаг хүүхэд/ байгаа нь аймаг, сумаар нарийвчилж гаргаагүйтэй холбоотой. Нарийвчилбал илүү том ялгаа гарна. Nature.com цахим хуудаст 2020 оны наймдугаар сард тавигдсан  “Бага, дунд орлоготой орнуудын хүүхдийн өсөлтийн дутагдлын зураглал” (Mapping child growth failure across low- and middle-income countries) гарчигтай судалгааны өгүүлэлд “Монголын баруун бүсэд өсөлтийн хоцрогдол 30 хувьтай” гэж дурдсан нь үнэн бол ялгаа 25 хувь гэсэн үг. Уг судалгааг харахад “Арай ч дээ” гэмээр өндөр хувийн ялгаа ч байна. Тухайлбал, 2017 онд  Индонезид 30 (Кота Йогьякартад 21.0 хувь, Сумбаат мужид 51.5 хувь) Нигерид 49.5 (Сурулере орон нутгийн засаг захиргааны бүсэд (Лагос муж) 14.7 хувь, Гагарав нутгийн засаг захиргааны бүсэд 64.2 хувь) байсан байх жишээтэй. Ялгаа ихтэй Индонези, Гондурас, Энэтхэг зэрэг улсууд нь бага үндэстэн буюу дарлагдагч ангитай байна. Гэтэл манайх нэг үндэстний, ардчилсан улс байтлаа ялгаа гаргаж байгаа нь төрийн бодлоготой холбож ойлгохоос өөр аргагүй юм.

Өсөлтийн хоцрогдлын судалгааг хүүхэд нэг бүрийг хамруулж хийе

Хэдий энэ нийтлэлийг бичих шалтгаан болсон, үр дүн нь олон дахин эшлэгдэж байгаа ч ҮСХ-ны судалгаа бол 100 хувь үнэн бодит мэдээлэл биш. Дээр хэлсэнчлэн, аймаг, нийслэл, дүүрэг, сум, багаар нарийвчлаагүй, түүврийн аргаар явуулсан гэх мэт дутагдал байна. Гэхдээ энэ дутагдлыг засах арга бий. Их хөрөнгө мөн ч орохгүй. Боловсролын байгууллагын эмч нараар дамжуулаад тухайн сургууль, цэцэрлэгийн хүүхэд нэг бүрийг үзлэгт оруулахад л болно. Үлдсэн хүүхдийг ӨЭМТ-д даатгаж болно. Энэ ажлыг богино хугацаанд зохион байгуулж чадвал нэлээд нарийн судалгаатай болчихно гэсэн үг. Энэ судалгааг харин төсөв хуваарилахад ашиглана. Өнөөдөр судалгаа нь улс, нийслэл, орон нутаг гэж бүдүүн тойм байгаа шиг төсвийн хуваарилалт ч ямар ч ялгаагүй нэгэн жигд маягтай байгаа. Нарийн судалгаатай болчихвол өсөлтийн хоцрогдол ихтэй аймаг, сум, баг, хороонд арай их төсөв хуваарилах боломжтой болно. Бүр хүүхэд нэг бүрт хүргэх ч боломж бий.

Одоо хэрэгжиж буй Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар 1-5 дугаар ангийн сурагчдад үдийн хоол олгож буй бөгөөд 6-9 дүгээр ангийн үдийн хоолны зардлыг 2022 оны есдүгээр сарын 1-нээс, 10-12 дугаар ангийн хүүхдийн хоолны зардлыг 2023 оноос нэмэхээр болсон билээ. Судалгааны үр дүнгээ оновчтой боловсруулж, хот, хөдөөгийн хүүхдүүдээр шимт бодисын ялгааг гаргаж, Монголын бүх сурагчдад хүрэх “Үдийн хоол” хөтөлбөрт үр дүнг “шингээж” чадвал монгол хүүхдүүдийн хооллолтод маш том өөрчлөлт гарах боломжтой. Болдог бол тэжээлийн дутагдалтай сурагч бусдаасаа арай ахиу идэж, зардлын зөрүүг нь төсөвт тооцож оруулах боломж бүрдүүлмээр. Ялгаварлах асуудалтай тулах эрсдэл бий. Гэхдээ амьжиргааны түвшин доогуур иргэд ихтэй бүс нутгийн сургууль, цэцэрлэгт илүү төсөв олгох бол бүрэн бололцоотой юм.  

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

БНСУ-д 40 жил “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд Солонгос хүний дундаж өндөр 20 см өссөн байдаг. Технологийн дагуу бэлтгэсэн, шим тэжээлтэй хоолыг хүүхдүүддээ өгөх энэ хуулийг батлах нь бидний ирээдүй болсон үр хүүхдүүдэд маань эрүүл мэнд, бие бялдрын үнэлж барамгүй хувь нэмэр болох юм. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлээд зургаан жил болж байна. Замын эсрэг талынх нь Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй. Ингэхэд хөтөлбөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй хүүхдүүдийн дунд 2.5 см-ын өсөлтийн ялгаа гарсан.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ бүхэн хэний буруу бэ? зарим эцэг эх нь хөдөлмөрлөөд маш өндөр татвар төлнө зарим эцэг эх нь хийж хийж авдаг цалин үнэхээр бага зарим айл өрх нь амьдрах орон гэргүй яана даа Миний сайхан Монгол орон.Монголоо гэсэн сэтгэлтэй агуу удирдагч л хэрэгтэй бнадааааааааааааааааааааа

    0 0 Хариу бичих