Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 519 дэх дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох сэдвүүдээс танилцуулъя.

НЭГ.Үүд тогшиж буй хүнсний хямрал

НҮБ болон түүний салбар байгууллагуудын албан ёсны цахим хуудас, судалгааны тайлан дүгнэлт, ОХУ, Украины барьж байгаа бодлогоос харахад дэлхий нийт хүнсний хомсдол гэсэн шинэ сорилттой нэгэнт нүүр тулсан нь тодорхой байна. Хамгийн муу мэдээ нь, энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм.

Украинчууд дэлхийн улаанбуудайн нийт экспортын 10, эрдэнэшишийн 16, ургамлын тосны 50 гаруй хувийг дангаараа хангадаг аж. Дэлхий дээр 400 сая хүн зөвхөн Украины үр тарианаас хамааралтай гэхээр нөлөөллийн цар хүрээ ямар өргөн болох нь харагдана. Гэтэл энэ том экспортлогч ирэх жилүүдэд үр тариа экспортлох эсэх нь тодорхойгүй байна.

Үр тарианы хоёр том экспортлогч “ажилгүй” болсон жил манай улс газар тариалангийн салбартаа “Атрын IV аян” эхлүүлж таарлаа.

Х.Батсайханы "Талх үнэд орох цагаар" нийтлэлээс

ХОЁР. Популистын жинхэнэ зан төрх

Ардчилсан намын бүлгийг задалж, МАНАН-гийн эсрэг МАН-ын зохион байгуулсан жагсаалд оролцож явсан Ж.Батзандан сайн дураар Австрали улсад суух Элчин сайдын зөвлөхөөр явсан атлаа түүнийгээ “Цөллөг” хэмээн попрохоо ч мартаагүй.

Түүнийг томилоход Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Н.Энхтайван “Ж.Батзанданг энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй юм” гэсэн тайлбар өгч байлаа. Гэтэл ажил хийж чадна гэж томилсон дипломат ажилтан нь нэг жил гаруй хугацаанд төрийн хангамжинд туйлж байгаад, ээлжит сонгуулийн марафон эхлэхээс өмнө дүрээ сануулж, зүсээ мартуулахгүй гэхдээ албаа хаяад, дахин Монголын улс төрөөс “яс горьдсон нохой” шиг хүрч ирлээ.

Д.Дамдинжавын " Муудсан улаан лооль" нийтлэлээс

ГУРАВ. Амь гуйж амь дүйсээр байх уу?

“Эмчилгээний зардлынхаа тал хувийг хандиваар цуглуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний төлбөрөөч хөнгөлүүлж чаддаггүй” гэж өгүүлэх энэ эмэгтэй хүүгээ эмнүүлэх хугацаандаа өөртэй нь ижил зовлонтой маш олон хүнтэй уулзаж, зовлон бэрхшээлээ хуваалцдаг байсан тухайгаа мөн өгүүлсэн юм. Тэдний олонх нь орон байр, машин тэргээ зарж үрсэн ч эмчилгээний төлбөрөө цуглуулж дөнгөдөггүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн яамнаас ямар нэг тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдаг аж. Тиймээс хамгийн хайртай халуун амиа аврахын тулд түмнээс тусламж эрдэг ч цөөн хувь нь амжилт олдог гэнэ. Уг нь Эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн эрсдэлд орсон үед бэрхшээлийг давахад нь дэмжлэг үзүүлэх учиртай ч “Манай улсад эмчлэх боломжгүй. Бид мэдэхгүй, чадахгүй” гэх үгээр ам таглан, нүүр буруулсаар байгаа юм.

Хэрэв иргэд одоо төлж буй даатгалыг улсад биш хувийн даатгалд төлөх юм бол жилд 300 орчим сая төгрөгийн үйлчилгээ авах боломжтой гэх судалгаа ч байна.

О.Даваасүрэнгийн "Эрүүл бус эрүүл мэндийн тогтолцоо" нийтлэлээс

ДӨРӨВ. Хязгаарлагдмал орчин буюу “Нүд”

Одоогоос 10 гаруй жилийн өмнө л хүүхдүүд гэртээ орохоо мэдэхгүй гадаа тоглодог байв. Харин орчин үед VR, ухаалаг гар утас, зурагт, интернэт орчин мэдээлэл, харилцааны талбар болсноор хүмүүсийн гадна орчинд өнгөрөөх цаг хугацаа хязгаарлагдмал, хомс болсон. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ улам бүр нэмэгдэж, үүнээс үүдэж холын хараа муутгадаг “Миопи” гэх эмгэг нэмэгджээ. Тус нүдний эмгэгтэй хүмүүс ойрын зүйлийг сайн хардаг боловч хол байгаа зүйлс дээр фокусаа тохируулж чаддаггүй байна. Улмаар алс байгаа зүйлс бүрэлзэж, бүдэгхэн харагдаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2050 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь миопийн өвчтэй болох магадлалтай гэж үзсэн байна.

И.Сарангоогийн "Нүдээ хайрлая" нийтлэлээс

ТАВ. Хотын соёлын нэг хэсэг

Гудамжны хоол бол жуулчдыг татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг хөшүүрэг төдийгүй хотын өнгө төрх, уур амьсгалыг эерэг болгодог, урлагаар бол Мона Лиза, Бетховен шиг л нөлөөтэй онцгой соёл юм.

Зарим хүн гудамжны хоолыг бохир заваан гэж ойлгох нь бий. Тэгвэл энэ олголт ташаарал юм. Гудамжны хоол харин ч хамгийн цэвэр, сайн чанарын материалаар хийгддэг учир иргэд итгэлтэйгээр үйлчлүүлдэг. Энэ нь иргэд хоол ямар орчинд хэрхэн бэлтгэгдэж байгааг нь харж чадаж байгаатай холбоотой. Хоол хийх үйл явцыг харснаар химийн хорт бодисгүй, бие махбодод сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж үнэмшдэг ажээ. Гудамжны хоолны соёл өндөр хөгжсөн улс оронд иргэд нь зоогийн газар, ресторанаас илүү гудамжны хоолны аюулгүй байдалд итгэж явдаг ажээ.

Ж.Лувсан-Ёндонгийн "Гудамжны хоол бол Мона Лиза, Бетховен..." нийтлэлээс

ЗУРГАА. С.Наран: “Яг түүн шиг” шоуны эд эс бүхнийг би хайрлаж байна

“Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевиз бүтээдэг, Монголын хамгийн олон үзэгчтэй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн анхны дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. Хоёр жил завсарласны эцэст дэлгэцнээ эргэн ирсэн “Яг түүн шиг” шоуны анхны дугаарын ялагчаар поп дива, хатагтай С.Наран шалгарлаа. “Наран хэрхэн хувирах бол, түүний хоолой өөрчлөгдөж чадах болов уу” гэсэн үзэгчдийн хүлээлтийг тэр алмайрлаар солив.Түүний хувьд энэ удаад Солонгосын дуучин, реппер Жессигийн “Nunu nana” уран бүтээлийг хүргэсэн. Цуцашгүй эрч хүчийг мэдрүүлсэн түүний үзүүлбэр үзэгч танд ч гэсэн таалагдсан биз ээ. Анхны дугаарын ялагч түүнтэй ярилцлаа.

О.Эрдэнэчимэгийн "Яг түүн шиг" шоуны оролцогчидтой хийсэн цуврал ярилцлагаас

ДОЛОО. Трамп маягийн жиргээч

Ганцхан жиргээгээрээ дэлхийн зах зээлийг хөдөлгөж чаддаг Ху Си Жинь бол Хятадад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах цор ганц иргэн. Төрийн мэдлийн “шар хэвлэл” болох “Global Times” сонины эрхлэгч Ху Си Жиний үндсэрхэг үзэл нэвт ханхлуулсан хурц шулуун нийтлэлүүд, илт доромж үгтэй жиргээг Хятадын эрх баригчдын барууныханд өгч буй хариу гэж үздэг. Гадаадын сэтгүүлчид ч аливаа асуудлаар Хятадын албан ёсны байр суурь, авч чадаагүй бол түүний жиргээнээс эш татах нь олонтаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Нью Йорк Таймс” сонин гэхэд л түүний нэрийг 46 удаа дурджээ.

Барууныхан “Бээжингийн суртал ухуулагч”, “Хятад троллуудын хаан” хэмээн хочилдог Ху Си Жинь 2022 он гарсаар сонины эрхлэгчийн ажлаа хүлээлгэн өгч, нийгмийн сүлжээнээс ч аниргүй завсарлага авсан нь Хятадын зүгээс гадаад ертөнцөд түгээх мэдээллийн чиг баримжаагаа өөрчилсөн гэх таамаг дагуулж буй.

НАЙМ. Контент бол хаан

YouTube суваг дээр суурилсан бичлэгүүд, Facebook, Instagram хуудсанд хуваалцсан постууд, TikTok дахь бүжгийн хэнээрхэл гээд бүгд контентыг зөвхөн Холливудад бүтээдэг гэсэн ойлголтыг эвдсэн. Гэхдээ контент бүтээлийн бизнес эрхлэхэд хөрөнгө мөнгөнөөс гадна телевизийн үеийнхнийг ч татах арвин сан хөмрөг бүрдүүлэх асар их цаг хугацаа хэрэгтэй.

Z үеийн хүүхдүүд “Full House” зэрэг телевизийн хуучинсаг цувралыг шимтэн үзсээр байдаг нь үүнийг батлах нэг жишээ. “Sein- feld”, “Friends”, “The Office” гэсэн телевизийн шилдэг хөтөлбөрүүдтэй адил чанартай цуврал гаргаж чадаагүй нь “Нэтфликс”-ийг уруудахад нөлөөлсөн ч байж болох талтай. Гэхдээ ийм хэмжээний хөтөлбөр бэлтгэхэд оюуны өмчийн үнэтэй эрх худалдаж авахаас эхлээд улам л хүндрэлтэй болж буй.

Г.Ганчимэгийн "Нэтфликсийн уналт ба стрийминг үйлчилгээний ирээдүй" нийтлэлээс