Уулсын эзэд

Дэлхийн хамгийн өндөр 14 оргилд зургаан сарын дотор авирч шинэ дээд амжилт тогтоосон уулчин Нирмал Пуржагийн түүхээр “Нетфлекс” баримтат кино бүтээсэн нь цар тахлын хөлд улдаж цөхөрсөн хүмүүст урам зориг өгч, боломж төсөөллөөс илүү гэдгийг мэдрүүлсэн билээ.

2019 онд туршлага багатай уулчин 8000 метрээс дээш өндөртэй хаан оргилуудыг эзлэх санаагаа танилцуулахад бүтэшгүй мөрөөдөл хэмээн тохуурхагчид олон байв. Гэвч Нирмал Пуржа няцсангүй, хойтон жилийнх нь дөрөвдүгээр сард Аннапурна уулаас бэрх аяллаа эхлүүлэхдээ зөвхөн Балбын уулчдаар багаа бүрдүүлсэн юм. Ерөөс 14 оргилд авирах болсон шалтгаан нь уулын замын хөтөч буюу балба шерпа нарын нэр хүндийг өргөх, тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлүүлэх хүсэл зоригоос үүдэлтэй. “Өрнийн уулчид оргилд хамт гарсан шерпа нарынхаа нэрийг ч дурсдаггүй, бидэнд тусалсан хүмүүс гэсгээд л өнгөрдөг. Гэтэл шерпа нар бүгд нэр устай хүмүүс. Тэднийг нэр алдраар нь дуудаж талархлаа илэрхийлэх ёстой” хэмээн Пуржа эгдүүцэнгүй өгүүлнэ.

Эверестээс илүү эгц өөдөө байрлалтай, салхи ихтэй болохоор авирахад бэрх басхүү дэлхийн дээврээс ч олон хүний амийг авсан К2 оргилд өвлийн цагт гарах оролдлого 30 гаруй жил бүтэлгүйтсэн. Харин Нирмал Пуржа тэргүүтэй 10 шерпа өнгөрсөн өвөл догшин оргилын оройд төрийн далбаагаа мандуулж балба шерпа нар уулсыг номхотгогч эзэд гэдгийг нотлон харуулсан юм.

Дорнын хүн

Хималайн уулсын хад асга, цас мөстэй бартаат замаар уулчдыг газарчилдаг шерпа нар Балбын хойд нутгаас гаралтай. Шерпа гэдэг нь дорнын хүн гэсэн утгыг илэрхийлнэ. Хүчилтөрөгч бага уулсын царманд амьсгалж дадсан эрчүүдийн гол амьжиргаа нь гадаадын уулчдыг нутгийн жимээр замчилж, хүнд ачаа тээшийг нь оргил өөд зөөх үйлчилгээ. Тэдний амь дүйсэн, хүнд хөдөлмөр хэдхэн рупи буюу аяга цайны мөнгөөр үнэлэгдэх нь олонтаа.

К2 оргилыг дүн өвлөөр “дайран эзэлсэн” балба уулчдын хамгийн залуу нь 28 настай Гельжэ Шерпа. "14x8000" буюу дэлхийн ноён оргилуудад авирах Нирмал Пуржагийн багийн гишүүн тэрээр 14 оргилын 10-д хөл гишгэжээ. Зургаан жилийн өмнө Эверестэд авирагчдын стандарт маршрутын дагуу Хумбу мөсөн гол дээр шат суурилуулах ажил хийдэг байсан Гельжэ 2018 оноос жинхэнэ хөтөчөөр ажиллах болсон юм. Оргилд хөл тавьсан анхны мөчөө Гельжэ "Тэр үед миний хүүхэд насны мөрөөдөл биелсэн. Олон жилийн турш би бусдын оргилд гарах замыг зассан ч эцэст нь өөрөө хүрч чадсан. Зүүд мэт л санагдаж байлаа” хэмээн дурслаа. Хойд нутгийн Солухумбу мужид төрж өссөн Гельжэгийн эцэг уулчдын ачаа зөөгч байсан бөгөөд эрүүл мэнд нь доройтож тэтгэвэрт гарахад хүү гэр бүлээ тэжээх үүрэг хүлээжээ. Залуу уулчин хэдийгээр дэлхийн бүх ноён оргилд гарахыг мөрөөддөг ч үүнээс илүүтэйгээр 8, 3 настай хоёр хүүгийнхээ сайн сайхан ирээдүйг хангахын тулд хангалттай удаан ажиллахыг хүсдэг.

“Би дөнгөж 5-р анги хүртлээ сургуульд сурсан ч хүүхдүүдээ сайн боловсролтой, баталгаатай ирээдүйтэй болоосой гэж хүсдэг. Тэднийг шерпа удмаа даган энэ хүнд хэцүү мэргэжлийг өвлөөсэй гэж хүсэхгүй байна. Үр хүүхдүүд минь арай дээр, аюулгүй нөхцөлд аж төрөх ёстой" хэмээн Гельжэ эрсхэн өгүүлсэн юм. 

160 км цагаас илүү  хурдтайгаар алгадах салхинд уулчин ганц гишгэдэл алдахад доошоо унаж, нэг насаараа эрэмдэг болох эсвэл дахин хэзээ ч амьсгалж чадахгүй болж мэднэ. Шерпа нарын тус дэмээр Хималайн уулсад хийх авиралт урьд өмнөхөөсөө илүү аюулгүй болсон ч өнгөрсөн он жилүүдэд Эверестэд нас барсан 296 хүний 30 хувь нь уулын хөтөч.

Гельжэ Шерпа

Би ууланд үхэл эсвэл амь насанд аюултай мөчүүдийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Магадгүй би азтай байсан байх. Гэхдээ бидний гаднын уулчдын экспедицээс авдаг өчүүхэн цалин туулах эрсдэл, аюулд огтхон ч нийцдэггүй. Даатгалын мөнгө бага болохоор шерпа үхэхэд хүүхдүүд нь өлсөж үхдэг.

Балбын Засгийн газар уулчин-жуулчдаас ахиухан хураамж авдаг ч улсын санд орлого оруулагч шерпа нартаа гар татдаг гэж Гельжэ сэтгэл дундуур явдаг юм. Түүний бодлоор уулын экспедицийн нийт орлогоос тусгай сан байгуулж амиа алдсан шерпагийн гэр бүлд зарцуулах ёстой ажээ.

Мөрөөдлийн хөтөч

Шерпа нарыг зүгээр нэг хөтөч бус бусдын оргилд хүрэх мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалдаг, энэ үйл явцад амиа алдахгүй байхад нь тусалдаг аврагчид гэж үздэг. Балбын шерпа нараас Ками Рита хэмээх эрхэм 25 удаа Эверестийн оргилд гарсан амжилтаар дээд амжилт тогтоосон. Үүний зэрэгцээ Ками Рита 8000 метрээс дээш оргилд 38 удаа хүрсэн амжилтыг эзэмшдэг. 2019 онд тэрээр долоо хоногийн дотор хоёр ч удаа Эверестийн оргилд гарч байв. Ками Ритагийн аав 1950 онд Эверестийг гадаадын уулчдад нээсний дараах анхны мэргэжлийн шерпа нарын нэг байсан бол ах нь дэлхийн хамгийн өндөр уулын оргилд 17 удаа гарсан амжилтын эзэн. Өдгөө 52 настай Ками Рита уулын хөтчийн ажлаасаа хөндийрөх бодолгүй, Эверестийн оргилд дахин гарах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Ками Рита

Бие минь эрүүл саруул тул 60 хүртлээ оргил өөд авирч чадна. Хүчилтөрөгч байхад ямар ч асуудалгүй. Уул болгонд өөрийн гэсэн савдаг бий. Шерпа бидний үүрэг бол савдгийг аргадах. Эверестэд гарах өдрөөсөө хэдэн сарын өмнөөс л би уулын савдгаас аврал эрж, түүнд мөргөж залбирдаг. Учир нь би түүний биен дээр хөлөө тавих гэж байгаа шүү дээ.

Хималайн ноён оргилд авирах хамгийн таатай үе нь жил бүрийн дөрөвдүгээр сарын дундаас эхэлж тавдугаар сарын сүүлээр төгсөнө. 2019 онд дэлхийн дээвэрт түгжрэл үүсэж Балбын талаас 800 орчим хүн оргилд гарахаар урт дараалал үүсгэж буй дүр зураг хэвлэлээр шуугиан тарьж байв. Тухайн үед Балба улс гадаадын иргэдэд урьд өмнө байгаагүй олон тооны зөвшөөрөл олгож ашгийн хойноос хэт хөөцөлдөн уулчдыг эрсдэлд оруулсан тухай багагүй шүүмжлэл өрнөсөн. 2020 онд коронавирусийн халдвар Эверестэд хүрч, уулчдын отгийг хаасан тул өнгөрсөн онд цөөн тооны уулчин хүлээж авчээ. Энэ жилийн тухайд Хималайн ноён оргилд гарах мөрөөдлийн аяллын зардал үнэ өсөж 30 000-160 000 доллараар үнэлэгдэж буй ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)