Сурч ханахаа, сургаж дуусахаа больсон монголчуудад сурахгүй юм гэж алга

Цахим технологи өндөр хөгжиж буйн нэг сайхан тал нь бид дэлхийн хаана, юу хийж байхаасаа үл шалтгаалаад хүссэн бүх зүйлээ зайнаас сурч болдогт оршиж байна.

Хэр тусмаа цар тахал дэгдсэн жилүүдэд энэ салбар улам хурдацтай хөгжжээ. 2019 онд боловсролын технологид өндөр өсөлт гарч, салбарын хөрөнгө оруулалт 18.66 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2025 он гэхэд онлайн боловсролын зах зээл 350 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Тухайлбал, хэлний программ, виртуал сургалт, онлайн сургалтын программ хангамжийн хэрэглээ цар тахал дэгдсэнээс хойш улам нэмэгдсэн байна. Түүнчлэн хувь хүмүүс онлайн платформууд дээр юу чаддагаа зааж, бизнес эрхлэх нь олширчээ. Хэдийгээр энэ нь олон боломжийн үүд хаалгыг нээж байгаа боловч сөрөг муу тал ч ажиглагдаж буй. Ингэж хэлэхээр гайхаж магадгүй. Сурч боловсрох, хөгжиж дэвшихийн сөрөг тал нь юу юм бол...

Эрүүл мэндээ золих шаардлагагүй

Борооны дараах мөөг шиг олширсон сургалтын төв, онлайн курс, хувийн дасгалжуулагч нараас өөрт хэрэгтэйгээ, үнэхээр өгөөжтэйг нь онож сонгоход бэрх болжээ. Манайханд онлайн сургалт явуулахгүй салбар бараг үлдсэнгүй. Төрөл бүрийн гадаад хэлний сургалтаас эхлээд сайн аав, ээж байхыг заадаг сургалт ч байна. Үүнээс хамгийн түгээмэл нь элдэв тураах дэглэмд “хөтлөх” сургалтууд. Энэ нь олон төрөлтэй бөгөөд шөлний, өндөгний, алимны, чавганы, гурвалжин будааны, кето, мацаг гээд цааш хөвөрнө. Ийм төрлийн сургалт эрхэлж байгаа хүмүүс ихэвчлэн тав, 10 килограм жин хаясан, эсхүл хэдэн жил фитнессээр хичээллэсэн байх ба өөрийн үзсэн туулсан туршлага дээрээ үндэслээд сургалт явуулъя гэж шийдсэн байдаг. Мэдээж сургалт явуулж болох ч хүн хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдал өөр гэдгийг умартаж орхидогт асуудал оршино. Урин дулаан цаг ирж байгаа болохоор тураах сургалтуудын эрэлт нэмэгддэг. Үүнийгээ дагаад “нийлүүлэлт” ч улам төрөлжинө. Эрүүл мэнд туршилт хийх зүйл биш учраас үүнд маш няхуур хандах ёстой юм. Жишээлбэл, охид хүүхнүүдийн дунд моданд ороод буй кето дэглэмийг хүссэн болгон нь барьж болдоггүй. Энэ дэглэм таарахгүй хүндээ элэгний өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Угаасаа манайх элэгний өвчлөлөөрөө дэлхийд толгой цохидог. Үүн дээр нэрмээс болж тохирохгүй дэглэм барьчихвал эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг. Цаашлаад амь насанд аюултай. Аливаа зүйлийн эцсийг үзтэлээ урт хугацаанд тууштай байж сураагүй монголчууд амархан бас хурдан үр дүн хайж эхэлдэг сул талтай. Загатнасан газар маажив гэдэг шиг цахим сургалтууд ч ийм үр дүнг амладаг. Үүний нэг жишээ нь мацаг. Хэд хоног өлсөөд л хүссэн жиндээ хүрч, эрүүлжих боломжтой гэнгүүт хүний санаанд багтаж, болмоор ч юм шиг санагдаад эхэлнэ. Гэвч ном журмыг нь ягштал мөрдөөгүй, биеийн онцлогоо ч бүрэн таниагүйн гайгаар эцэст нь эрүүл мэндээрээ хохирох аюултай. 2019 онд Баянзүрх дүүрэгт амьдардаг 40-өөд насны эмэгтэй дөрвөн хоног мацаг барьснаас болж нас барсан тохиолдол гарч хэсэг шуугиж байлаа. Талийгаач эмэгтэй бөөрний дутагдалтай байсан бөгөөд дөрөв хоног хүнсний бүтээгдэхүүн хэрэглээгүй аж. Энэ мэт харамсалтай тохиолдол мэр сэр гардаг. Гэвч мацгийн тухай сургалтад эр, эм, хөгшин, залуугүй хамрагдсаар л байна. Хэдийгээр мэргэжлийн хүмүүсийн заавар тусламж, хяналт дор зөв зүйтэй аргаар мацаг барьж болох ч байгаль цаг уур, улирлын онцлог, биеийн чадлаа харгалзан зохицуулах, тааруулах хэрэгтэй юм. Мэдээлэл элбэг, шинжлэх ухаан хөгжсөн XXI зууны иргэн биеийг хоргүйжүүлж, цэвэршүүлнэ, турааж, галбиржуулна гэх тодотголтой сургалтад зайнаас хамрагдахаар шийдсэн бол юун түрүүнд шинжилгээ өгч эмчид үзүүлээд биеийн эрүүл мэндээ эхлээд тандчих хэрэгтэй юм. Үүний дараа өөрт тохирох хооллолт, дасгал хөдөлгөөн, түүний зохист хэмжээний талаар уншиж судлах шаардлагатай байна. Өөрөө л эрж хайвал мэдээлэл олдохгүйн зовлон орчин үед байхгүй.

Фэйсбүүкээр бөөнөөр нь ингэж эмчилнэ, тэгэж биеийг хоргүйжүүлнэ гэсэн нийтийн давлагаа явуулдаг энэ зүйлүүд дээр Эрүүл мэндийн яам, нийгмийн Эрүүл мэндийн төв гээд холбогдох газрууд хяналт тавьмаар байна. Эрүүл мэндийн ямар ч суурь боловсролгүй хүмүүс дээр тоглолт хийж байна. Энэ хэвээр үргэлжилсээр байвал монгол хүний генетик, удамшлын хувьд аюул учирлаа. Тиймээс хүмүүс юмсын цаад учрыг нь тунгааж, сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Фэйсбүүкийн цаанаас тэр хүн ямар зовуурьтай, юу нь өвддөг, ямар эрсдэлтэй гэдгийг мэдэх боломжгүй, юу ч тодорхой бус байхад нийтлэг нэг зүйлийг олон хүн дээр ялгаагүй хэрэгжүүлнэ гэж байхгүй.

Сэтгэл зүйгээрээ тоглуулж болохгүй

Дээр дурдсан сургалтуудаас гадна цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх явдал түгээмэл байдаг. Хүний сэтгэл зүй гэдэг биеийн эрүүл мэндтэй адил өвдөж бас илааршиж болдог учраас анхаарал хандуулж сэтгэл зүйчдэд хандаж байна гэдэг сайн хэрэг, ахиц дэвшил. Гэвч үүнд үр дүн хэрэгтэй. Цахимаар зөвлөгөө өгч буй сэтгэл зүйчид үйлчлүүлэгчдээ үнэхээр тус болох чадвартай эсэх бүр цаашлаад энэ мэргэжлийг эзэмшсэн эсэх нь ч эргэлзээтэй байна.

Дан ганц сэтгэл зүйн зөвлөгөө гэлтгүй амжилт, аз жаргал, дадал хэвшил, зорилго, үнэт зүйл заах амьдралын көүч нар ч олон сургалт явуулдаг. Гэвч тэд энэ чиглэлд мэргэшсэн жинхэнэ дасгалжуулагч мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. Энэ бол тусдаа мэргэжил. Жишээлбэл, АНУ-д амжилтын көүч гэдэг тусдаа мэргэжлийг эзэмших хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж буй юм. Цахим сургалтад хамрагдана гэдэг угтаа цаг бас мөнгийг хэмнэх учиртай. Яг энэ шинжид нь олон хүн татагддаг. Гэтэл онлайнаар сураад ямар ч үр дүн гарахгүй байсан ч үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй. Учир нь, онлайн сургалтууд хяналтаас гадуур. Аль чиглэлд хэчнээн хүн хэдэн сургалт явуулж, ямар хүмүүс хамрагдаж байна гээд албан ёсны тоо, судалгаа хаана ч байхгүй. Ийм сургалтын үр дүн сургалтад хамрагдагчийн хичээл зүтгэл, сахилга бат, авьяас билэгээс шалтгаалах ч гэлээ сургалтын өгөөж багшаас, дасгалжуулагчаас хамаарна. Энэ бүхэн хяналтгүйгээс болж хохирсон хүмүүс ч олон бий. Цахимаар сурах нь буруу зүйл биш, харин ч хөгжил дэвшил. Гагцхүү сурч боловсорч, улам сайжрахыг хичээх зүтгэлээ үргүй зардал болгож хувиргахгүйн тулд сонголтоо зөв хийх хэрэгтэй байна.