Хаврын тариалалт хэзээ эхлэх вэ?
Тариалалт өнөөдрөөс эхэлж байна. Таримлын болон бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогоос хамаарч эхэллээ. Ер нь тариалалт тавдугаар сарын эхний 10 хоног дотор эхэлдэг бөгөөд бүс нутгийн онцлогоос шалтгаалаад сарын хугацаанд үр тарианы тариалалт явагддаг.Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хүнсний ногооны тариалалт эхэлсэн.
Энэ жил хэчнээн га талбайд ямар тариалалт хийх вэ?
Энэ онд 559.6 мянган га талбайд тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулна. Үүнийг нарийвчлан авч үзвэл 386.1 мянган га-д үр тариа, 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ тариална.
Тариаланчдад тулгардаг нэг том асуудал бол эргэлтийн хөрөнгө байдаг. Засгийн газраас тариаланчдыг дэмжих зорилгоор ямар нөхцөлтэй зээл гаргав?
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 40 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг орон нутгаас хүлээн авч нэгтгэж, гэрээний дагуу арилжааны найман банкинд хүргүүлсэн. Арилжааны банкнууд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.
Шатахууны нөөцийг хэвийн байлгах ямар арга хэмжээ авсан бэ?
Энэ хаврын тариалалтад 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоог гаргаж үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагатай бид хамтран ажиллаж байна. Өчигдрийн байдлаар дизелийн түлш 27 хоног, А-92 авто бензин 42 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байлаа.
Бордоо, үрийн хүрэлцээ хангамж хэр байна вэ?
Газар тариалангийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бордоо, үр нийлүүлэх явцад хил, гааль дээр үүсэж буй хүндрэлтэй асуудалд онцгой анхаарал хандуулж эхний ээлжинд хилээр нэвтрүүлэх хүсэлтийг ГХЯ, УОК, Монголбанк, хил, гаалийн байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна.
Энэ жил 5000 тонн бордоо импортлохоор төлөвлөснөөс эхний ээлжид 2000 тонн бордоо орж ирсэн.Үлдсэн хэсэг нь тээвэрлэлтийн шатанд явж байна.
Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад энэ оны тариалалтад зориулж 43 мянган тонн үр нөөцөлсөн байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд 16 мянган тонн үрийн нөөц бий. Тариаланчдад үрийг хүртээмжтэй өгөхийн тулд үрийн захиалгыг орон нутгаас авч нэгтгэн, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгөөр зээлээр олгож байгаа юм.
Хаврын тариалалтад техникийн ямар шинэчлэл хийж байна. Трактор, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ ямар байна вэ?
Тариаланчдад гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээл олгож байна. Энэхүү зээлээр техник болон сэлбэг авах боломжтой. Аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хэлцэл хийн техник шинэчлэлээ хийж байна.