Сэргээгдэх эрчим хүчинд сэгсрүүлж буй монголчууд

Монголчууд бид нэг зүйл рүү туйлшрахаараа хэтэрхий туйлширдаг. Үүний нэг жишээ нь, нар, салхины эрчим хүчийг ашиглах гэсэн туйлшрал. Хэн нэгэнд төлбөр төлөхгүйгээр үнэгүй ашиглаж болох нар, салхийг эрчим хүч болгон хувиргаж мөнгө олох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд олон байна. Үнэгүй ашиглаж болох зүйлийг мөнгө болгон хувиргахаас гадна эрчим хүчний дутагдалтай манай улсад энэ нь туйлын ашигтай бизнес санагдсан бололтой. Ашигтай гэсэн болгон руу хуйлардаг манай бизнес эрхлэгчид мөн л сэргээгдэх эрчим хүчний салбар руу хошуурцгааж.

Манай улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгож эхэлсэн юм. Олгосон зөвшөөрөл бүрийнх нь дагуу сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд бий болбол манай улсын нийт хэрэглээнээс ч давсан үйлдвэрлэл бий болох юм байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ямар ч нэгдсэн бодлого, тооцоололгүйгээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүсэлтэй аж ахуйн нэгж бүрд зөвшөөрөл олгожээ. Хамгийн сүүлд Эрчим хүчний сайдаар томилогдсон хоёр хүн өмнөх Засгийн газар, сайд нар нь яагаад ийм их зөвшөөрөл олгосныг ойлгохгүй байгаагаа хэлж байлаа.

Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн

Манай улсын эрчим хүчний хэрэглээ 1200 мВт байдаг. Гэтэл 1500 гаруй мВт эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрлийг сэргээгдэх эрчим хүчний салбарт олгочихсон. Дэлхийн бусад улс орны жишиг нийт хэрэглээнийх нь 20-30 хувийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эзэлдэг. Манай улсад өнөөдөр нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нийлээд 210 мВт цахилгаан нийлүүлж байгаа. Энэ нь нийт хэрэглээний 20 хувьд хүрсэн үзүүлэлт. Яагаад байж болохгүй их хэмжээний тусгай зөвшөөрөл олгосныг би мэдэхгүй.

Одоо Эрчим хүчний сайдаар ажиллаж буй Н.Тавинбэх ч сэргээгдэх эрчим хүчний салбар өнгөрсөн хугацаанд ямар ч бодлогогүй явж ирснийг хэлсэн юм. Тэрээр "Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийг бодлого, төлөвлөлтгүй, замбараагүй олгосон. 2009-2019 он хүртэл 36 аж ахуйн нэгжид 1560 мВт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь Монгол Улсын суурилагдсан хүчин чадалтай бараг тэнцүү гэсэн үг” гэв.  

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүд:

1.    "Тосонцэнгэлийн УЦС" ХХК

2.    "Тайшир Гуулин УЦС" ХХК

3.    "Богдын голын УЦС" ХХК

4.    "Клин Энержи" ХХК

5.    "Дөргөний УЦС" ХХК

6.    "Соларповер интернейшнл" ХХК

7.    "Клин энержи ази” ХХК

8.    "Эвридэй ферм" ХХК

9.    "Нарантээг" ХХК

10. "Сайншанд салхин парк" ХХК

11. "И Эс Би Солар Энержи" ХХК

12. "Тэнүүнгэрэл констракшн" ХХК Цахилгаан

13. "Дезерт Солар Пауэр Вуан" ХХК

Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барихаар тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд:

1.  "Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станц" ХХК 100 мВт

2.    "АБ солар винд" ХХК 100 мВт

3.    “Эрэл” ХХК 32 мВт

4.    "Клинтек" ХХК 250 мВт

5.    "Винд фарм чойр" ХХК 50.4 мВт

6.    "Мошеа эко энержи" ХХК 50 мВт

7.    "Сан степпе" ХХК 50 мВт

8.    "Люкстюм" ХХК 9 мВт

9.    “Сан рөүд трейд” ХХК 30 "Юни солар" ХХК 30 мВт

10. "Сэргэлэнгийн нарны цахилгаан станц" ХХК 50 мВт

11. "Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК 20 мВт

12. "Солар энержи чандмань" ХХК 21 мВт

13. "Солар повер монголиа" ХХК 30 мВт

14. "Чаргайтын усан цахилгаан станц" ХХК 24.6 мВт

15. “Энержи сторежи” ХХК 50 мВт

16. "Ньюком солар энержи” ХХК 24 мВт

17. "Усны эрчим” ХХК 18 мВт

18. "Жесика энержи" ХХК 10 мВт

19. “Три эс солюшн” ХХК 15.4 мВт

20. “Эрдэнэс пауэр” ХХК 45 мВт

21. “Мөнх энержи сторежи” ХХК 5 мВт

22. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл” ТБАГ 90 мВт

23. "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК 10 мВт

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээр тусгай зөвшөөрөл авсан дээрх аж ахуйн нэгжүүд бүгд цахилгаан станцаа босгож эрчим хүч үйлдвэрлэж эхэлбэл жижиг зах зээлд бүгд ашигтай ажиллаж чадахгүй нь. Харин одоо сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүд маш их ашигтай ажиллаж, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн халааслаж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх халаглан ярьж байлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

Нар, салхины эх үүсвэрээс гарч байгаа эрчим хүчний үнэ манай хэрэглэгчдийн үнээс 2-3 дахин өндөр үнэтэй. Төлбөрийг нь тухайн үеийн ханшаар тооцож ам.доллароор хийхээр гэрээ хийгдсэн. Технологийн хувьд нар, салхины эх үүсвэр нь тасралтгүй үйлдвэрлэл явуулж чаддаггүй учраас дэлхий нийтэд хувьсах эх үүсвэрт ордог. Хувьсах эх үүсвэрийн орон гарсан үед нөхөж ажиллах эх үүсвэр Монгол Улсын хэмжээнд алга. Тиймээс өндөр үнэтэй, импортын эрчим хүч авч нөхөж байна. Дотоодоосоо өндөр үнэтэй нар, салхины эрчим хүч худалдаж авдаг, дээрээс нь горимын тохируулга хийхийн тулд гадаадаас өндөр үнэтэй эрчим хүч худалдаж авч байна. Энэ нь эрчим хүчний салбарыг алдагдалд оруулах маш том хүчин зүйл болж байгаа. 2021 онд эрчим хүчний салбар 78 тэрбумын алдагдалтай ажилласан. Гэтэл одоо ажиллаж байгаа нарны зургаа, салхины гурван цахилгаан станц 60 тэрбумын ашигтай ажилласан. Одоо 11 аж ахуйн нэгж нийт 594 мВт-ын хүчин чадалтай 11 эх үүсвэр ашиглалтад оруулна гээд шахаж байгаа. Алдаатай, сэтгэлгүй хийсэн гэрээнүүд улсыг ингэж өрөнд оруулж байна. Бид ч бас хууль эрх зүйн хувьд алдаа гаргасан юм билээ.

Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг доллароор тооцохоо больё

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн хэлсэнчлэн манай улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс эрчим хүч худалдан авахдаа ам.доллароор тооцоо хийдэг ажээ. Ам.долларын ханш өсөхийн хэрээр Монгол Улсын хэрэглэж буй сэргээгдэх эрчим хүчний төлбөр нэмэгдэж байна. Нар, салхи, усан цахилгаан станцаас эрчим хүч худалдан авах тарифыг дараах байдлаар тогтоожээ.

Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар.

5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар.

Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллар. 

Уг нь Монгол Улс нутаг дэвсгэр дээрээ зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх хуультай. 2009 онд баталсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гyйцэтгэх тухай хуулийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ” гэсэн заалт бий. Гэвч сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг ам.доллароор хийсээр байна. Ам.долларын хомсдолд орсон энэ цагт сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээнүүдэд өөрчлөлт оруулж төгрөгөөр тооцоо хийдэг болох хэрэгтэй. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгийг хэдхэн аж ахуйн нэгж ханшийн зөрүүгээр далимдуулан халаасласаар байна.

Агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд байгаль орчинд эерэг нөлөөтэй сэргээгдэх эрчим хүчний салбарыг төр засаг, иргэдийн зүгээс дэмжсээр ирсэн. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгж цахилгааны төлбөрөө төлөхдөө сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифаар тусгайлан төлбөр төлдөг. Харин одоо тухайн аж ахуйн нэгжүүд улс орноо хэцүү үед нь дэмжих цаг ирлээ. Монгол Улсын эрчим хүчний салбар жилд 78 тэрбумын алдагдалтай ажиллаж байхад нар, салхины эрчим хүч үйлдвэрлэж буй есхөн аж ахуйн нэгж 60 тэрбумын ашигтай ажиллаж байгаа нь шударга бус биш гэж үү!   

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл