Буйдан дээрх тэмцэл буюу цахим “эрүү шүүлт”

Зөвийг дэнсэлж, бурууг шүүхэд буйдан дээрх тэмцэл ямар нөлөө үзүүлж буйг болон цахим орчинд хүмүүс нэгнээ хэрхэн яллаж, яаж цовдолж байгааг илэрхийлэх хоёрхон жишээг нийтлэлийнхээ өмнө дурдъя. Үнэн, зөв нь эцэслэн тогтоогдоогүй үйл явдлуудыг онцолж жишээлсэн нь нэгийг зөвтгөж, нөгөөг буруутгах зорилгогүй болохыг мөн тодотгоё.

Бага ангийн багш долоон настай охинтой зүй бус харилцаж, хүч хэрэглэсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдав. Багш хүүхдийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан эсэхийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй, баттай баримт ил болоогүй байхад хүмүүс ам уралдан, ангийн багшийг нь ялтан, гэмтэн хэмээн цоллож эхэлсэн юм. Харин багшийн гаргасан үйлдэлтэй холбоотойгоор сургуулийн Ёс зүйн хороо хуралдаж, ажлаас нь халсны дараа “Тэтгэвэрт гарах дөхсөн, ахмад багшийг ажилтай нь үлдээ” гэлцэх болов. Ганцхан өдрийн дотор олон нийтийн санаа бодол хэрхэн хувирч, яаж ганхаж буй жишээг бид бэлхнээ харлаа. Түүгээр ч зогсохгүй сурагч охины аавыг хүчирхийлэл үйлддэг, хүүхдээ зоддог хэмээн чичилж, зураг, бичлэгийг нь нийгмийн сүлжээнд байршуулаад амжив. Олон нийт ийн төөрөлдөж, шүүмж нь байгаа олж ядан “шүршиж” байх үед “Eagle news” телевиз хүүхдэд хүч хэрэглэж буй багшийн бичлэгийг ил болгож, мухардлыг нь эцэслэсэн юм. Ийнхүү камерын бичлэг ил болохтой зэрэг хүмүүсийн хандлага мөн л хувирч, багшийг үгийн муугаар “булшилж” эхэлсэн. Хүүхдэд хүч хэрэглэсэн багшийн асуудал сөхөгдөхөөс өмнөхөн барьж явсан кофегоо бусдын толгой дээр асгасан эмэгтэйн үйлдлийг нийгэм нийтээрээ шүүж, чичлэв. Олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгийг нь байршуулж, эцэг эх, их сургуулийг нь зарлаж, элээсэн, туулсан, эдэлсэн, хэрэглэснийг нь онцолж, шагшив. Үйлдсэн хэргийнх нь зөв бурууг шүүж дэнслэхээс урьтаж хүмүүс ийн амаараа яллаж, үгээрээ дөнгөлөв.

Бид бие биеэ хуулиас урьдаж эрүүдэн шүүж, “цахим шорон”-д хийж байгааг хагас сарын дотор өрнөсөн дээрх үйл явдлууд гэрчилж байна.

Хууль бус ял

Иргэд ийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, бурууд хурц, бусармагт соргог байгаа нь сайн хэрэг. Бүр иргэний сэтгүүл зүй, иргэдийн цахим оролцоо гэх зэргээр нэрлэж, цоллож ч болох талтай. Гэхдээ энэ мэтээр цахим орчинд бусдыг яллах нь ёс зүйн хувьд төдийгүй эрх зүйн хүрээнд харш, халтай үзэгдэл юм. “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно” гэх Үндсэн хуулийн амин чухал заалт хүн амын олонх нь төвлөрсөн олон нийтийн сүлжээнд мөрдөгдөхгүй байна. Үүнээс гадна хүмүүсийн анхаарлын төвд орсон аливаа хэрэг, асуудалтай холбоотойгоор ар гэр, амраг садан, ах дүүг нь онилж, “нулимдаг” үзэгдэл хэдийнэ ужиграв. Уг нь Үндсэн хуулинд “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Хэдий хүн бүхэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч эрхээ хэт дархлах нь эргээд олон сөрөг уршгийг бий болгоод байна.

Сошиал дагасан төрийн шийдвэр

Мэдээлэл хүлээн авагчид мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авч байгаагаас үүдэн нийгмийн сүлжээ олон нийтийн санаа бодлыг удирдах томоохон талбар болж хувирав. Хэн нэгэн болон хэсэг бүлэг этгээд олон нийтийн сүлжээ ашиглан бусдын үзэл бодлыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн чиглүүлж, зорилгодоо хүрч буй жишээ цөөнгүй бий. Ийнхүү хүмүүсийн бодол, сэтгэхүйд нөлөөлнө гэдэг нэг хэрэг. Хамгийн халтай нь, олон нийтийн сүлжээгээр дамжуулан төрийн төдийгүй хууль шүүхийн шийдвэр гаргалтад нөлөө үзүүлдэг болчихлоо. Товчхондоо, шүүх хийгээд төр аливаа шийдвэрийг олон нийтийн үзэл бодол, санаа сэдэлд нийцүүлэн гаргах нь элбэгшив. Дээр онцолсон жишээтэйгээ энд дурдсан санаагаа уялдуулж тайлбарлая. Сурагчид хүч хэрэглэсэн багшийн асуудал сөхөгдөхтэй зэрэг салбарын сайд нь олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй. Хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авна” гэсэн мэдээлэл байршуулсан юм. Ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гэхдээ багш, хүүхэд, эцэг эх, сургуулийн удирдлагуудтай уулзаж, асуудалд ул суурьтай хандахгүйгээр нийтийн санаа бодолд нийцүүлэн ийн байр сууриа илэрхийлнэ гэдэг хэтэрхий болчимгүй үйлдэл юм. Холбогдогч талуудтай уулзаагүй хэрнээ байр суурь илэрхийлсэн гэж хэлсний учир нь БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэвлэлийнхэнд тодруулга өгөх үеэрээ “Өчигдөр сургуулийн зөвлөл хуралдсан гэсэн. Багш өөрөө уучлал гуйж, өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл авсан. Тиймээс хүүхдэд гар хүрсэн л гэж ойлгосон” гэсэн юм. Дам сураг, сошиалын шуугианаар шийдвэр гаргаж, шийтгэл хүлээлгэж буйн тод илрэл энэ. Үүнээс гадна нийгмийн сүлжээгээр хөшүүрэг хийж шүүхийн шийдвэр, шүүгчдийн сэтгэл зүйд нөлөөлөх тохиолдол ч бий. Энэ төрлийн жишээг энд сийрүүлэх нь оновчгүй тул дүгнэлт, эргэцүүллийг уншигчид үлдээе. Юутай ч хэрэв шүүх засаглал үүргээ гүйцэтгэж, төрийн шийдвэр төгөлдөр, шударга байж чадахгүйд хүрвэл нийгэмд эмх замбараагүй байдал бий болж, анги давхаргын ялгаа улам гаарна. Энэ үйл явц яг одоо Монголд өрнөж байна. Цахим сүлжээ, иргэний сэтгүүл зүй гэдэг мэдээллийн талбар, харилцааны хэрэгсэл болохоос шүүхийн танхим, төрийн сэнтий биш юм. Шүүх хийгээд төр шийдвэрээ хүмүүсийн ая талд нийцүүлж гардаг болсны уршиг үүгээр дуусахгүй. Цахим орчинд сенсаци дэгдээж, олон нийтийн анхаарлын төвд ороогүй асуудлыг төр, хувийн хэвшлийн аль нь ч үл ойшоодог гажуу үзэгдэл ховхрохгүй байна.

Мэдээлэл хүлээж авах мэдлэгт суралцъя

Олон нийтийн сүлжээнд бусдыг “булшилж” ч, “бурхан мэт залж” ч болдог болсны гол учир нь нийт хүн амын олонх нь энд төвлөрсөнтэй холбоотой юм. Далайд гарцгүй монгол өгөгдлийн их далайтай холбогдоод ердөө 20 гаруй жил болж байгаа ч мөн хугацаанд интернэт хэрэглээ бидний амьдралын салшгүй хэсэгт тооцогдох болов. 2021 оны байдлаар манай улсын нийт хүн амын 78.7 хувь нийгмийн сүлжээнд төвлөрсөн болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Тэдгээрийн 90 гаруй хувь нь фэйсбүүк ашигладаг аж. Твиттерийн хэрэглээ ч Монголд өндөр. Сошиал медиа ашигладаг хүмүүсийн 67 хувь нь твиттер хаягтай бөгөөд ингэснээр Монгол Улс твиттер хэрэглэгчийн тоогоороо Ази Номхон далайн бүсдээ 10 дугаарт бичигдэж байна. Эдгээрээс гадна манай улсын интернэт хэрэглэгчид Instagram, Linked In, Youtube зэрэг платформууд зонхилон хэрэглэж байна. Ухаалаг утастай интернэт хэрэглэгчийн тоо манайд хангалттай олширсон ч харин ухаалаг хэрэглэгч л нүдний гэм байна. Мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг, мэдээлэл хүлээж авах мэдлэгт суралцах нь нэн чухал байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ухаалаг утас л гэнэ, үнэн хэрэгтээ ухаалаг утас болон интернет ихэнхи хүмүүсийг тэнэг мулгуу болгож байна, ялангуяа залуучууд, хүүхдүүдийг ...

    0 0 Хариу бичих
  2. ТЭГЭЭД РАДИОГОО АЖИЛЛУУЛААЧ МЕДЕА ГРУППЭЭ

    0 0 Хариу бичих