Удаан бодох нь ухаантайнх биш
“Өчигдөр юм бодоод унтаж чадсангүй”, “Өө, юм бодож байгаад анзаарсангүй”, “Удаан бодсоны эцэст...” гэх мэтээр бид өдөр шөнө хязгааргүй бодолдоо автагдсаар л байдаг. Энэ их бодлыг оюун ухааныхаа тусламжтайгаар хийдэг. Тэгвэл бид бодохдоо хэр их хугацаа зарцуулдаг талаар бодож үзсэн үү. Хүн бодсоноороо шийдвэр гаргаж, сайн, муу бүхнийг ялгаж, салгаж мэдрэмжээ тодорхойлдог. Гэвч хэт их бодох нь бидний тархи, бие махбодид ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ.
Хүн амьтдаас ялгаатай нь эргэн тойронд нь юу болж байгааг бодоход маш их цаг хугацаа зарцуулдаг. Өнгөрсөнд болсон, ирээдүйд тохиолдож болох, эсвэл огт тохиолдохгүй ч байж болох үйл явдлуудын талаар эргэцүүлэн бодсоор л байдаг. Хүн сэрүүн цагийнхаа 46.9 хувийг хийж байгаа зүйлээсээ өөр зүйлийн талаар бодоход зарцуулдаг гэдгийг Харвардын их сургуулийн сэтгэл судлаач Мэттью А.Киллингсворт, Даниел Т.Гилберт нар судалжээ.
“БИДНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ЧАНАР БИДНИЙ ИРЭЭДҮЙН ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛНО”
Сэтгэл судлаач, зохиолч Эдвард де Боно
Тархи бидний биеийн долоон их наяд эсийг удирдаж, бодол санаа, сэтгэл хөдлөлийг бий болгоход тусалдаг онцлогтой эрхтэн. Бидний бодол санаа олон янзын эх сурвалжаас бүрддэг.
Цөөн хэдийг нь дурдвал:
- Ёс суртахуун
- Дурсамж
- Зан төлөв
- Нөхцөл байдал
- Төсөөлөл
- Дотоод дуу хоолой
- Бусдыг шүүх
Бодлын “Ангууч”
Та үүнийг уншиж байхдаа ч таны бодол тэнүүчлэн өөр нэг зүйлийг бодож чадна. Хүн нэгэн зэрэг олон төрлийн зүйлийг бодож чаддаг. Та хүнтэй ярилцаж байхдаа бодолд автаж, таны оюун ухаан өөр зүйлд тэнүүчилж чаддаг гэсэн үг. Гэхдээ хэт их бодолдоо автах нь сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байдаг аж. Тухайлбал, 2013 онд “Аnormal Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хэт их бодох нь сэтгэл гутралд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Түүнчлэн хэт удаан бодлогоширч бодолдоо тэнүүчлэх нь асуудлыг шийдвэрлэх чадварт саад болдог бөгөөд судалгаанаас үзэхэд хэт их бодох нь асуудлыг шийдэж, шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ нь таныг шийдэл хайхаас илүүтэй асуудалд анхаарлаа хандуулахад хүргэдэг аж. Жишээ нь, ярилцлагад оролцохдоо юу өмсөхөө сонгох, амралтаараа хаашаа явахаа шийдэх гэх мэт амьдралын энгийн шийдвэрүүд ч хэт удаан бодож сэтгэхэд хүргэдэг. Үүнээс шалтгаалж бүх зүйлийг хэтрүүлэн бодсноор стресс, сэтгэл түгших эмгэгүүд үүсч эхэлдэг байна. Мөн хэт их бодох нь таны нойрны чанарыг бууруулдаг бөгөөд хүний унтлагын цагийн хамгийн чухал гүн нойрмоглох магадлалыг багасдаг аж.
Бодлын үргэлжлэл...
Бодол бидний сэтгэл хөдлөлийг бий болгодог. Гэвч цаг хязгааргүй, зогсолтгүй бодох нь тархийг ядраадаг. Нэг үгээр хэлбэл тархи олон бодолд дарагдах тусам түүний сэтгэх, хүлээн авах чадвар удааширдаг. Үүнээс үүдэж олон сая хүн “Overthinking Disorder” буюу хэт их бодох эмгэгээр өвчилсөн байдаг. Энэхүү эмгэг нь ямар нэг зүйлийн талаар хэт их эргэцүүлэн бодох, эргэлзэх гэсэн утгаас гадна зөвхөн нэг зүйлийн талаар хэт их бодох биш, харин ямар нэг зүйлд хэт автах аюулд хүргэдэг байна. Энэхүү эмгэг нь бидний эрүүл мэнд, ажиллах чадвар зэрэг амьдралын бүх л зүйлд сөргөөр нөлөөлөх боломжтой. Иймд бид оюун ухаанаа удирдаж өөртөө хэтрүүлэн бодохгүй байхыг зааж сургахад суралцах хэрэгтэй. Үүний тулд хамгийн эхэнд таныг хэтрүүлэн бодож байгаа нийтлэг шалтгааныг ажиглах боломжтой. Үүнд хэлэх, хийх ёстой зүйлээ байнга бодож эргэлзэх, бүх нөхцөл байдалд “хэрэв” гэсэн хувилбаруудад таамаг дэвшүүлэх, хэн нэгэн өөрийг нь эвгүй муухай харагдаж байна гэж төсөөлөх зэрэг зүйлс багтана. Эдгээр зүйлс энгийн байдаг л санагдаж байгаа мэт боловч энэ төсөөлөл удаан үргэлжилснээр сэтгэцийн эрүүл мэндэд хоруу чанар ихтэй. Иймд бид сөрөг бодлынхоо 80 хувийг эерэг бодол руу шилжүүлэх хэрэгтэй. Эерэг сэтгэлгээний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нь урт наслах, сэтгэлийн хямрал, стрессийн түвшин буурах, зүрхний өвчин тусах эрсдэлээс хамгаалах, хүнд хэцүү үед даван туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг ашиг тусыг авчирдаг. Хүн илүү эерэг зүйлийг бодсоноор аз жаргалын даавар ялгарч улмаар тархи амралтын хэлбэрт шилждэг байна. Мөн оюун санаагаа сатааруулахад дасгал хөдөлгөөн хийж спортоор хичээллэх тустай. Хамгийн чухал асуудал бол стрессийг багасгах. Стресс бол бидний хэт их сэтгэх хандлагатай зэрэгцэн оршдог чимээгүй тахал. Стресс хэнд ч тохиолдож болно. Тэд хэнийг ч голохгүй. Та хүүхэд байна уу, өсвөр настай байна уу, насанд хүрсэн байна уу хамаагүй. Хэрэв та хэт их юм бодогддог зуршилтай, стресстэй бол стрессийг бууруулах энгийн аргуудыг турших хэрэгтэй. Бүтэлгүйтэхээс айх болон бусад өдөр тутмын айдсаасаа салж ирээдүйд эсвэл өнгөрсөнд болсон өөрчилж чадахгүй зүйлсийг орхиж сэтгэлийн амар амгаланд хүрэх нь чухал.
Эцэст нь хялбараар шийдье гэвэл та өнгөрсөн, эсвэл ирээдүй цагт амьдрахаас илүүтэй зөвхөн одоо цагтаа л анхаарлаа хандуулж, хэн нэгний юу гэж бодоход анхаарах бус өөрийн харах өнцөгт ач холбогдол өгөх нь зүйтэй.
Хамгийн чухал нь хэт тунгаан бодох нь таны бодол санаа, зовнил эцэс төгсгөлгүй тойрог хэлбэрээр эргэлддэг циклд хүргэдэг. Түүнээс ямар ч гарах гарц эерэг зүйлсийг олж харж чаддаггүй. Дээр дурдсанчлан сэтгэлийн эрх чөлөөнд хүрэхийн тулд өдөр тутмын энгийн дадал хэвшлээ өөрчилж, энгийн зүйлсэд хэт сэтгэлийн хөөрөлтэй хандахгүй байхад оршино. Мөн хүн хоорондын харилцаан дээр бодож буй зүйлээ илүү нээлттэй илэрхийлж сурах ёстой.
Сэтгэл хөдлөлөө хуваалцах найз нөхөдтэй болох тустай. Хэт их бодох нь ухаантайнх биш. Харин хурдан шийдэж одоо цагт амьдрах нь үнэ цэнэтэй, оюунлаг амьдрал юм.