Өсвөр насны хүүгийнх нь авир, араншин өөрчлөгдөж, ярилцаж, харилцахад бэрх болсныг эцэг, эх нь төдийлөн анзаарсангүй. Ийн ажил, гэрийн хооронд амс хийх чөлөөгүй амь дүйж, бор хоног, шар өдрүүдийг юу ч анирдах чөлөөгүй элээх зуур 15 настай хүү нь архи, тамхи хэрэглээд зогсохгүй ахуйн хэрэглээний газ хүртэл үнэрлэдэг болсон байв. Хусавч арилгаж, хүсэвч буцаах боломжгүй алдаа гаргаснаа ухаарсан эцэг, эх нь сэтгэл зүйчид хандаж, хүүдээ сэтгэл заслын эмчилгээ хийлгэж эхэлжээ.
Ээж, аавынх нь болон сэтгэл зүйчийн зөвшөөрсний дагуу дээрх гэр бүлд тохиолдсон үйл явдлыг нийтлэлдээ дурдаж байна. Хүүгийн аав өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд сануулга өгөх зорилгоор хувийн мэдээллээ нууцлахыг хүсэн бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Хүү маань цовоо цолгиун, эрч хүчтэй байсан. Гэтэл хөл хорио тогтоосон хоёр жил ааш, аяг нь эрс хувирсан. Бараг үг дуугарахгүй болж, өдрийн турш утас, зурагттай нөхөрлөх болсон. Гэрээс гарахаа ч больсон. Шилжилтийн наснаас шалтгаалаад ийн өөрчлөгдсөн байх гэж эхнэр бид хоёр бодсон юм. Гэтэл хичээл нь орж эхэлснээс хойш гэрийн бараа харахаа байсан. Эхэндээ хичээл их байна гээд их оройтдог болов. Сүүлдээ шөнө гэртээ ирж хонохоо ч байсан. Найзындаа даалгавар хийнэ, бие даалттай гэх зэрэг тайлбар хэлдэг байсан болохоор хүүдээ итгэж ирсэн. Гэтэл нэг өдөр цагдаагийн газраас яриад “Танай хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад баригдсан” гэдэг юм. Үнэхээр чихэндээ ч итгээгүй. Сонсоод өөрийгөө л буруутгасан. Буруу замаар будаа тээгээд буйг нь мэдсэн даруйдаа сэтгэл засалчид хандсан. Айлын ганц хүүхэд болохоор их ганцаарддаг байсныг нь сэтгэл зүйчээс л мэдсэн. Томчууд бид хүүхдээ ойлгодоггүй юм билээ. Найз нөхөд шиг ярилцаж, харилцах хэрэгтэйг саяхан л ухаарсан. Хэчнээн их хөрөнгө бэлтэй байгаад хүүхдийн хүмүүжил гажуудчихвал хэрэг нь гарахгүй шүү дээ” гэв.
Халаглах багадаж, хараах ихдэх тус асуудлын гол буруутан нь хөл хорио болохыг хүүгийн сэтгэл зүйч онцолсон юм. Хөл хорионы дараа нийгмийн амьдралд орж буй өсвөр насны хүүхдүүдийн авир, араншин өөрчлөгдсөн талаар сэтгэл зүйчээс гадна ЕБС-ийн багш нар ч онцолж байв. Хоёр жилийн турш дөрвөн хананы дунд тушуулсан хүүхдүүд гэнэт нийгмийн харилцаанд орсны дараа гэмт хэргийн гаралт ч нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан тоо, мэдээллээс харж болохоор байгаа юм.

Хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо гурав дахин өссөн
Цагдаагийн ерөнхий газраас гаргасан тоо, мэдээллээс харахад хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин өссөн байна. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сард 15-17 насны хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 43 бүртгэгдсэн бол энэ тоо 2022 оны хоёрдугаар сард 138 болж нэмэгджээ. Түүнчлэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдлын тоо ч мөн өссөн байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард 174 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон бол 2022 оны хоёрдугаар сард тус тоо 362 болжээ. Энэ нь хөл хорио суларсантай холбоотой болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан
Хөл хорионы хугацаанд гэмт хэргийн гаралт буурч байсан. Харин хичээл сургууль орж эхэлсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байна. Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо ч өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн. Хүүхдүүд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Энгийнээр тайлбарлавал, хэн нэгний биед халдаж, хүчирхийлэх төрлийн гэмт хэрэг их бүртгэгдэж байгаа юм. Мөн хүний эд хөрөнгийг хулгайлах төрлийн гэмт өсөх хандлага ажиглагдаж байна. Үүнээс гадна, хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ч мөн олширлоо. Гэхдээ хөл хорио тогтоохоос өмнөх үеийнхээс буюу 2018, 2019 оныхоос гэмт хэргийн гаралт нэмэгдээгүй. Ойролцоо байгаа.
Хөл хорио суларсантай холбоотойгоор гэмт хэргийн гаралт нэмэгдсэн бөгөөд 2018, 2019 оныхтой харьцуулахад ойролцоо байгаа талаар цагдаагийн алба хаагч мэдээлэв. Гэхдээ ЦЕГ-аас гаргадаг статистик мэдээллээс харахад хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо хөл хорио тогтоохоос өмнөх үеийнхээс 4-5 дахин нэмэгдсэн байна. 2018 болон 2019 оны оны хоёрдугаар сард 15-20 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдсан байгаа юм. Харин энэ жил дээрх тоо 138 болж өссөн. Дээрх мэдээллээс харахад хөл хорио тогтоосны дараах нэг жилийн хугацаанд хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо ч, хүүхэд хохирсон гэмт хэрэг ч эрс нэмэгдсэн байна.
Хөгжих эрхээ дөнгөлүүлсэн хүүхдүүдийн хүмүүжил гажив уу
Хүүхдийнхээ авир араншин, аж байдлыг ойлгохгүй гайхаш тасарсан эцэг, эх олон байгааг ЕБС-ийн багш нар ч онцолж байв. Түүнчлэн өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, хандлага, харилцаа үнэхээр өөрчлөгдсөн талаар багш нар учирласан юм. Бид энэ талаар хэд, хэдэн сургуулийн багш нартай уулзаж, тодруулсан юм. Тэдний төлөөлөл болох нэгэн багшийн өгсөн мэдээллийг сийрүүлье. Нийслэлийн ... дугаар сургуулийн багш Б “Би 10 дугаар ангийн анги даасан багш. Манай ангийнхан сүүлийн хоёр жил их өөрчлөгдсөн. Шилжилтийн нас нь учир өөрчлөгдөхөөс ч өөрцгүй. Гэхдээ би өмнө нь хоёр ч анги төгсгөсөн. Аль нь ч одоогийн ангийнхан шиг байгаагүй. Саяхан нэг судалгааны байгууллага манай ангийн хүүхдүүдээр сэтгэл зүйн тест бөглүүлсэн юм. Тус судалгааны багийн гишүүн “Танай ангид стрессгүй, хэвийн сэтгэл зүйтэй хүүхэд нэг ч байхгүй бололтой” гэж хэлсэн. Эцэг, эхчүүд ч энэ тал дээр их санаа зовинож байгаа. Хэд, хэдэн ээж, аав ирж хүүхдийнхээ ааш, зан хувирч байгааг учирласан. Хүүхдүүд их уцаартай, түрэмгий болсон. Бие биетэйгээ таарахгүй. Багш нартай ч мэтгэлцэнэ. Ихэнх нь эцэг, эхтэйгээ ч таарамжгүй харилцаатай байдаг юм шиг анзаарагддаг” гэсэн юм. Хүүхдүүдийн ааш авир ийн өөрчлөгдсөн нь урт хугацааны хөл хориотой холбоотой болохыг дээр дурдсан сэтгэл заслын төвийн сэтгэл зүйчээс гадна хэд хэдэн сэтгэл судлаач онцолсон юм.
Сэтгэл зүйч Б.Сайнзаяа
Хөл хорионы улмаас хүүхдүүд нийгэмшлийн дутмагшил болон цахим донтолтод өртсөн. Энгийнээр хэлбэл, амьд харилцаанаас дайжих эмгэгтэй болсон гэсэн үг. Ингэснээр нийгмийн харилцааны боловсрол хоцрогдчихдог. Хүний сэтгэл зүй ч мөн нас наснаасаа хамаараад хөгжиж, дархлаажиж байдаг. Гэтэл нийгмийн харилцаанаас ангид байснаас эсвэл өөр хүчин зүйлээс шалтгаалаад нэг байрандаа гацдаг гэсэн үг. Нас нь аль хэдийнэ 14 хүрчихсэн хэр нь сэтгэл зүй нь 10 настай үеийнх шигээ байх нь бий. Энэ байдал насанд хүрсэн хүнд ч ажиглагддаг. Нас биед хүрчихсэн хэдий ч сэтгэл зүй нь төлөвшөөгүй хүн цөөнгүй бий шүү дээ. Тиймээс нийгэмшлийн дутмагшлыг зөв аргаар нөхөх хэрэгтэй. Үгүй бол олон сөрөг үр дагавар бий болно. Ер нь өсвөр нас гэдэг маш эмзэг үе. Энэ насанд хүүхдийн сэтгэл зүйн дархлаа их сул байдаг. Ялангуяа сүүлийн үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйн механизм их суларсан нь анзаарагддаг. Үүний улмаас бусдыг аялдан дагах, хялбар аргаар сэтгэл зүйгээ засах гэдэг хэв шинж бий. Сэтгэл зүйн байдлаасаа шалтгаалаад хууль бус үйлдэл хийх тохиолдол ч элбэг.
Бид өнгөрсөн хугацаанд хөл хорио хүүхдийн сурлага, боловсролд хэрхэн нөлөөлсөн талаар л ярьж, сурлагын хоцрогдлыг арилгах тухай аль, аль шатандаа анхаарч ирэв. Харин хоёр жилийн турш нийгмээс ангид байсан хүүхдүүдийн сэтгэл зүйн дархлаа, хүмүүжил, ааш аяг хэрхэн хувирсан талаар хаана ч дурдсангүй, хэн ч дуугарсангүй. Гэтэл хүүхдийн сэтгэл зүй, үзэл бодлыг зөв чиглүүлж, төлөвшүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Хэрэв энэ хэвээр, хэн ч хайхрахгүй байсаар байвал Монголын ирээдүй болсон залуус хэрхэн төлөвшиж, хэн болж хүмүүжих вэ. Сурлагын хоцрогдлоос илүү ноцтой нь уг нь энэ юм.