Монголын нийгэм өдөр ирэх бүр болж бүтэхгүй зүг рүүгээ урагшилж, ёс суртахуун хийгээд үзэл санааны хувьд уруудан доройтсоор байна гэх шүүмжлэл сүүлийн үед ихээр өрнөх болов. “Хэчнээн гажиг аашилна, төдий чинээ л алдаршина” гэх хууль энэ нийгэмд үйлчилж байна. Үүний жинхэнэ шалтгааныг ардчилал, эрх чөлөөт тогтолцоонд чихэх нь бий. Зарим талаар үүнтэй санал нийлэхэд хүрнэ. Хэн ч үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхээ эдлэх, өөрийн хүсэл, дур зоргоо ямраар ч илэрхийлэх эрхтэй болсны цаана бидэнд сахиад байх ёс жудаг, ёс суртахууны хил зааг, хэмжээ хамжаарга хэрэггүй болсон гэж хэлж болох талтай. Аль ч нийгэмд хувь хүн, байгууллага гэлтгүй бүх оролцогч талуудын хооронд бичигдээгүй нийгмийн гэрээ бий. Тэгвэл ардчилсан нийгэмд ч өөрийн дүрэм журам, түүнд хамаарагч хэн бүхэнд бичигдээгүй гэрээгээр хүлээсэн үүрэг гэж байх нь жам. Үүнийгээ бид “Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэх хэмжээсээр хэмждэг.
Тэгвэл миний эрх гэгч нь чухам юу вэ? Би бусдад ямар ч гай барцад, саад бэрхшээл учруулахгүйгээр өөрийн дураар “солиорч”, “галзуурч”, “хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж болно” гэсэн үг мөн үү! Энэ бол тун ч ноцтой асуулт юм. Тэр тусмаа өнөөдөр Монголын нийгмийг гол өвчлүүлж байгаа вирус магадгүй энэ асуултын хариултаас эхлэлтэй. Магадгүй бид хувь хүний эрх чөлөө, нийтлэг эрхүүд дунд “дураараа солиорох” гэгч эрхийг нээлттэй үлдээсээр байх аваас “Энэ нийгэм хаана очиж хад мөргөх бол” гэдгийг эрхгүй эргэцүүлэхэд хүрнэ.
Монголын нийгмийн сэтгэлзүй түгшүүртэй, донсолгоонтой, цахим орчин дахь дуулиан шуугиан, сөрөг хандлага, хараал ерөөл дунд орших болсныг бид мэднэ. Нийгмийн сэтгэлзүй нэгэнт гэмтээд удаж байгаа гэдгийг ч ойлгож байгаа. Тэгсэн атлаа бид нийгэм гэж ярихдаа үргэлж өөрөөсөө гадагш тойргийг зааж ярьдаг. Нийгмийг хүмүүс бүрдүүлдэг. Харин хүмүүс нэгнээ даган дууриах, эсвэл хүлээн зөвшөөрөх гэдэг хоёрхон үйлдэл дээр бид нийгмийн өвчнийг даамжруулдаг. Шуудхан хэлэхэд, бид галзуу солиотой, өвчтэй шизотой бүхнийг хүлээн зөвшөөрч, санаатай болон санамсаргүйгээр тэднийг өмгөөлж, зөвтгөж, өөгшүүлдгээс өнөөгийн байдалд хүрчээ.
Нийгэмд хоорондоо уялдаа холбоогүй нэг ч зүйл үгүй билээ. Тэнд нэг хүн тэнэг солиотой үйлдэл хийж, түүнийг нь өөгшүүлэн алга ташиж хүлээж авахад түүнийг даган дуурайсан бүхэл бүтэн нийгмийн анги давхарга цаана нь бүрэлдэн тогтох болно. Нэг хүний буруу үйлдлийг хүлээн зөвшөөрөөд өнгөрөхөд цаана нь тэр буруу үйлдэл мянга болж үржиж таарна. Төрийн албыг булингартуулж байгаа цүнх баригчдыг бид буруушаан шүүмжлэх хэрнээ хэн нь ч илтэд эсэргүүцэн тэмцсэнгүй өдий хүрсэн. Үүний гороор цүнх баригчдыг доод үеийнхэн нь “Амжилттай яваа мундаг ах” гэж итгэн, даган дууриах, адилхан замаар замнахыг илүүд үзэх боллоо.
Үүнтэй адил нийгмийн сэтгэлзүйг гэмтээж байгаа хамгийн гол шалтгаан нь түмнийг төрд төлөөлөгч нарын тэнэглэл хийгээд инфлүүзер хэмээх нөлөөлөгч нөхдүүдийн элийрэл гэж хэлж болно. Тэдний тэнэглэлд хэмжээ хязгаар гэж үгүйн дээр хамгийн ноцтой нь түүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй байдал нь эмчлэх аргагүй тахал мэт балаг тарьж байна. Хэн ч юу ч хийж, галзуурч солиорч, өвчигнөж дөвчигнөж байсан, түүнд хориг саад үгүй. Үүний жишээг бид хэт олноор буюу даамжирсан, хэтэрч даварсан байдлаар өдөр бүр харж байна.
Хэн сайн элийрнэ, тэр хүн олон нийтэд танигдаж, нэр сүр олж, албан тушаалд томилогдож, давуу байдал олж авч байна. Элийрэгчдээ ингэж өөгшүүлсэн нийгэм, тэднийг тэргүүлэгч ангиараа өмнөө гаргасан улс орон хаана хүрэх вэ!
Улстөрчдийн дундаас галзуу солио тусаагүй, цоо эрүүл хүн олдохоо байлаа. Нарсистик эмгэгтэй хүмүүсийг бид төрд сонгодог болоод удаж байна. Үүний улмаас төрд итгэх итгэл буурч, цаашлаад төрийн дархлаа, нийгмийн эрүүл хэв ёс хүртэл алдагдаж эхлэв. Энэхүү итгэл алдарсан нөхцөл нь нийгмийн сэтгэл зүйн уруу дорой чиг хандлагыг бүрдүүлж, сайн сайхан зүйлд тэмүүлэх урам зориггүй мухардах замд хөтөлдөг ажээ. Төрийн албан хаагч, цүнх баригч, соёл урлагийн зүтгэлтнүүд нь цөм эрүүл бус, гажиг үйлдлийн хойноос илтэд хөөцөлдөх болов.
Хэрвээ нийгэм хэт хямралтай байвал нийт хүн амын 70 хүртэл хувь нь сэтгэцийн эмгэгт өртөх магадлалтай байдаг гэнэ. Тэгвэл Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь ямар нэгэн хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй гэсэн магадлал ч дуулдсан. Бодит баримтаар бол, таван хүний нэг нь сэтгэцийн өвчтэй гэсэн албан ёсны мэдээ бий. Сэтгэцийн эмгэгтэй байх нь нэг хэрэг. Энд сэтгэцийн эмгэгийг ялгаварлан үзэх утга санаа огт үгүй. Ардчилсан хүмүүнлэг нийгэмд “Сэтгэцийн эмгэгтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох зэргийг цээрлэнэ” гэж хуульчлан заасан байдаг.
Гэхдээ сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг өөгшүүлэн дэмжих, зөвтгөх, тэр ч байтугай эрүүл бус үг, үйлдэлд нь алга таших, түүнийх нь төлөө алдаршуулан мандуулах бол байж болшгүй явдал. Харамсалтай нь, яг ийм үзэгдэл манайд хэт газар авчихаад байна. Өөрийгөө Чингисхаан гэж нэрийдсэн “мэдрэл” бацаан УИХ-д нэрээ дэвшүүлж, шизофрени өвчтэй хүмүүс өөрсдийгөө инфлүүзер гэж нэрлэн өдөр шөнөгүй нэр хүнд хөөцөлдөж, мөрийтэй тоглоомонд донтогчид төрийн сайдын сэнтийд заларсаар байна. Үнэндээ манай жинхэнэ галзуучууд “Шархад”-анд биш, саарал ордонд,төрийн албанд бүгэцгээх болов.
З.Энхболдыг УИХ-ын дарга байхад оймс шидэж “од” болж байсан Л.Наранбаатар үүний нэг тод жишээ. Оймсоо чулуудсан нь бус одоо гаргаж байгаа ааш авир, өөрийг нь тагнаж чагнаж байна гэх өвчигнөл, эцэст нь эхнэр, эхнэрийн найзын мөрдлөг болж хувирсан мэдэгдэл зэргээс нь харахад энд эрүүлсаруул ухааны тухай яриад байх хэрэг алга. Яаж ч солиороод хамаагүй түмний хараанд орж, түүнийхээ үр дүнд албан тушаалд хүрч болдгийн захын баталгаа нь энэ хүн болчихоод явж байна. Эрх баригчид ч гэсэн иймэрхүү нөхдүүдийг “хашаандаа” буулгаж, халамжилж бойжуулдаг болчихлоо.
Ер нь Монголд хэн дуртай нь төрд ороод, дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэж бодож зүрхэлдэг боллоо. Ямар ч гэмт хэрэгт нэр холбогдсон, ямраар ч намтраа бохирлосон, яаж ч элий балай, эргүү тэнэг аашилсан Монгол төрийн албанд орж болно гэж бодож чадаж байна.
Сэтгэцийн болон зан үйлийн 10 бүлэг эмгэг байдаг. Үүнд архинд донтох, архаг ядаргаа, стрессийн эмгэгүүд, сэтгэл гутрал, бие хүний зан үйлийн эмгэг, мансуурах дон, оюуны хомсдол, нойрны эмгэг, айдас түгшүүр, хооллох дурын эмгэгүүд бүгд багтана. Эдгээр эмгэгийн ихэнхийг бид анзаардаггүй. Тухайлбал, “би”-гээр өвчлөг буюу агуу ихийн дэмийрэл гэж эмгэг бий. Эсвэл байнга зарга хийж явдаг хүмүүс ч эмгэгтэйд тооцогдоно. Манай зарим улстөрчид, төрийн зүтгэлтнүүд, нийгмийн төлөөлөгч нарын дунд жинхэнэ сэтгэцийн гажигтай нөхдүүд аж төрсөөр буйг нотлохын тулд сэтгэцийн эмгэгийн зарим хэв шинжийн тухайд зориуд тоочиж өгүүлье.
Жишээ нь, нарсистик бол бие хүний зан үйлийн эмгэг юм. Энэ нь тухайн хүн бодитоор үнэлэгдэхгүй байгаатай холбоотой үүсдэг. Сэтгэлдээ авсан шарх, эсвэл хайр энхрийлэл дутуу амссан, багадаа тохиолдсон биелэгдээгүй хэрэгцээнээс үүдэлтэй эмгэг гэж тодорхойлж болно.
Хүн бүрт магтуулах хүсэл ч бас эмгэг. Нарсистик хэв шинж туйлын дээд цэгтээ тулаад эхлэхээр хангагдаагүй хэрэгцээ нь хальж эхэлнэ. Маш атаархуу, өөрийгөө өргөмжлөх дуртай, нэр хүндэд улайрдаг, өөрийгөө хаан мэтэд бодож, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй болох нь олонтаа. Өөртөө зориулж асуулт асуулгадаг, өөрийгөө магтуулахаас огт санаа зовохоо больж ирдэг нь энэ эмгэгийн нөлөө. Эрүүл сэтгэцтэй хүн өөрийг нь магтахад ичдэг бол эрүүл бус сэтгэхүйтэй хүн илүү ихээр магтуулах хүсэлд автаж, нэг ёсондоо магтаалаар хооллож эхэлдэг байна.
Нарцистик хүн өөрийн ярьж буй зүйлээ туйлын зөв гэж боддог. Өөрийгөө шүтэн бишрэх дэмийрлээс үүдэлтэй хам шинж ажээ. Улмаар энэ нь орчноо мэдрэх, бодит байдлыг үнэлэх чадваргүй болгодог. Улстөрчид амьдралаас хол, ахуйгаасаа тасарсан шийдвэр гаргадгийн цаад учир үүнд оршдог бололтой.
Илэрхий нарцисист хүн өөрийнхөө хямсгар занг анзаардаггүй. Тэд шалихгүй басамжлал, ялихгүй доромжлолд ч эмзэглэж биеэ аймшигтайгаар өмөөрнө. Тэд паранойд болоход тун ойртох нь элбэг. Нарцисист байдлыг өөрийгөө хайрлахтай хольж хутгаж ойлгох нь бий. Уг нь огт ондоо, эсрэг тэсрэг хоёр хэв шинж л дээ. Нарцисист байдлыг бие дааж өөртөө найдах, санаачлагатай байх, өөртөө итгэлтэй байх, өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрөх зэрэг эерэг төлвүүдтэй андуурч хэрхэвч болохгүй. Нарцисизм бол өөрийгөө хайрлахаас давсан зүйл. Энэ нь өөрөөсөө бусдыг огоорох сэтгэцийн эмгэг гэж ойлгох ёстой. Ийм хүмүүс гол төлөв өөрсдийн ач холбогдлыг хэт өндрөөр үнэлнэ. Тэд өөрсдийн амжилтаа хэтрүүлж ярьдаг. Бусад хүмүүс түүнд анхаарал тавьж өөрийг нь хайрлахад хариу хайр халамж тавихгүйгээс гадна асар ихийг тэднээс шаардана.
Ийм зан төлөвтэй улстөрчдийг бид бишгүй нэг харж, тэднийг өдгөө ч орой дээрээ залсаар байгаа нь нууц биш. Бид ёс суртахуун, төр түших ур чадвар, сэтгэл зүрх, боловсрол гэх мэт олон шалгуурыг төрд зүтгэгчдэд тавьдаг. Үнэн хэрэгтээ тэд сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн үү гэдэгт тэгвэл яагаад хариулт авдаггүй нь хачирхалтай.
Монголд өдгөө жинхэнэ галзуучуудыг тахин шүтэж байгаа нь яавч ардчиллын давуу байдал биш. Харин ардчиллын хар бараан тал юм. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээ нь тэдгээр галзуу солиотнууд, сэтгэцийн өвчнүүд, элийрэгчдээ илүүтэй өөгшүүлж, бүр илүү хэмжээнд сурталчилж байгаа нь ч зөв зүйтэй үзэгдэл биш юм.
Энэ жишиг хэвээр үргэлжилбэл, бид төрийн ордон, төрийн албыг сэтгэцийн өвчнүүдийн “дур тавьдаг” газар болгоход тун ойрхон байна. Хэрвээ сэтгэцийн эмгэгтэй хүмүүс төрд гарвал юу болох вэ? Нийгэмд сэтгэцийн өвчин нь оношлогдсон хүмүүс тэгтэл аюул тарьдаггүй. Харин оношлогдоогүй буюу сэтгэцийн хөнгөн хэлбэрийн эмгэгтэй хүмүүс нийгэмд илүү ноцтой аюул занал учруулдаг. Тэр тусмаа тэдгээр хүмүүс төрийн эрх мэдэлд хүрвэл хор хөнөөлийг урьдчилан таах ч боломжгүй. Үүний бэлээхэн жишээгээр Адольф Гитлерийг нэрлэдэг билээ.
Уг нь манай улс “Төрийн албанд орохыг хүсэгч нь сэтгэцийн эмгэггүй байх. Үүний тулд сэтгэцийн эмгэггүй гэдгээ Сэтгэцийн эрүүл мэндийн төвд шалгуулж, эмчийн бичиг хийлгэх ёстой” гэж хуулиндаа заах шахсан улс. Даанч сэтгэцийн эмгэгтэй эсэхийг зөвхөн ганц бичгээр нотлох боломжгүй. Сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж тогтоохын тулд маш урт хугацааны ажиглалт, шинжилгээ шаардаг гэнэ.
Зүй нь сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, үг ярианы зөв хэрэглээ, зөв соёлтой, зан суртахууны хэм хэмжээ өндөр, үйл хөдлөл нь тэгш төлөв, эрх ашгийн эрэмбэ нь зөв, авлига хээл хахуулиас ангид байж чадах хүмүүсийг төрийн албанд авч ажиллуулах хэрэгцээ бий. Гэтэл юун тэдгээр манатай. Сэтгэцийн хувьд эрүүл хүнээ ч олж сонгоход бэрхшээл тулгарч байна. Сэтгэцийн эмгэгийг хэрхэн тогтоох вэ, галзуу солиотой, өвчтэй этгээдүүдээс төрийн албыг хэрхэн хамгаалах вэ гэдэг сэдэв бол асуултын тэмдэг ч мөн, анхаарлын тэмдэг ч мөн.