БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдвар авсан гурван иргэн нас баржээ. Нас барсан хүмүүс 89-91 настай байсан аж. Албаныхны өгч буй мэдээллээр бол, Шанхайд 60-аас дээш насныхны 38 хувь нь л вакцины бүрэн тунд хамрагдсан гэнэ. Шанхай хотод 2020 оны гуравдугаар сараас хойш ковид 19 цар тахлаар хүн нас бараагүй байжээ. Энэ талаар мэдээлсэн ВВС агентлаг мэдээндээ “25 сая хүнтэй хотод одоо болтол нэг ч албан ёсны тохиолдол бүртгэгдээгүй байна гэдэг хачин. Мэдээж, өнгөрсөн хоёр жилд маш олон хүн нас барсан. Ахмадын асрах газарт ч хүмүүс нас барж байсан. Гэхдээ тэднийг эрх баригчид үндсэн өвчнөөрөө нас барсан гэж тооцсон бололтой” хэмээн бичжээ. Шанхай хотод хорио цээрийн хатуу дэглэм үйлчилсэн хэвээрээ байна.