Хэн нэгнийг шүүмжлэхээ хэвлэлийнхэн гал тогоондоо “чимхэх” гэж нэрлэдэг юм. Мэдээж, олон нийтийн тусын тулд хийдэг ч “Чимхэлт” олон байна гэдэг цаанаа нийгэмд болж бүтэхгүй асуудал их байгааг илчилдэг, нийгмийн сэтгэлзүйг унагадаг тул манайхан “чимхэхэд” ер нь л дургүй. Монгол Улсын Гадаад харилцааны яам ажлын бус цагаар хойд хөршдөө хандаж мэдэгдэл хийсэн явдал дургүй юмаа хийхээс өөрцгүй байдалд оруулчихлаа. Шалтгаан нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Косачев хэвлэлд “АНУ Монголд биологийн лаборатори байгуулахаар эрх баригчидтай нь хэлэлцээр хийсэн” гэж ярьж, Гадаад харилцааны яам үгүйсгэсэн асуудлын талаар юм л даа.
Нэг их сүржигнэсэн, хурцатгасан агуулга одоохондоо хэрэггүй болов уу. Гэхдээ Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргах хамгийн сүүлчийн субъект гэдгээ мартсан байна. ХӨСҮТ, ЭМЯ дотоодынхоо хэвлэлд мэдээлэл гаргуулж болно. К.Косачев шиг олон хүн гарч ирээд болохгүй бол ОХУ дахь ЭСЯ-аар мэдэгдэл гаргуулах байв. Монгол Улсын Гадаад харилцааны яам ОХУ-ын Гадаад харилцааны яамтай харилцана, өөрийн улсын байр суурийг олон улсад илэрхийлнэ. Харин оросуудтай ОХУ дахь ЭСЯ-аараа дамжуулж харьцана. Үнэндээ нэг улстөрчийн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн ярилцлагад Монгол Улсын Гадаад харилцааны яам хариу өгсөн нь хүндээ хөнгөнөөс өгсөн явдал боллоо. Мэдэгдэл гаргасан нь буруу биш гэж монгол хүнийхээ хувьд өмөөрөөд өнгөрье гэсэн ч мэдэгдэлд бичигдсэн үг өгүүлбэр сэтгэлд үнэхээр хүрсэнгүй.
Монгол Улсын байр суурийг төлөөлж мэдэгдэл гаргаж байгаа бол улсынхаа байр сууринаас л хандах учиртай. “Бид эртний харилцаатай мөнхийн хөрш, Монгол Улс одоо ч энэ байр сууриндаа хэвээрээ байна” гэдэг ч юм уу, хийвэл арай зангарагтай мэдэгдэл хийх ёстой байлаа.
Монгол Улс үеийн үед ухаалаг дипломат бодлогынхоо хүчээр л тусгаар тогтнолоо сэргээж, хадгалж ирснийг түүх гэрчилнэ. Монголын түүхэнд тохиосон эгзэгтэй цагийг эргээд харахад гадаад бодлогоо зөв барьсан үедээ онож, буруудсан үедээ алдсан байдаг. Өнөөдрийн нөхцөл байдалд Монгол Улсын баримталбал зохих байр суурь маш тодорхой, түдгэлзэх, дундыг барих. Бид энэ байр сууринаасаа одоогоор гажаагүй байгаа. Харин өчигдрийн мэдэгдлийг уншаад гажих гээд ч байгаа мэт мэдрэмж төрснийг нуухгүй. Гажих гээгүй ч мэдэхгүйгээсээ болоод улсынхаа байр суурийг буруу ойлгуулах ч эрсдэл байгаа юм байна гэдгийг өчигдөр баттай мэдэж түгшлээ.
Миний бие одоогоос зургаан сарын өмнө “Гамшиг дагуулсан гадаад харилцаа” гарчигтай нийтлэл бичиж, дипломат албанд мэргэжлийн бус хүмүүс олноор ажиллах болсныг шүүмжилсэн. “Боловсон хүчний хямрал энэ салбарт үнэхээр нүүрлэсэн юм байна, яг эгзэгтэй үед цусгүй алах вий” гэх тэр үеийн болгоомжлол одоо бүр биежиж байна. УИХ-ын гишүүний нэг жиргээг бүхэл бүтэн баг бэлдэж байхад ГХЯ-ны албан ёсны мэдэгдлийг бэлддэг баг байж яагаад болдоггүй юм бол гэж ч бодлоо. Манайд туршлагатай, олон улсын харилцаагаар мэргэшсэн, улс төрийн бодлогоч цөөн боловч бий шүү дээ. ГХЯ тэдний санаа оноог авах нь яг одоогийн нөхцөлд бол гүйцэтгэлээ дээрдүүлсэн л хэрэг болно. .
Олон улсын байдал тогтворгүй одоогийн нөхцөлд аюулгүй байдал, тусгаар тогтнол нь баталгаатай нэг ч улс үгүй. Учир нь дайн байлдаан угаасаа өөрчлөхийн төлөө байдаг. ОХУ, АНУ, БНХАУ-ын аюулгүй байдал, тусгаар тогтнол 100 хувь баталгаатай биш. ОХУ, АНУ, БНХАУ-ын аюулгүй байдал, тусгаар тогтнол 100 хувь баталгаатай биш байхад бусад нь ямар байх нь ойлгомжтой шүү дээ.
Гадаад харилцаа бол ямар ч үед улс орныхоо суурь эрх ашгийг хамгаалж, хангаж байдаг, өнгөрсөн, одоо гурван цагийг бясалгаж зам мөрөө тодорхойлдог онцлогтой салбар. Тэр тусмаа ийм эгзэгтэй цаг үед одоо цагаар мэдэгдэл хийх нь аюултай.